Дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, засварлана

42939-1000-600.2

2023 онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас мэдээлэл өглөө.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр:

-Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк болон нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлууд хийнэ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татах ажил бий.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр одоо байгаа ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 7.4 км хос дулааны шугам шинээр татах, 3.4 км хос шугамыг өргөтгөх шинэчлэх ажлыг хийж байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 750 метр хос дулааны шугамыг хэсэгчлэн солих юм гэлээ.

Мөн энэ хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээний засвар шинэчлэл хийнэ. Ингэхдээ 2023 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд зарим байршилд 10-20 хоног, зарим байршилд түүнээс урт хугацаанд орон сууцуудад халуун ус тасарна гэдгийг мэдэгдлээ.


URL: