Н.Энхбаярыг хамгийн хүнд нөхцөлтэй шоронд шилжүүлсэн гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн ням гарагийн 21 цагийн орчимд хорих 441 дүгээр анги руу шилжүүлжээ. Түүнийг ийнхүү Дамжин өн­гөрүүлэх 401 дүгээр ангиас 411 рүү яаран шилжүүлсэн нь өлсгөлөн зарлаж байгаа эхчүүдтэй холбоотой гэж намын зарим нөхөд нь үзэж байгаа аж. Тиймээс 441 дүгээр хорих анги руу шил­жүүлснийг эсэргүүцэж байна. Н.Энхбаярыг яагаад заавал 441 дүгээр анги руу шилжүүлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны мэр­гэжилтнээс тодруулахад “Хо­рих 401 дүгээр анги бол дам­жин өнгөрүүлэх анги. Өөрөөр хэлбэл ялтны хорих ангийн харьяаллыг тогтоох хүр­тэл түр тус ангид байлгадаг юм.

 

Тиймээс Н.Энхбаярыг 441 дүгээр анги руу шилжүүлсэн байх. Яагаад 441 дүгээр ангид шилжүүлснийг сайн мэдэхгүй байна. Ер нь Н.Энхбаярын талаарх мэдээллийг өгөхгүй байгаа” гэв.

Харин УИХ-ын гишүүн З.Баян­сэлэнгэ “Би өчигдөр (уржигдар) энэ талаар сонслоо. Ням гарагийн орой түүнийг гэнэт 441 дүгээр анги руу шилжүүлсэн байна.  Байнгын хорооны хуралдаантай байсан учраас яагаад өөр анги руу шилжүүлсэн талаар мэдээлэл авч чадаагүй байна. Хорих 441 дүгээр анги бол чанга дэглэмтэй хорих ангид ял шийтгүүлсэн хоригдлууд дэглэм буурч хоригддог газар. Тиймээс түүнийг ийм хүнд нөхцөлтэй хорих анги руу шилжүүлснийг үнэхээр гайхаж байна. Н.Энхбаяр даргын биеийн байдал муу байгаа. Өөрөө эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй бай­гаа учраас биеийн байдал нь улам бүр дордож байна. Саяхан хорих ангиудын нэгдсэн эмнэлгийн эмчийн хүсэлтээр даргын биед үзлэг хийсэн. Нарийн мэргэжлийн зургаан эмч үзлэг хийж түүнд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байсан. Одоогийн байдлаар даралт нь байнга хэлбэлзэж хэзээ мөдгүй уначихаж магадгүй байна. Манай улсад өмнө нь Н.Энхбаяр дарга шиг олон хоногоор өлсгөлөн зарлаж байсан хүн байхгүй болохоор өлсгөлөнгийн дараах шокноос яаж гаргахыг мэддэггүй. Ер нь надад түүнийг нөхцөл гайгүйтэй шорон руу шилжүүлэхгүй яасан юм бол гэж бодох сөхөө алга. Угаасаа шорон л бол шорон шүү дээ. Харин дарга шиг биеийн байдал нь дордсон хүнийг ингэж яаран шорон, тэр тусмаа хүнд нөхцөлтэй шорон руу шилжүүлж байгааг ойлгохгүй байна” гэв.

 

ӨЛСГӨЛӨН ЗАРЛАГСДЫН ЗАРИМ НЬ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж үзэн энэ сарын 9-ний өдөр долоон эх өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлаж буй эмэг­тэйчүүдийн хоёрынх нь биеийн бай­дал өчигдөр муудан Сүхбаатар дүүр­гийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн эхчүүдийн биеийн байдал сайжирсан учраас өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр бол­сон байна. Мөн тэдний нэг нь эм­нэлэгт шинжилгээ өгсөн гэнэ.

Нойтон өлсгөлөн зарласан эх­чүүдтэй хоёр хоногийн өмнө дөр­вөн эмэгтэй нэгдсэн бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй бай­гаа аж. Өлсгөлөн зарлаж бай­гаа эмэг­тэйчүүдийн олонхи нь суурь өвчтэй учраас эмнэлгийн бай­гууллагаас өлсгөлөн зарлахыг зөв­шөөрөөгүй юм. Гэсэн ч тэд эмч мэр­гэжилтнүүдийн хоригийг үл тоон ийнхүү өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна.

Мөн алдарт эхийн одонтой эх­чүүд өчигдөр Хууль зүй дотоод хэргийн яамны гадна жагсаж сал­барын сайд Х.Тэмүүжинд шаардлага хүр­гүүлэхээ мэдэгдсэн. Тэд улс төрийн хэлмэгдүүлэлтээ нэн даруй зог­соо, МАХН-ын дарга Н.Энхбаярыг яаралтай клиникийн нэгдсэн хоёр­дугаар эмнэлэгт эмчлүүл гэсэн шаард­лагыг гаргаад байгаа юм. Ха­рин Х.Тэмүүжин сайд шаардлагыг нь хүлээн авснаар тэдний жагсаал хойшиллоо. Түүнчлэн өчигдөр МАХН-ын байранд зарим иргэн өлсгөлөн зарлаж буй эхчүүдийг дэмжиж аавуудыг өлсгөлөн зарлахыг уриалж байв.

 

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих