Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа хэлжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюныг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдэд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ жил уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ болон БНСУ-ын хувьд худалдаа, цөмийн эрчим хүч, батлан хамгаалах зардал зэрэг асуудлаар маргаантай байгаа ч Трамп Өмнөд Солонгостой цаашид хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ онцолжээ.
Уулзалтын үеэр БНСУ-ын Korean Air компани Boeing-оос 103 онгоц худалдан авахаа зарласан нь тус компанийн түүхэнд хамгийн том захиалга болов.
Мөн ерөнхийлөгч И Трампыг энх тайвныг тогтоогч хэмээн магтаад “Таныг энэ дэлхийн цор ганц хуваагдсан улс болох Солонгосын хойгт энх тайвныг авчирч чадна гэж найдаж байна.
Та Ким Жон Унтай уулзаж, Умардад үл хөдлөхийн цогцолбороо байгуулж, тэнд нь би гольф тоглох боломжтой өдөр ирээсэй” хэмээн ярьжээ.
Өмнөд Солонгосын эдийн засаг АНУ-аас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд Вашингтон тус улсын аюулгүй байдлыг цэрэг, цөмийн сөрөг хүчнээр баталгаажуулдаг.
Трамп Сөүлийг Америкийн цэргийн хамгаалалтыг ашиглан давуу байдал олж авдаг “мөнгөний машин” хэмээн нэрлэсэн ч удаатай.
Харин уулзалтын дараа Трамп “Бид худалдааны хэлэлцээрийг амжилттай хийсэн гэж бодож байна. Тэдэнд зарим нэг асуудал байсан ч бид өөрсдийн байр суурьт хатуу зогссон" гэжээ.
Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих