Төрийн өмчийг өөрийн болгосон томчуудын тухай цухас баримтууд

851ЭЖУЖЖЖЖЖЖ1990-ээд оноос өмнө Монголын төр юм юмтай байв. Махны, тарианы, талхны, гутлын, хувцасны, архины, ундааны, бензиний гээд салбар салбарт үйлдвэр байгуулан бүтээн байгуулалт өрнөж, тэднийгээ ч зангидсан гар шиг захирч зандарч чаддаг байлаа. Гэвч ардчиллын шуурга дэгдэснээр эдгээр үйлдвэрийн ихэнх нь дампуурч үлдсэн хэсэг нь хувийн мэдэлд очоод буй юм. Одоо төрд “Эрдэнэт”, МИАТ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд ашигтай гэхээсээ илүү алдагдал дагуулсан гэх хэл аманд дарлуулсан хэдхэн компани л үлдээд байгаа.

Нэгэн үе төрийн мэдэлд байж ашигтай ажиллаж байсан гэх компаниуд өдгөө хэний өмч болсон хийгээд тэдний хувь заяаны талаарх мэдээллийн заримыг товчлон хүргэж байна. Уншигч танд сануулахад доор бичсэн улсын үйлдвэрийн газрууд бүгд ямар нэг “но” дагуулан хувьчлагдсан юм билээ.
“МАХ ИМПЕКС”, “ТАЛХ, ЧИХЭР” БАС “БАЯНГОЛ” РЕСТОРАНЫ ИХ ХУВЬ ЗАЯА
Үүнийг уншаад уншигч та хэний өмч болохыг мэдсэн байх. Мэдээж энэ бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хувьчилж авсан гэх үйлдвэрүүдийн жагсаалтын эхлэл нь. Улс төр, бизнесийн хүрээнийхэн ярьдаг юм, Х.Баттулга сайдыг. “Мань хүн төрийн өмчийг хувьчилж эхлэх үеэс хувьчлалын хамгийн том тоглогч нь. Магадгүй өмч хувьчлалын загалмайлсан эцэг нь ч гэж хэлж болох байх” гэж. Энэ ч үнэний хувьтай бөгөөд үүнийг дараах баримтуудаас харж болно. Х.Баттулга сайд 1999 онд “Мах импэкс”-ийн 51 хувийг 1.954 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл байна. Хамгийн гол “но” нь тэрбээр дээрх үйлдвэрийг худалдаж авахдаа Төрийн өмчийн хороотой хуйвалдсан байж болзошгүй бөгөөд албаны хүмүүс энэ тухай “Х.Баттулга дээрх үйлдвэрийг УИХ-ын эцсийн шийдвэр гарахаас өмнө хувьчилж авсан. Төрийн өмчийн хороо ч тодорхой бус шалтгаанаар УИХ-ын шийдвэрээс өрсөн тус үйлдвэрийг түүнд хувьчилсан яах аргагүй анхаарал татдаг” хэмээн өгүүлсэн байдаг юм билээ. Х.Баттулгын хувьд “Мах импэкс”-ийг хувьчилж авахаасаа өмнө “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлын хувьцааны 50 хувийг өөртөө цуглуулж чадсан бас түүний эзэмшилд байдаг “Талх чихэр” компанийг ч тэрбээр шударга бус замаар гартаа оруулсан гэх таагүй хэл аманд өртдөг юм.
НУТГИЙНХНЫХАА ХАЯЛГААР АПУ-ТАЙ БОЛСОН Г.БАТХҮҮ
Монголчуудын архи, пивоны хэрэглээг дангаараа шахуу хангадаг үйлдвэр бол АПУ. Эзэн нь УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү. Эх сурвалжууд түүнийг эл үйлдвэрийнхээ 49 хувийг намын анд Х.Баттулгаасаа худалдаж авсан гэх. Харин өөр нэг хэсэг нь Төрийн өмчийн хорооны даргын суудлыг З.Энхболд, Д.Сугар гээд өвөрхангайхан өмчилсөөр ирсэн. Иймдээ ч тэд жалга довны үзэл гарган төрийн өмчийг хувааж халаасалсан. Үүний жишээ нь архи, пивоны томоохон үйлдвэр болох АПУ компанийн хувьчлал. Дээрх эрхмүүд ТӨХ-ны даргын суудалд заларч байх даа уг үйлдвэрийг Г.Батхүүд хувьчилсан хэмээн хатуу үгийг сэм илгээдэг юм билээ. Олны үг ортой гэдэг шиг дээрх мэдээллийн аль аль нь ортой. АПУ өдгөө сайн ажиллаж байгаа. Улс төрд нэр нөлөөтэй эзэнтэй, хүчтэй болсны хүчинд ашиг орлого ч бас арвин байдаг биз. БИЕ НЬ ЖИЖИГ Ч,
БЭЛЧЭЭР НЬ ТОМ НӨХӨР
УИХ-ын дарга З.Энхболдыг манай нэг сэтгүүлч “Бие нь жижиг ч бэлчээр нь том нөхөр” хэмээн томьёолж байсан удаатай. Ардчиллын буянаар Төрийн өмчийн хорооны даргаар хоёр ч удаа улиран сонгогдож, УИХ-ын гишүүнээр гурав, намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар нэг, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй түүнд энэ нэр яах аргагүй оносон. Үнэндээ түүнийг олон нийт төрийн алба хашиж байсан төрийн хүн гэхээс бизнес ухааныг нь бараг л гадарладаггүй байх. Тэгвэл З.Энхболд дарга энэ салбарт тун ч адтай. Ямартайдаа л тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Геологийн төв лабораторийн өндөр байрыг хувьчилж авсан бөгөөд өдгөө уг барилгынхаа өрөө бүрийг аж ахуйн нэгж компаниудад хөлслөн ашиг олдог гэж байх вэ.
ЭЗЭНДЭЭ ГАЙ ДУУДСАН “ӨРГӨӨ”-ГИЙН ХУВЬЧЛАЛ
Нийслэлийн удирдлагуудын урилгаар ирсэн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх үүрэгтэй байсан “Өргөө” зочид буудал 1995 онд байгуулагдаж байсан түүхтэй. Гэвч хотын А зэрэглэлийн бүст буюу Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчид харьялагддаг уг буудал олны анхаарал татаж 2007 онд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хувьчлагдсан байдаг юм. Харин хувьчилж авсан буюу хууль бусаар хувчилсан гэх эрхмүүдээр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүний туслах мөн мөн тухайн үед НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарын нэр холбогддог юм. Хэвлэлүүдээр энэ тухай янз бүрийн мэдээлэл цацагддаг бөгөөд хууль хяналтын тогтоосон үнэн гэвэл Төрийн өмчит үйлчилгээний газар (ТӨҮГ)-ыг ямар ч тендер зарлалгүйгээр, НИТХ-ын тогтоолоор “Хар дун” компанитай нэгтгэж хамтарсан компани байгуулсан хэмээн буруутгадаг юм билээ. Өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ болон хэд хэдэн хэрэгт буруутнаар нэрлэгдэн “аавын хаалга” татаад байгаа билээ. Төр өөрийн мэдэлд байх өмчөө хувьчилсан цөөн тохиолдлыг дээр дурдлаа. Үүний цаана “Говь” компани, “Хадгаламж” банк, “Худалдаа хөгжил” гээд олон банкны хувьчлал сөхөгдөнө.
Мөн “НИК” ХК-ийн хувьчлал байна. Хэдийгээр “Петровис”-ийн ерөнхий захирал хатагтай Ж.Оюунгэрэл 2002 онд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Манай компани НИК-ийн хувьчлалд оролцохгүй. Элдэв хардлагаа зогсоо” хэмээн мэдэгдэж байсан ч тэрбээр өдгөө энэ компанийг толгойлоод л явж байгаа билээ.
 
Л.ОЮУНГЭРЭЛ Өдрийн шуудан сонин 2012.09.20

URL:

Сэтгэгдэл бичих