Засгийн газрын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудлаа

Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагддаг 86 тэрбум төгрөгийг хяналттай болгохыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос шаардаж байгаа юм. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатараас тодрууллаа.

-Иргэд хэчнээн төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлдөг вэ?

-Улсад жил бүр 86 тэрбум төгрөгийг өөрсдийн эрүүл мэн­дийн төлөө төлдөг. Дээрх мөн­гийг иргэдэд чанартай үйл­чилгээ, эмийн бүтээгдэхүүн хүр­гэхэд зарцуулдаг. Нийт даат­гуу­лагчдын 97 хувийг үйлдвэрчний эвлэл төлөөлдөг. Харин эрүүл мэндийн даатгалын хураамжны 50 хувийг тухайн компанийн эзэд төлдөг. Мөн улсын төсвөөс 164 тэрбум төгрөг эрүүл мэндийн тогтолцоонд  зарцуулагддаг. Нийт­дээ 250 орчим тэрбум төг­рөгийн санхүүжилтийг ЭМЯ ав­даг.

-Дээрх мөнгө хэрхэн зар­цуу­лагдаж байгааг хянадаг уу?

-Иргэдийн зүгээс ямар ч хяналт алга. Иргэдэд хүрсэн эм­чилгээ, үйлчилгээг үзүүлж чадах­гүй юм бол даатгуулагчдын ит­гэл буурна. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоонд даатгуулагчдын оролцоо, хяналт чухал байгаа юм. МҮЭ-үүдийн холбоо, МАОЭНХ даатгуулагчдын өмнөөс дуугарч, тэдний эрх ашгийн төлөө явах хууль ёсны үүрэгтэй.

-Тэгвэл танай холбооноос үүргээ хэрхэн биелүүлж бай­на?

-Бид эрүүл мэндийн даат­галын сангийн мөнгийг хяналт­тай болгохын тулд эрх бүхий байгууллагад хандсан. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн 24.2 дугаар заалтыг өөрчлөхийг шаардаж байгаа.

-Дээрх заалт нь юуны тухай вэ?

-Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн 24.2-т Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйл­чил­гээг үзүүлэх заавар, өв­чин эмгэгийн жагсаалт, сан­хүү­жүүлэх арга төлбөрийн хэм­жээ болон эрүүл мэндийн бай­гууллагыг сонгох журмыг хол­богдох хууль тогтоомжид ний­цүүлэн эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан.

-Улсын төсөв болон нийг­мийн даатгалын сангаас сан­хүүжих бүх төрлийн үйлчилгээг төрийн байгууллага батлах тухай заажээ. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахын тулд УИХ батлахаас өмнө, дээрх заалтыг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих бүх төрлийн үйлчилгээ, журмыг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан эрх бүхий байгууллага батлах ёстой. Үүгээр иргэд хяналтаа бий болгож байгаа юм. Харин улсын төсвөөс санхүүжих бүх төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн болоод Засгийн газрын гишүүн баталж болно.

-Хэрэв дээрх хуулийн төсөл нь энэ чигээрээ батлагдчихвал яах вэ?

-Эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүн чанар муутай байгааг улс орон даяар ярьж байна. Эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөхгүй юм бол хуурамч түүх байсаар л байна шүү дээ. Тиймээс манай холбооноос Эрүүл мэндийн сайд, Засгийн газ­рын холбогдох гишүүдийг халз мэтгэлцээнд дуудаж байна.

-Одоогийн байдлаар хэч­нээн хуурамч түүх илэрсэн бэ?

-Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас нэгдсэн тоог нь хэлэх боломжгүй. Бид 300 гаруй хуурамч материалыг хол­богдох газарт нь шалгуулахаар өгсөн. Цагдаагийн байгууллагад үүнээс ч илүү байгаа.

Э.ЭНХЦОЛМОН

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих