ЦАГААН ДЭРСТЭЙ ХООЛОЙ /богино үгүүллэг/

133122147_3430927023682414_3770770292882601442_n
Энэ харнуудыг ороогоод цагаан дэрстэй хоолой бий. Өгсөөд явахаар ганц модны эх хүрнэ дээ. Тэр хавьд л нуусан юм гэнэлээ. Чи залуу хүн, аз хийморьтой байгаа. Хайвал олдоно гэж өвгөнийг мурий амаа эвлүүлж ядан хэлэхэд нь тэсч сууж чадалгүй өндөсхийв. Би гэрээс гарлаа. Бударганатай хөндий улайраад дундуур нь хэрчсэн нарийн зам л цайран үзэгдэнэ.
Гэвч энэ бүхэн зүүд байлаа. Орны эрээн даавуун дээрх хөх жимс, улаан мөчир, шүүдрийн дусал бөнжигнөх ногоон навчсыг хэсэг харлаа. Ийм сайхан зүүднээс арай л эрт сэрчихлээ. Нүдээ тас аниад амтат зүүдээ үргэлжлүүлэхийг хүсэв. Даанч яахан санасанаар болох билээ. Хичнээн хөрвөөгөөд нэмэргүй тул босож цаг харав. Өглөөний 5 цаг өнгөрч байна. Үүр гэгээрэх яагаа ч үгүй. Одод ч шуугдаагүй байна. Харин толгойд өвгөний хэлсэн “дэрстэй цагаан хоолой өгсөөд” гэдэг үг цуурайтсаар байж билээ.
Тэр зүүднээс хойш хэдийнээ 30 жил өнгөрчээ. Нас ахиж, нүдний хараа дордож, бие тэнхээ нэг л муухан байх болов. Сүүлийн 10-аад хоног орноосоо ч өндийж чадсангүй. Баянаа чийгтэй алчуураар нүүрийг минь арчсанаа:
-“Өвгөний минь царай сүүлийн үед шаргалтаад овоо шүү” хэмээн үрчгэр царайндаа баясгалантай туяа гэрэлтүүлэн өгүүлэв. Аяндаа л зовхи хүндрээд шууд нүд анилдав.
“Энэ хэсэг харнуудыг ороогоод өгсвөл дэрстэй цагаан хоолой үзэгдэнэ. Тэр чинь л нөгөө газар шүү дээ?
-Өвгөн ах минь, ямар газар вэ?
-Яагаав, чиний очих газар… Би өвгөний царайг харах гэж өлмийгөө өргөн дээрээс нь тонгойв. Өвгөний царай нэг хүнтэй их адилхан юм. Гэвч би санахгүй байлаа. Хэн билээ, хэн билээ, хэмээн өөртөө тулган олон удаа асуув. Тэгээд л хэлж мэдэхгүй хүчинд хөтлүүлэн “дэрстэй цагаан хоолой” өгсөөд алхаж явав. Гэнэт өмнөөс хамаг бүхэн саруулсаад ирэв. Өөрийнхөө тэнэгийг гайхан инээд алдлаа.
Өө, тэр өвгөн чинь миний аав байна шүү дээ.

URL: