Монголын “ брэнд “ ердөө л Чингис хаан уу?

20150218032827Гадаадынхан өөрсдийнхөө хэрэглээний олон зүйлийг үндэсний брэндээ болгож чадсан байна. Наад зах нь Саке архи нь Японд хэн ч гайхахгүй жирийн л цагаан будааны нэрмэл. Гэхдээ үүнийгээ брэнд болгон сурталчилж чадсан учраас бусад улсад Саке бол Японы брэнд бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг ягштал суулгаж, Франц улс дангаараа жилдээ хэдэн сая галлон Саке архийг худалдан авдаг тусгай хөлөг онгоц хүртэл гарсан байна гээд бодчих. Үүгээр жишээлбэл: Манайд түүнээс огт дутахгүй цагаан аарцны нэрмэл хэмээх биед хор хөнөөл багатай, хий шар хөөх ач тус ихтэй сүүний архи бий. Дэлхий дээр сүүнээс архи гаргаж авсан туршлага Монголчуудаас өөр байхгүй учир, ердөө дашмаг мэтийн эгдүүтэй лонх савлагаатай болоод, сүүний архи гээд нэрлэчихсэн. Дэлхий дээр олон хүмүүс сонирхон авч уух учиртайсан. Гэвч Монголд ирж байгаа жуулчид Хархорины Туурь нэртэй булсан шороо, Эрдэнэзуугийн эвдэрсэн суваргыг л харах гэж ирэхээс биш, сүүний нэрмэл уух гэж ирэхгүй байгаа юм. Тэр талын ямар ч сурталчилгаа байхгүй таг учраас л тэр. 2 жилийн өмнө “Монгол брэнд” гэсэн сүржин нэртэй нэгэн их хурал болсон чинь юу боллоо? Фортуна Батбаяраас эхлээд л эсгий “Таавчиг” гадаадад гаргаж, брэнд болгоё гэж сүржигнээд сүүлдээ өнөөх сайд асан маань “Чөтгөр улам их орогнодог Япон улсад булан тохойгүй, буулгаж барьдаг учраас огт чөтгөр ороодоггүй Монгол гэрээ гаргаж заръя” гэж солиороод, бүр санаа нь замраад хадуураад явчихсан тал бий. Ясны наймаачин сэтгэхүй гэдэг л бидэнд дутагдаад байгаа юм болов уу даа. Гадныхан манай улсыг Чингис хаанаас өөр брэндгүй газар гэж ойлгодог бололтой. Аргагүй шүү дээ Монголд хөл тавихдаа Чингис олон улсын нисэх буудалд бууна. Тэгээд “Чингис” зочид буудалд буугаад “Чингис” архи ууж “Чингис” тамхи татаад, “Чингис” хуушуур буюу “Чингис” бууз идэж аваад л, “Чингис”-ийн морьтой хөшөөг нэг очиж хараад л буцаж байгаа хойно. Гэтэл хотынхноос бусад хөдөө хээрээр байгаа айл өрх бүр үйлдвэрлэдэг ааруул, хурууд, ээзгий, айраг, цагаа мэтийн цагаан идээ хэдэн арван жил хэдэн арван жил хадгалагдсан ч хуучрах нь байтугай улам амт ордог борцолсон мах, сүүний нэрмэлээ брэнд болгох сэдэл санаачлага бидэнд огт алга. Адаглаад хожимдож цөөрлөө гэж хориглоод ч дийлэхгүй байгаа тарваганы боодогоо брэнд хүнс болгох, боодог идэх гэсэн жуулчид манай улсад цөөнгүй ирнэ шүү дээ. Түүхэнд тодорсон ганц хааныхаа нэрийг юм болгонд барьж газраар хөглөрсөн архины шил, шар айрагны шалчгар лаазан дээр хөргийг нь хөглөрүүлж, хог нь хүртэл “Чингис” болчихоор яаж өөдлөх билээ дээ. Хуучны уламжлалт чанар хийц нь тасархай брэнд болгочих эд зүйлсээс гадна, шинээр хийж байгаа бүтээгдэхүүнүүдийг олж харж, урдаа барьж нүүрээ таглах цаг болсон юм биш үү? Жишээ нь Янмал үйлдвэрийн цэвэр тэмээний ноосон болон сарлагын ноосон оймс байна. Сүүлийн 1 жилийн дотор хүйтэн цэвдэг, хахир хүйтэн Сибирийн нутагт Оросуудын дунд ихээхэн эрэлт хэрэгцээтэй болсон энэ оймс үнэ боломжийн, дулаахан, чанар сайтай гэх мэт брэнд бүтээгдэхүүний чанаруудыг өөрөө харуулаад байгаа юм даа. Г.Болор-Эрдэнэ agshin.mn


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих