Засаг дарга нарын мөнгө “идэх” арга буюу явган хүний зам
-ЭНЭ ЖИЛ ЗАССАН ЗАМАА ИРЭХ ЖИЛ ДАХИАД ХУУЛНА-
Дүүргүүдийн Засаг дарга нар улсын төсвөөс мөнгө “идэх” хэд хэдэн аргатай. Үүний нэг нь явган хүний зам засварын ажил. Өнгөрсөн жил зассан явган хүний замаа дараа жил нь дахиад л шинэчлэн засна. Энэ болгонд улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарч байгаа юм. Энэ жил ч гэсэн дүүргүүдийн явган хүний зам засварын ажил энд тэндгүй өрнөж, зарим нь хүлээлгэн өгөөд байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд VII хороолол барих ажил ид өрнөж байна. Одоогоор дулааны шугам солих ажил хийгдэж байгаа юм. Бага тойруугийн гудамж буюу Хүнсний IV дэлгүүрийн урдах явган хүний замын боржуурыг хуулжээ. Энэ хавийн явган хүний замын боржуурыг өнгөрсөн жил Сүхбаатар дүүргээс 130 сая төгрөгийн төсөвтэйгөөр шинэчилсэн аж. Гэтэл энэ жил ахиад л хуулчихлаа. Түрүү жилийн зарцуулсан тэр их мөнгө салхинд хийсчихлээ л гэсэн үг. Дулааны шугам солих ажил дуусахаар дахиад л 150 гаруй сая төгрөгөөр био хавтан суулгах юм байна. Хөрөнгө мөнгө нь хүртэл батлагджээ. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд талын явган хүний замыг энэ жил 50 гаруй сая төгрөгөөр солих гэнэ. Уг нь хоёр жилийн өмнө энэ замыг шинэчилсэн юм.
Засгийн газрын ордны баруун талын замын уулзварын явган хүний замыг өнгөрсөн жилийн есдүгээр сард сольсон. Гэтэл энэ жил дулааны шугам сольж байгаа тул мөн л хуулсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хэлж буйгаар явган хүний зам засах хөрөнгө мөнгө төсөвт тусгасан байгаа талаар хэлж байна лээ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ
Энэ мэт өнгөрсөн жил суулгасан боржуураа дараа жил нь дахиад л хуулах жишиг тогтжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх үүднээс явган хүний замыг алаг хавтангаар биш саарал өнгөтэй боржин чулуугаар хийх үүрэг, уриалга гаргажээ. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар 200 гаруй сая төгрөгөөр хийсэн явган хүний замаа эргүүлэн хуулсан байна. Тэгээд 760 гаруй сая төгрөгөөр урд хөршид үйлдвэрлэсэн гялгар боржин чулуун хавтан оруулж ирэн суулгажээ. Дээрх явган хүний замыг хоёр жилийн өмнө “Цэцэг” төвийн уулзвараас Зоос гоёл хүртэлх зам засварын ажлыг гүйцэтгэж байсан “Мон агаар ” ХХК суулгаж байжээ. Мөн Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас Гэсэр сүм хүртэлх цэцэрлэгт хүрээлэнгийн замыг гурван жилийн өмнө сольж байсан. Гэтэл өнгөрсөн жил дахиад л 600 гаруй сая төгрөгөөр сольжээ. Тэгэхдээ Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг чулууны үйлдвэрээс нийлүүлсэн дөрвөлжин боржин чулуугаар хийжээ. Энэ чулуу өнгөрсөн өвөл ихэнх нь хагарчихсан аж. Дараа жил дахиад л солих юм гэнэ. Жил бүр хотын төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргуулан явган хүний зам засч байгаа талаар Засаг дарга нар ийм тайлбар өгдөг байна. “Хот тохижилтын ажилтнууд өвөл цас арилгаж байгаа юм гээд лоом, жоотуугаар балбасаар байгаад хагалчихдаг. Хавар болохоор хүн явах аргагүй болчихдог юм. Тэгээд л солих шаардлагатай болдог. Их хэмжээний мөнгө гаргаад чанартай сайн явган хүний зам тавьж болно. Гэвч эрчим хүч, дулааны шугам сүлжээний газар бидний тохижуулсан явган хүний замыг хуулаад хаячихдаг. Хоорондын уялдаа холбоо байхгүй байгаагаас ийм байдалд хүрээд байна” гэдэг аж. Дүүргүүдийн явган хүний зам засварын ажилд жил бүр тендер зарладаг байна. Тэр тендерт нь зөвхөн нэг компани ялдаг байна. Үнийн хувьд хямд, чанартай хавтан үйлдвэрлэж байгаа гэх мэт бусад компани огт ялдаггүй нь цаанаа учиртай гэх. Уг нь бол нэг метр квадрат явган хүний замыг 12 мянган төгрөгийн өртөг бүхий чулуун хавтангаар хийдэг аж. Харин тендерт ялагчдаар 18 мянган төгрөгөөр хийлгэдэг аж. Үүний учир нь тухайн тендерт ялагч, ялуулагч хоёр ихэнхдээ халаас нэгтэй, эсвэл хамааралтай байдагтай холбоотойг албаны эх сурвалж хэлж байсан.
Явган хүний зам засах төсөвт нь элс, хайрганы мөнгө ордог. Гэхдээ хуулж байгаа боржуурын доороос элс хайрга гараад ирдэг. Иймд байгаа элс, хайрган дээрээ нэмэрлэж авдаг учраас төсөвлөсөн тооцооноос чамгүй ашиг унадаг гэх. Энэ мэт өнгөрсөн жил нь хийсэн явган хүний замаа дараа жил нь дахин хийдэг шалтгааны цаана улсын төсвөөс мөнгө “идэх” арга гэдгийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид онцолж байна лээ. Тендертэй холбоотой энэ мэт хэргүүдийг тус тасгийнхан шалгаж байгаа гэсэн. Мөн аудитын газраас энэ талаар шалгалт хийж байгаа юм байна. Уг нь бусад оронд явган хүний замыг 40 жил болоод сольдог аж. Гэтэл тийм чанартай явган хүний зам манай нийслэлд тохирохгүй юм байх. Өнгөрсөн жил тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй тусламжаар Турк улсын засгийн газар Анкарагийн гудамжийг тохижуулсан. Эхлээд хайрга дэвсэж байгаад дээрээс нь бетон цутгаад дараа нь шар элс асгаж 10 см зузаан боржин чулуун хавтангаар өнгөлжээ. Тэд 60 жилийн баталгаа өгсөн гэнэ. ТҮК-ийн ажилтнуудын гарын аяыг даасан сайн чанарын явган хүний зам болсон байна. Гэтэл цахилгааны утас, дулааны шугам засна хэмээн буцалтгүй тусламжаар хийсэн явган хүний замыг хоёр газар хуулсан байна лээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН БУЛХАЙ
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр “Хөл Налайх” гэх цэцэрлэгт хүрээлэн бариад байгаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зам тавих ажилд 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан байна. Гэтэл засаг ноён шинээр зам тавихын оронд Налайхын уурхай руу явдаг оросуудын барьж өгсөн бетонон замыг хуулаад Цэцэрлэгт хүрээлэнд суулгачихсан байна. Дөрвөлжин хавтгай бетоныг нүүрсний уурхайд нүүрс зөөдөг портерийн жолооч нараар зөөлгөсөн гэдэг. Тэгэхдээ бүр замын цагдаа нарыг ч дайчилсан гэдгийг тус дүүргийн ИТХ-ын гишүүд батлан ярьж байна лээ. Б.Баяндэлгэрийг Авлигатай тэмцэх газарт шалгах болсон шалтгааны нэг нь энэ аж. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг мөн л явган хүний замыг жил болгон сольдог. Офицеруудын ордонгоос зүүн дөрвөн зам хүртэлх замын голын цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замыг гурав дахь жилдээ сольж байна. Үүндээ жил бүр тэрбум гаруй төгрөг зарцуулсан тухай хэвлэл мэдээлэлд ярилцлага өгдөг.
Э.ХҮРЭЛБААТАР
”Өдрийн сонин”
URL:













