Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд олон улсын зөвлөхүүдийг авч ажиллуулах нь зүйтэй
Монгол улсын Засгийн газар, гадаад түншүүдийн техникийн уулзалтын үеэр болох хэлэлцүүлэгт зориулан төсөл хэлбэрээр “Монгол улсын ашигт малтмалын салбар-гол асуудлууд” нэртэй боловсруулсан бичиг баримтанд Оюутолгойн асуудлаар хөндөгджээ.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр тохиролцоонд хүрч эцэслэхийн тулд уул уурхайн томоохон тохиролцоо хийж байсан туршлагатай олон улсын зөвлөхүүдийг авч ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Зөвлөхүүд гэрээний төсөл шударга байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, төр, хөрөнгө оруулагч хоёрын цэвэр орлого хуваах хувийг тогтоох, энэхүү хувийг олон улсын хэм хэмжээтэй харьцуулж дүгнэлтээ гаргах ёстой.
Түүнчлэн, төрийн зүгээс өгч буй амлалтуудын хувьд гэрээний тогтвортой байдалд үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Ийнхүү үнэлэлт дүгнэлт гаргуулснаар Оюутолгой төслийн талаар бүрэн мэдээлэлтэй шийдвэр гаргах үндэс бүрдэж олон нийтийн хэлэлцүүлэгт мэдээлэл болох бие даасан дүгнэлттэй болно.
Гэрээг тохирч эцэслэн уурхайн ашиглалтын эхлүүлэх нь Монгол улс хувийн хэвшлээр манлайлуулсан уул уурхайн хөгжлийн төлөө хатуу зогсож байна гэсэн хүчтэй дохиог бусад хөрөнгө оруулагчдад өгч хөрөнгө оруулагчийн итгэлийг бататгана гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Цаашилбал, ашигт малтмалын бусад төслүүд, тэр дундаа Тавантолгойн төслөөс илүү их үнэ цэнэ хүргэх боломж төрд бий болно гэж үзжээ.
Тус шийдвэр нь тодорхой ойлгомжтой байгаа хэдий ч УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа саналын дагуу “Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах үгүй эсэх талаар” бүлгийн мэтгэлцээнийг хийж гэрээний асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагтай байгааг онцлох хэрэгтэй байгаа юм.
Ч.Ариунтуяа
CMIC
URL:













