30 тэрбумын хөрөнгөтэй Д.Зоригт 17 компанийн хяналтын хувьцааг гартаа атгадаг
Монголын хамгийн нууцлаг агаад хамгийн том баячуудын нэг бол УИХ-ын гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Зоригт. Түүний хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 30 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Батхүү, “М-Си-Эс”-ийн ах дүү “Од” нарын нэгэн адил хэвлэлээр түүний тухай мэдээлэл гарах нь ховор. Тэр ч бүү хэл “Монгол шуудан” банк нь дампуурлаа зарладгийн даваан дээр ирээд байхад ч хэвлэлээр Д.Зоригтын тойрсон мэдээ гарсан нь үгүй. УИХ-ын гишүүн Д.Зоригт “Номаранг”-ийн маргааныг өдүүлж байсан түүхтэй. Тэрбээр “Монгол шуудан” банкныхаа шугамаар тус компаниас 120 сая ам.доллар завшсан байдаг. Д.Зоригт гишүүний байгуулсан “International School” дунд сургууль нь Монголын хамгийн өндөр үнэтэй сургууль. Баячуудын хүүхдүүдийг тусгай харуул хамгаалалт дор сургадаг энэ сургууль рүү энгийн нэг иргэн хүүгээ хөтлөөд шагайх боломжгүй. Түүний өнгөрсөн 20 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум төгрөгийнх нь ард Төрийн өмчийн хорооны даргын албан тушаал, улстөрчидтэй халаасаа нэгтгэсэн эрх ашиг, хилийн чинадаас импортолсон луйвар, жирийн иргэний хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн олз ашгийг нууцаар наймаалах арга ухаан нь нуугдаж байгаа гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсаар байна.
“Одод” ХХК
Тус компанийн үйл ажиллагаа тодорхой бус. Гэхдээ Баянхонгор аймгийн Галуут сумын 60 га талбай бүхий Бухат хэмээх газарт Одод ХХК нь ашиглалтын 741А тоот лицензийг 1997 онд Ашигт малтмалын газар /АМГ/-ын Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн хэлтсээс авч алт олборлож байгаад нөхөн сэргээлт хийлгүй орхиж, энэ хэрэг шүүхээр хүртэл шийдвэрлэгдэж байсан гэнэ. Мөн үүнээс гадна 1995 онд Адуунчулуун ХК-ний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх явцад лиценийн талбайн хилийг багасган, үлдсэн талбайг орон нутгийн эдэлбэр газарт авчээ. Үүнтэй давхцуулж “Одод” ХХК мөн л тусгай зөвшөөрөл гаргуулж авсан хэргээр шүүхэд дуудагдаж байжээ. Уул уурхайн бизнес эрхэлдэг энэ компани УИХ-ын гишүүн Д.Зоригтын орлогод томоохон хувь нэмрээ оруулдаг гэсэн.
“Асу” ХХК
Мөн л үйл ажиллагааны хүрээ тодорхой бус. Ямартай ч тус компанийнх нь 10 хувийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамтран эзэмшдэг гэсэн мэдээлэл л чих дэлсэж байна.
“Орхон булаг” ХК
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ компани 1994 онд хувьцаагаа борлуулж эхэлсэн. УИХ-ын гишүүн асан Д.Зоригт тус компанийн 201442 ширхэг хувьцаа буюу хяналтын багцыг бүрэн эзэмшдэг. Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулдаг энэ компани газар тариалан эрхэлдэг, сүүний томоохон фермтэй.
“Орхон хөгжил” ХК
Мөн л Сэлэнгийн Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулдаг. Орхонтуулын Сангийн аж ахуй хувьчлагдаж, хоср хэсэг болж, хувьцаа гаргах үед Д.Зоригт гишүүн өөрийн болгож авсан гэнэ. Тус компанийн 36905 ширхэг хувьцаа Д.Зоригтод бий.
“МИГ даатгал” ХХК
1997 онд байгуулагдаж, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авснаас хойш Монголын даатгалын зах зээл дээр 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа. Монгол орны 21 аймагт салбар, 240 гаруй суманд өөрийн төлөөлөгчийн газрыг нээн үйл ажиллагаа явуулж байна
“Гермес” ХК
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтын өмч болох “Гермес центр” ХХК-ийг 2009 онд хувьцаат компани болгохдоо Дархан, Эрдэнэтэд тус бүр 4000 ам.метр талбай бүхий барилгын материалын худалдааны төв барих нэрийдлээр 2.3 тэрбум төгрөгийн хувьцаа гаргаж байжээ. Гэвч “Гермес центр” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох иргэн Д.Зоригтын өмчлөлд 38 205 800 ширхэг энгийн хувьцаа байдаг. “Гермес центр” ХК нь Дархан, Эрдэнэтэд ямар ч газаргүй, 2.3 тэрбум төгрөгийг хууль бусаар ашигласныг тогтоосон байна.
Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн дээрх мөнгөөр “Монгол шуудан” банкнаас урт хугацаагаар авсан зээл болох нэг тэр¬бум төгрөгийн өрөө дарж, мөн богино хугацааны зээлээ ч тэглэсэн гэдэг мэдээлэл байна.
“Кимон” ХХК
Монголын тэргүүн баячуудын нэг Д.Зоригтын нэр дээр байдаг ихэнхи компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг, хэдийн хэрийн ашиг орлого олдог нь тодорхой бус байх юм. Ямартай ч “Кимон” ХХК гэгч энэ компанийн 4200000 ширхэг Д.Зоригт гишүүний халаасанд байдаг гэнэ.
“Хайлааст” ХК
2000 онд. Алтны уурхайн нийт дүрмийн сангийн 97.5 хувийг ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Алтан Дорнод Монгол” компани 1 тэрбум 383.4 сая төгрөгөөр авчээ. Битүүмжилсэн дуудлагын худалдаанд гадаадын хөрөнгө оруулалт оруулсан анхны худалдаа боловсон гэнэ. Энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь мөн л Д.Зоригт.
“Багануур” ХК
Багануур ХК нь Монгол улсдаа хамгийн их хүчин чадалтайд тооцогдох, дэлхийн тэргүүний техник, технологитой, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн 60%-ийг дангаараа хангадаг нүүрсний ил уурхай юм. “Багануур” ХК нь анх 1978 онд 200.0 мян.тн нүүрс олборлох хүчин чадалтай “Багануурын нүүрсний түр уурхай” нэртэйгээр гараагаа эхэлж байсан бөгөөд эдүүгээ 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, уул уурхай, сувилал, зочид буудал зэрэг салбаруудад нийт 1300 хүн ажилладаг. Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа тус уурхайн цөөн хувьцаа байдаг гэж ярьдаг юм билээ. Гэвч тодорхой бус байна. Үүнээс гадна түүний мэдэлд “Эф Эйч Ди” ХХК, “Эм Си Эс Цамхаг” ХХК, “Нэмнэ” ХХК, “Реалтор” ХХК, “Мэдуб” ХХК, “Новиза” ХХК, “Хайлааст” ХК, “Багануур” ХК, “Интернэшнл медикал сентер” ХХК, “Интернэшнл текникал коллеж” ХХК-ны хувьцаанууд байдаг аж.
URL:













