Нүүрсний нөөцөөрөө эхний 10-т багтдаг
Ашигт малтмалын газрын судалгаагаар манай улсад нүүрсний 15 сав газар, гурван талбайд хамаарагдах 300 гаруй орд, геологийн таамаг нөөц 162.3 тэрбум тонн гэж тогтоогдсон ч энэ нөөцийн хэмжээ цаашдаа өсөх магадлалтай гэж үздэг. Манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг бөгөөд ихэнх аймаг, бүсийн түлш эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь нүүрс хэвээр байна. Нүүрс манай орны нутаг дэвсгэрт харьцангуй жигд тархсан байдаг ба нутгийн зүүн, төвийн бүсүүдэд хүрэн нүүрс, говийн болон баруун бүсүүдэд коксжих болон чулуун нүүрс зонхилж тархсан байдаг байна. Одоогийн байдлаар Монгол орны хэмжээнд нийт 123 аж ахуйн нэгж 172 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс 105 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд 50 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн нийт олгогдсон 172 тусгай зөвшөөрлийн 39 нь Налайх дүүрэгт байдаг нь олборлолт хийж буй уурхайнуудын 37 хувийг эзэлдэг. 2005 оныг хүртэл нүүрсний хэрэглээнд дулааны цахилгаан станцуудын буюу эрчим хүчний хэрэглээ зонхилж байсан бол сүүлийн жилүүдэд нүүрсний олборлолтын хэмжээ эрчимтэй нэмэгдэж экспортын хэмжээ нүүрсний үйлдвэрлэлд зонхилох хувийг эзлэх болжээ.
URL:




