Японы гамшиг дэлхийн эдийн засгийг хямруулахгүй
Японд болсон газар хөдлөлтийн гамшиг тус улсын эдийн засгийн өсөлтөд түр хугацаанд нөлөөлж, сэргээн босголт өрнөж эхлэхэд өсөлтийн хурд энэ оны дунд үед ердийн хэмжээнд хүрнэ” хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засагч Викрам Неру хэлэв.
Тэрбээр өөрийн хариуцсан бүсийн улс орнуудын төлөөлөгчидтэй онлайнаар холбогдож, жилд хоёр удаа гаргадаг эдийн засгийн тоймоо танилцуулж, шууд ярилцлага хийх үеэр ийн хэлсэн юм.
Энэ үеэр Монгол, Хятад зэрэг ихэнх улсын төлөөлөгч Японд болсон гамшиг бүс нутаг, улс оронд нь хэрхэн нөлөөлөх эсэхийг тодруулж байсан юм. Ерөнхийдөө тус улсад тохиолдсон гамшиг Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй аж. Гэхдээ атомын цахилгаан станцуудад нь үүссэн бэрхшээл ямар байхаас шалтгаалж цаашид хүндрэлийн зэрэг тодорхойлогдох гэнэ.
Өөрөөр хэлбэл, цөмийн гамшиг бий болохгүй бол дэлхийн эдийн засаг богино хугацааны энэхүү сорилтыг даваад гарчих бололцоотой аж.
Япон автомашин, электроникийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тул энэ чиглэлийн бүтээгдэхүүний тасалдал бэрхшээл дагуулах эрсдэлтэй гэсэн.
Санхүүгийн хувьд Зүүн Азийн урт хугацааны өрийн дөрөвний нэг нь иенээр байгаа аж. Тухайлбал, Хятадын өрийн найман хувь иенээр байхад, Тайландад 60 хувь байх жишээтэй. Японы иений ханш нэг хувиар чангарахад энэ нь Зүүн Азийн хөгжиж буй орнуудын иенээр тооцсон хөрөнгөтэй холбоотой жилийн өрийн хэмжээг нэг тэрбум орчим ам.доллараар нэмэгдүүлнэ гэсэн уг аж. Үүнээс гадна Ливид өрнөж буй үйл явц газрын тосны үнийн өсгөж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд тодорхой нөлөө үзүүлж буй аж.
Хэдийгээр Японд газар хөдөлж гамшиг нүүрлэсэн нь харамсалтай үйл явдал ч үүний дараах сэргээн босголттой холбоотойгоор дэлхийн зах зээл дээр зэс, төмөр зэрэг ашигт малтмалын үнэ өсч манай улсын төсвийн орлогод эерэгээр нөлөөлж магадгүй гэсэн таамаглалыг зарим эдийн засагч хэлж байна.
Энэ талаар Дэлхийн банкны төлөөлөгч Викрам Неругаас тодруулахад “Японд металлын эрэлт өснө. Гэхдээ үүнийг дагаад дэлхийн зах зээл дээр энэ төрлийн ашигт малтмалын ханш их өсөхгүй болов уу” гэв. Тэрбээр нэмж манай улсыг төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсныг сайшаагаад гол нь хуулиа хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон юм.
Цаашид дэлхийн эдийн засагт тулгарч буй гол бэрхшээл нь хүнсний эрэлтээс үүдэлтэй инфляцийн өсөлт хэмээн Дэлхийн банкныхан анхааруулж байна. Ихэнх улс орон хөдөө аж ахуйн салбарт төдийлөн ач холбогдол өгдөггүй аж. Иймээс цаашид энэ хандлагаа өөрчлөх шаардлагатайг сануулаад зарим улс хүнсний экспортоо хязгаарлаж байгааг шүүмжилсэн.
Юуны өмнө хүнсний хомсдол нь ядуу иргэдэд нөлөөлөх тул богино хугацаанд бүтээгдэхүүний үнийг хянах, дунд хугацаанд тариаланчдыг дэмжих замаар үйлдвэрлэлийн зардлыг нь бууруулах арга хэрэгслийг хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөсөн.
Г.Батзориг http://niigmiintoli.mn/
URL:













