Тэрбумтнуудаас мөнгөө нэхье
Би уг нь тийм атаач, жөтөөч “амьтан” биш л дээ. Хүн өндөр албан тушаал хашиж, их цалин пүнлүү авч л байг. Тэгээд надаас болон бид бүгдээс илүү амьдарч байг. Хамаа алгаа. Тэр ямар миний авдаг хэдээс авч байгаа биш, миний өвөр түрийг ухсан биш. Ингэж боддог. Тэгж л амьдарч ирлээ.
Гэтэл саяхан төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг гээч юм сонинд нийтлэгдсэнийг үзээд аазгай бузгай сайн хөдөллөө. Сэтгэлд нэг том хар юм хөндөлдчихөөд өөр юм бодох ч зав өгөхгүй шинжтэй.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, хот, аймгийн засаг ноёд гээд ямар баян феодлууд юм бэ. Ингэж хэлэхээр “Бид яагаад их хөрөнгөтэй, мөнгөтэй байж болдоггүй юм” гэж загнах биз. Түүнийг нь ч мэдэж л байна. Яах вэ загнаг.
Тэгвэл надад бас хэлэх үг байна. Баян феодол болчихоод байгаа эрхмүүдийн хэлэх үг тодорхой. “Зах зээлийн үед хэн хөдөлмөрлөнө, тэр хүн баяжиж, сайхан амьдарч болно биз дээ. Би хөдөлмөрлөөд л ийм хөрөнгө хуримтлуулсан гэх”. Ингэж л хэлнэ. Шал худлаа. Тэд мөнгө тариагүй бас үйлдвэрлээгүй. Чин үнэнийг хэлэхэд бусдын хөрөнгөөр л баяжсан шүү дээ. Яахав зарим нь гадаадынханд долигнож байж хөрөнгөнөөс нь хумсалсан юм бий байх. Дийлэнхийг нь миний гэж данслуулж бүртгүүлээд байгаа тэр их хөрөнгө мөнгө Монгол Улсын юм.
Монгол Улсын юм гэдэг маань нийгэмд баялаг бүтээж буй ард түмний хөрөнгө. Тэгэхлээр олны бүтээсэн баялгийг татвар нэрээр хуримтлуулж авчихаад л өнөөгийн төрийн тэрбумтнууд болчихоод байгаа юм шүү дээ.
Татвар төлөгчид төрийнхнийг тэжээж байгаа. Тэжээврүүд зүгээр нэг хэрэгцээгээ хангаад боллоо гэдэг бол бас яахав. Аваад л байна, идээд л байна. Цадна гэж байдаггүй юм шиг.
Хармагц атаа хөдөлгөөд байгаа тэр хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд бараг бүгдийн орлого, хадгаламж нь өнгөрсөн жилийнхээс эрс өссөн байх юм.
Өндөр тушаалын зөөлөн суудалд хөдлөхгүй, халагдахгүй бат гэгч нь суугаад байхаар орлого нэмэгдээд байдаг гэдэг нь тун хачирхалтай. Гэтэл цаана нь жинхэнэ хөдөлмөрлөөд байгаачуудынх өсөх биш хорогдох жишээтэй. Уг нь жинхэнэ хөдөлмөрлөж байгаа нь л баян байх учиртай.
Хүн амын дийлэнх хэсэг солих гуталгүй байхад төрийнхөн хувьдаа 3-4 машинтай, мянгат малчнаас ч илүү арван азарга адуутай, мөн арав, хорин газрын хувьцаа эзэмшигч байх юм. Батлан хамгаалахын сайд Л.Болд мэт нь “Ланд” машинаа голоод онгоц хөлөглөдөг болсон сураг байдаг.
Улсын хэмжээнд 56 мянган аж ахуйн нэгж бий. Тэнд ажиллагсад л улсын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг юм гэсэн. Зохиолч, сэтгүүлч Ц.Доржготовын санааг дэмжиж байна. Тэр бичихдээ “Төрийн эрх мэдэлтнүүдийг тэтгэхээ больё. Болихдоо яах вэ гэвэл бүгд татвараас зайлсхийе. Бүгд татвараа төлөхөө болих аргаар тэмцье” гэж уриалсан байсан. Зөв санаа шүү. Татвараас зайлсхийсэн гээд шоронд хийгээд эхлэх байх. Бүгдийг нь бариад хорьчих тийм том шорон ч гэж хаа байгаа билээ.
Төрийн өндөр албан тушаалтнуудаас “Тунгалаг тамир”-ын Итгэлт шиг голын мөс долоох шахам байж баяжсан хүн байгаа болов уу. Байсан ч нэг, хоёроос давахгүй биз.
Тиймээс тэрбумтнуудаас мөнгөө нэхэхийг уриалмаар байна. Тэтгэврийнхэн, халамжийнханд зориулж байх учиртай 3.4 тэрбум төгрөг хаана байна гэж МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар төрөөс нэхээд л байдаг. Тэтгэврийн санд хэдэн төгрөг байна. Иргэдийн эрүүл мэндийн даатгалаар хуримтлагдсан байх ёстой их мөнгө бас хаана байгаа юм. Үүнд эрх мэдэлтнүүд тодорхой хариу хэлдэггүй.
Тэр сан, хуримтлуулсан мөнгө төрийнхний амин хувийн хөрөнгийн зузаатгалд зарцуулагдчихдаг гэж эдийн засагчид ярьж, бичиж байна.
Эцэст нь бас нэгийг хэлэхэд төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогыг нийтэд зарлах хэрэггүй. Бүртгээд ч яах юм. Тэдний яаж завшиж, хөлжиж байгааг татвар төлөгч бидний мөнгөөр хэрхэн тансаглаж байгааг энгийн муу сайнчууд мэдээд ч хэрэг алга. Тэрбумтнуудын хөрөнгө, орлогыг олонд зарлах нь нэг ёсондоо тэдний гайхуулал болж байна шүү дээ.
Баялаг бүтээгч иргэд ээ! Тэтгэврийнхээн тэрбумтнуудаас мөнгөе нэхье! Өөрсдийнхөө юмыг авах гэж тэр юм л даа.
Д.Бичээчхүү
Зууны мэдээ
URL:













