Бид зальтай юу, эсвэл тэд үү
Биднийг урд хөршийнхөн туйлбаргүй хэмээн тодотгодог бол хойд залгаа улсынхан маань зальтай гэж цоллодог тухай онигдоо ч хүртэл гарчээ. Учрыг тунгаавал манай хууль эрхзүйн орчин тогтворгүй, цаашлаад нэг намын үзэл суртлаар эх орныхоо амьдралыг залгуулдаг гээд урд хөршийнхөнд ийнхүү нэрлэгдсэн хэрэг.
Зүй нь гэрээ, хэлэлцээ хийхээр явдал суудал болж, асуудал шийдэгдэх шатанд хүрэхийн даваан дээр дараагийн нам засгийн эрхэнд гарч, хууль зүйн орчныг танигдахгүй болтол нь өөрчилдөг юм байх. Иймээс л туйлбаргүй монголчууд гэсэн тодотгол хүлээх болсон дэг. Харин хойд хөршийнхөө хайрласан цолыг аль соц нийгмийн үеэс хүртсэн гэх шив.
Учир нь бид энэ хөршөөсөө авахаа мэддэг ч өгөхөө мартчихдаг юм байх. Хөөрхий тэд манай томоохон орд газарт хөрөнгө оруулалт хийж, хэзээний энх тайван МИР байя гэвч сайхан мэдээ дуулгаад, тэгсхийгээд цааш хардаг гэнэ. Тиймээс л бидэнд зальтай гэсэн тодотгол зүүсэн дэг шүү. Гэхдээ ч энэ онигдоог хэн гэгч эрхэм хэзээ гаргасан нь бүү мэд.
Ямартай ч жиргээчдийн буланд шигтгээ болгон хэрэглэгдсээр байгаа юм. Тэгэхээр улиран одож буй энэ оны отгон сард Н.Алтанхуягийн танхимынхан төр барьсан цагаасаа хойш анх удаа хойд хөршийн Засгийн газрынхантай нэг ширээний ард сууж, улаан нүүрээрээ уулзлаа. Энэхүү хурлаар хоёр орны хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудал багтаж, “сайн, муугаа” ярилцсан.
Энэ дундаас ОХУ-ын Засгийн газраас тодорхойлсон таван асуудал, манай талаас дэвшүүлсэн хоёр асуудлыг онцлон хүргэе. Гэхдээ улс төрийн хүрээнийхний “цайны хачираар” манай луухгарууд хойд хөршийг гуйсан, аргадсан байдалтай байсан бол ОХУ-ын талаас салбар бүрт нөлөөгөө өргөтгөх, оролцоогоо нэмэгдүүлэх хүсэл уламжилсан мэдээтэй.
Тухайлбал, шатахууны асуудалд “иван” ах нар хатуу байр суурь барихаа илэрхийлсэн гэх шив. Гэтэл өнөөг хүртэл хуучнаар ЗХУ- ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд буюу Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудад хөршийнхөн маань шатахууныхаа үнийг хямдруулж, дундаж үнээс дор хаяж 100 ам.доллараар доогуур үнээр нийлүүлдэг гэнэ.
Харин манай улсад дэлхийн зах зээл дэх дундаж үнээс даруй 200-300 ам.доллараар илүү ханшаар нийлүүлдэгийг салбарынхан онцолж байна. Гэвч энэхүү бодит байдлыг уг хурлаар шийдвэрлэж чадаагүйгээр үл барам харин ч ОХУ- ын зүгээс “Энэ бол бизнес шүү дээ” гэсэн хариултаар манайхны амыг тагласан юм байх. Тиймээс бид шатахууны тал дээр хойд хөршийг “буяны гар”-аа сунгана гэж найдалтгүй боллоо.
Харин хоёр улсын хооронд байгуулсан 1949 оны төмөр замын гэрээг сунгах уу, шинэчлэх үү гэдэг бас л эргэлзээтэй үлдлээ. Шинээр баригдах 1800 км төмөр замын ажилд ОХУ-ын эзэмшлийн хувь хэмжээ “1949 оны төмөр замын гэрээ”-ний дагуу 50 хувьтай байлгахыг ОХУ-ын Засгийн газар хүсчээ. Өөрөөр хэлбэл, шинээр баригдах төмөр замын тал хувь тэдний мэдэлд очино гэсэн үг.
Харин манай улсын хувьд, 1949 оны тэрхүү гэрээг шинэчлэх хүсэлтээ хэдэнтээ илэрхийлээд ч тусыг эс олсон. Ямартай ч энэ удаагийн хурлаар асуудлыг нэг мөр болгож чадсангүй. Цаашлаад, ОХУ-аас манайд тавьсан нэг санал нь Тавантолгойн гэрээнд хөрөнгө оруулалт хийх хүсэл илэрхийлсэн сурагтай. Үүнд ч буруу юу байх вэ. Тэгээд ч тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гадны хөрөнгө оруулагчдын хэтэвч шаардлагатай байгаа.
Гэвч шаргал ордныхны “цайны хачираар тус ордод инж тавих улс орны нэр томчуудын ханцуйнд тодорсон дуулдана Тэгэхээр бид Орос ах нарын хувьд дахиад л зальтай хөрш болж таарах нь уу, яах нь. Уулзалтын талаарх бас нэгэн чих дэлссэн таагүй мэдээ бол манай улсын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр, “Мон Росцветмет”-ийг хөршийнхөн маань авах хүсэлтээ илэрхийлсэн сурагтай.
Манай хоёр улс энэхүү үйлдвэрүүдийг 51:49 гэсэн харьцаатай эзэмшиж, дарга удирдлагаа ээлжлэн томилсоор өнөөг ирсэн. Гэвч энэ удаад ОХУ-с бүтээн байгуулж, босгосон эдгээр үйлдвэрээ өөрийн эзэмшилд авахөө мэдэгдсэн гэх. Хэрвээ үнэхээр энэ мэдээлэл бодит байж, бүр цаашлаад үйлдвэрүүд тэдний гарт шилжихэд хүрвэл манай улсын төсвийн сан хөмрөг бас л хэцүүднэ дээ.
Гэхдээ манай зүгээс ямар хариулт, тайлбар хэлсэн нь тодорхой бус байна. Харин чихэнд чимэгтэй таатай мэдээ гэвэл манай дулааны цахилгааг станцуудын үйл ажиллагаан дахь ОХУ-ын оролцоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан гэнэ шүү. Тэр ч бүү хэл гурав болон дөрөвдүгээр цахилгаан станц засвар үйлчилгээ, шинээр баригдах тавдугаар цахилгаан станцад өөрийн компанийг оролцуулна хэмээн мэдэгдсэн юм байх.
Гэхдээ энэ талаар, шинэ станц барьж өгчихөөд бас л түүхээ давтан өөрийн мэдэлд авна хэмээн давшилвал асуудалтай л юм. Юутай ч энэ бүхнээс харахад, хойд хөршийнхөн бидэнд зальтай гэсэн алдар зүүдэг байсан цаг ул болсон юм биш үү…
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:






