Баярын “наастр”
Арилжааны телевиз, худалдааны байгууллага, төр засагтайгаа ээлжлээд иргэдийн ажлыг “алах” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна уу даа гэсэн хар төрөөд байх болов.
Хөлбөмбөг гэхээр үстэй толгой нь арзайдаг байсан нэг найз маань өнгөрсөн зуны ДАШТ-ийг үзээд явж байхтай таарлаа. Тэгээд ихэд олзуурхан “Хөлбөмбөг үздэг болоо юу хө” гэж асуухад “Үгүй, гэхдээ телевизээр сурталчилсаар байгаад үзэхээс өөр аргагүй болгож байна шүү дээ” гэж хариулж билээ.
Арилжааны телевизүүд иргэдээ хөлбөмбөг үзэж зөв боловсон амарч аваг гэсэндээ бус, шар айрагны газруудын “манайд ирж хөлбөмбөг үзэнгээ шар айргаа гүзээлээрэй” гэсэн сурталчилгааг л цацсан хэрэг.
Харин төр өөрийнхөө ээлжинд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраараа дамжуулан бараг байгууллага бүрт “Цэвэр агаар, цэвэр спирт” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон.
Төр засаг минь иргэддээ яасан ч хайртай юм бэ дээ. Иргэн эх орны хишиг олгох шийдвэр гаргаж, тэр мөнгөө үрэх шалтгуудыг өмнөөс нь бодож олоод л. Өгсөн мөнгийг бүгдийг нь шахуу архинаас өгч байгааг харсан атлаа болиулахын оронд харин ч улам их уу гэж байгаа юм шиг шинэ баяруудыг гаргаж ирнэ. Тэгээд “Архиа битгий уу, сүүгээ уу” гэж хэлсэн хүнийг “Ямар чиний мөнгөөр ууж байгаа биш, шоудлаа, хүний анхаарлыг татах гэлээ” гэж ад үзэхийг яана. Яг л “Хүргэн хүү” киноны хадам ээж өдөр шөнөгүй архи ууж явдаг залууг “Энэ муу Хайдав яах вэ дээ… Эцгийгээ дуурайсан наадамч, наргианч амьтан” гэж өмөөрдөг шиг.
Тэд энэ жилийн хувьд тэмдэглээд заншчихсан Наадам, цагаан сар зэргээс гадна Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ой гэсэн хоёр баярыг ёслол төгөлдөр тэмдэглэхээр санаачлаад байгаа.
Эдгээр баяр дээр худалдааны байгууллагууд, арилжааны телевизүүдийн гаргаж ирсэн “Аавуудын баяр”, “Гэгээн Валентиний баяр”, шинэ баярууд нэмэгдээд “хөдөлмөрчид” бүтэн жилийн турш л баярын наастртай явцгаах нь. Ажлаа ч тэр хэрээр алдах нь.
Их сургуулийн оюутнууд гуравдугаар курс оруутаа “дараа жил хонхны баяраа ингэж, тэгж тэмдэглэнэ” гэж ярьсаар хоёр жилийг авдаг шиг арванхоёрдугаар сар гаруут л шинэ жил гэж хөөрцөглөн архидаад эхэлнэ. Энэ үед ажил хийнэ гэсэн ойлголт ерөнхийдөө үгүй болох ба эмэгтэйчүүд нь ямар даашинз өмсөх вэ, эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийнхээ “захиалсан” даашинзыг авах гэж гүйсээр ажил бодохтой манатай.
Энэ үед хэн ч ажил хий гэж шалахгүй, учир нь “Шинэ жил болох гээд байна шүү дээ”. Хагас сарын ажил цалгардуулдаг шинэ жилийн баяр өнгөрөв үү, үгүй юу, нарийн боов хийдэг компаниуд бүтэн сарын ажил “алдаг” цагаан сарын догдлолыг эхлүүлнэ. Ай гэж дуусав уу үгүй юу “Шоколадны өргөтгөсөн худалдаа. Манай ард түмэн “Гэгээн Валентны баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай” гээд л эхэлж байгаа юм шүү дээ. Тэмдэглэхээс. Харин маргааш нь ажил хийнэ гэдэг л хэцүү болох байх даа.
Хууль санаачлагчдад хандаж хэлэхэд тэртэй тэргүй ажил хийдэггүй юм чинь ер нь баярын өдрийн маргааш амардаг болбол яасан юм, бэ. 2012 онд мөрийн хөтөлбөртөө багтаачихаач.
Х.Батсайхан
URL:













