Сербид Үндэсний хэмжээний гашуудал зарлажээ

serbТавдугаар сарын гуравны өглөө Сербид 13 настай хүү сургууль дээр найман хүүхэд, нэг хамгаалагчийг буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сербид сургуульд халдлага болсны дараа Вучич 12 наснаас эхлэн эрүүгийн хариуцлагад татах санал гаргажээ

Энэ хэргийн дараа Сербийн эрх баригчид тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд улс орон даяар гашуудал зарлажээ. Улмаар нийслэл Белград хотод 13 настай хүүгийн гарт амиа алдсан  найман хүүхэд, мөн нэг хамгаалагчийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ тавдугаар сарын дөрөвний өдөр болсон байна. Түүнчлэн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх хэсгүүд  хот даяар бий болжээ.

Сербийн хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлага үйлдсэн өсвөр насны хүү энэ хэрэгт урьдаас бэлдэж байсан, мөн ердөө 13-хан настай гэдэг нь олныг цочирдуулж, Серби даяар зэвсгийн хэрэглээ, эрүүгийн хариуцлагад татах насыг багасгах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болсон байна. Есөн хүний амийг хороосон хүүг багш болон бусад сурагчид “үг дуу цөөтэй, онц сурдаг”, “хүчирхийлэл үйлдэнэ гэхээргүй” хэмээн тодорхойлжээ. Зарим хэвлэлийн мэдээлснээр, хүү нэг хичээл дээр муу дүн асны улмаас энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Тэрбээр одоо сэтгэцийн эмнэлэгт саатуулагдаж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй тул эцэг, эхийг нь баривчлсан саатуулжээ.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/549331


URL: