Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

712-160306628391793297_2984573744944596_6918767945317351424_n

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2018 оны 6-р сарын нэгнээс даган мөрдөж байна. Эрх зүйд “амьтан” гэдэг томьёолсон нэр хүнээс бусад бүх амьтныг илэрхийлнэ. “Амьтан” гэдэг ерөнхий “мал” гэдэг тусгайг агуулдаг. “Мал, амьтны эрүүл мэнд” гэхээс “Амьтны эрүүл мэнд” гэвэл нэг мөр ойлгох, тайлбарлах, хэрэглэхэд дөхөм байна.

Мал, фермийн, гэрийн, үйлдвэрийн, лабораторийн, хүрээлэнгийн, циркийн, баяр наадмын амьтад эзэн хүний эрхшээл, ивээлд амьдардаг. Газрын болон усны зэрлэг амьтад төр, нийгмийн эрхшээл, ивээлд байна. Амьтан эрхшээгч, ивээгчдийг эрх зүйд амьтан эзэмшигч гэнэ.
Амьтны эрхийг хамгаалах харилцааны гол оролцогч – амьтан эзэмшигчийн амьтнаа эрүүл мэнд байлгах, амар амгалан байлгах, амьтан төрөлх, цэвэр, эрүүл орчиндоо сүргээрээ эвтэй найртай, тааваараа тухтай байх нөхцлийг бүрдүүлэх, хүний эрүүл мэнд болон орчны ариун цэвэрт амьтнаас учирч болох аюул заналыг зайлуулах, хүний хэрэгцээнд чанартай, цэвэр, эрүүл хүнс нийлүүлэх, зах зээлд чөлөөтэй өрсөлдөх бүрэн эрхийг хуулиар баталгаажуулдаг. Энэ хууль амьтан эзэмшигчийг, түүний бүрэн эрхийг орхисон, тэнд амьтан эзэмшигч гэж үг байхгүй, түүнийг орлох “малчин”, “амьтан маллагч” нь амьтны эрхийг хамгаалах эрхгүй, үүрэггүй, хариуцлагагүй, зөвхөн хулгайч олигархийн эм, вакцины шахаанд малын тоо, гарын үсгээ ашиглуулах, мал эмнэлгийн техникч нарт малаа “барьж өгөх”, боломжгүй бол малын тоо, гарын үсгээ барьцаанд тавих ганц үүрэгтэй болов.
Тус улсын амьтан эзэмшигч нар 1960–1992 онд малаа өмчлөх эрхгүй байв. Эдүгээ тэд амьд хөрөнгөө буюу малаа хамгаалах, амьтнаа эрүүл мэнд, амар амгалан байлгах хэрэгцээгээ тодорхойлох, хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг төлөвлөх, захиалах, худалдан авах, хэрэглэх, хил зөрчдөг болон хүн, амьтны нийтлэг өвчнөөс сүргээ, нутгаа хамгаалах эрхгүй, үүрэггүй, хариуцлагагүй хэвээр байна. Эм, вакциныг өөрөө сонгоод, худалдан авч, хэрэглэх эрх байхгүй, малын тоо нь мал эмнэлгийн техникч нарын барьцаанд байна.
Энэ хууль аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг орхисон. Орон нутгийн захиргаа амьтны эрүүл мэндийг хамгаалах эрхгүй, үүрэггүй, хариуцлагагүй. Амьтан эзэмшигчийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах, тохируулах, дэмжих, туслах, аймаг, сумандаа амьтны эрүүл мэнд, амар амгаланг сахин хамгаалах бодлого боловсруулах, шийдвэр гаргах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй хэвээр үлдэв. Амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, амьтан хийгээд амьтны бүтээгдэхүүний чөлөөт худалдаа, тээвэр аймаг, сумын захиргаанд огт хамаагүй боллоо. Аймаг, сум мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, зах зээлд уралдах боломжгүй хэвээрээ байна. Аймаг, сумын Засаг дарга Мал эмнэлгийн агентлагийн даргын “гар хөлийн” зохиосон вакцинжуулах, эмжүүлэх малын тоог санхүүжүүлэх ганц үүрэгтэй болов.
Энэ хууль Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг орхилоо. Амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, амьтан, амьтны бүтээгдэхүүний чөлөөт худалдаа, тээвэр УИХ, Засгийн газарт хамаагүй, тэд энэ талаар эрхгүй, үүрэггүй, хариуцлагагүй боллоо. Амьтан эзэмшигчид, аймаг, сумын төр, захиргааны байгууллагын амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зангидан хянах, тохируулах, дэмжих, туслах, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэггүй болжээ.
Амьтан эзэмшигч, аймаг, сумын Хурал, Захиргаа, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн бага шиг хэсгийг Агентлагийн даргад хандуулжээ. Бүхэлдээ Мал эмнэлгийн агентлагийн даргын ажлын байрны тодорхойлолт мэт, гэхдээ жинхэнэ дарга биш, эм, вакцин шахдаг хулгайч олигархийн гар хөл, малын өвчнөөр мөнгө угаахуйн нарийн бичгийн даргын ажлын удирдамж төдий “хууль” болжээ.
Одоогийн хуулийн шалгуур даахгүй Агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгчийн доодохыг харж турж үхэх гэж байгаа хууль бус түр дэд дарга, хуулийн шалгуур хангаагүй газрын даргын үүрэг түр гүйцэтгэгч нар Швейцарийн Холбооны Улсын татвар төлөгчдийн мөнгөөр өөрсөддөө зориулж зохиолгосон, УИХ-ын гишүүдийг “аргадаж” батлуулсан хууль нэг л бишээ. Энэ хуулинд хуулийн гэмээр заалт тун ховор байна. Техникумын сурах бичгийн тодорхойлолтууд, хуучин хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн үеийн дүрэм, журам, заавар, зөвлөмжийн заалтуудын цуглуулга болжээ. Хуулийн бүлгүүд бүгд л хуучин журам, заавар, дүрмийн хуулбар байна.
Хууль зохиолгогчид “том агентлагийн том дарга нар” байхыг хүсчээ. Хэлтсийн зиндаа, хэмжээтэй нэгжийг газар болгов, хэлтсийн дарга байхаас газрын дарга байх нь гоё байх нь. Оношилгоо, судлагаа, сургалт, үйлдвэрлэлийн байгууллагуудыг хураан захирах хүсэлтэй гэнэ. Гол нь гадаадын вакцины үйлдвэрүүдийн гар хөл байвал бүр ч гоё байх юм шиг байна. Олон жилийн турш (1960 – 1997) хоёр хэлтсийн 12 түшмэлийн үүрч, дааж ирсэн ажлыг 40 гаруй түшмэл хувааж амь зуух юм байна. Олон хүнтэй том агентлагийн том дарга нараас хил зөрчдөг, хүнд халддаг олон ян, нян айх болов уу даа. Зохистой хэмжээнд нь оруулах гэж олон жил их мөнгө зарна даа. Аймаг, сумын Засаг даргын ажлыг булааж оромдох нь том дарга нарын сүр хүч юм байх. Амьтны анагаах ухааны практикийн ажил хэрэгт гар, хошуу дүрж, түүнийг мөнгө бузарлагын ул мөр баллагчаар ашиглахаар хуульчиллаа.
Агентлагийн үндсэн үйл ажиллагаа нь мал сүргийн вакцинжуулалт, эмжүүлэлт, даргын гол үүрэг нь вакцин, ивомек, креолин, “ариутгалын бодисын” нярав, тоо бүртгэгч байсан уламжлалаа ийнхүү шинэчлэн баталгаажууллаа. Төрийн мал эмнэлгийн албаны үлбэгэр, эзэнгүй “босоо” тогтолцоог хуульчиллаа. Засгийн газрын үндсэн үүргүүдийг орхиж, аар саархан, бага шиг хэсгийг агентлагт шилжүүлэв. Аймаг, сумын Засаг дарга мал эмнэлгийн албагүй болов, оронд нь Агентлагийн даргын гар хөлийг тэжээх албатай боллоо.
Хууль боловсруулах ажлын хэсэгт “орсон” вакцин, ивомек, креолин, “ариутгалын бодис” шахаач нар Агентлагийн даргын дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн гишүүд байхаар тогтжээ. Малын тоог эмжүүлэх, вакцинжуулах, “угаах”, “туулгах”, “ариутгах” шийдвэрийн төслийг тэд зөвшөөрөх юм байна.
Швейцарийн Холбооны Улсын татвар төлөгчдийн мөнгөөр хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсанд бараг бүх малын эмч, техникч оролцсон байх. Тэд Монгол Улсын бүх малд бүх вакциныг тарь, бүх малыг “угаа”, “шинжил”, “туулга”, “ариутга”, эм, вакцины үнэ, тарих зардлыг татвар төлөгчдөөр төлүүл, малын тоо вакцинжуулах, шинжлэх, “ариутгах” тарифыг Засгийн газар тогтоож өг, өндөр тогтооно шүү гэсэн ганц саналтай. Хууль боловсруулах ажлын хэсэг болон хэлэлцүүлэгт амьтан эзэмшигчийн, аймаг, сумын Засаг дарга нарын, татвар төлөгчдийн, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын, худалдаа, тээврийн салбарын төлөөлөл нэг ч үгүй.
Мал нь шүлхийрсэн, цэцэгтсэн, мялзантсан сум, аймгийг татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр “шагнаж”, шүлхийн, мялзангийн, цэцэгийн мөнгөөр урамшуулахыг нэн даруй зогсоох, үүний тулд энэхүү малын өвчнөөр төсвийн болон хандивын мөнгийг хулгайлах хуулийг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Энэ хуулийн дагуу тус улсын Засгийн газрын мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг гадаад орны вакцинчид барьцаалчихаад байна. Тэдний бие төлөөлөгч нар агентлаг хийгээд вакцины үйлдвэрт үүрлээд, Монгол Улсын эсрэг ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу малын өвчнөөр улсын төсвийг хулгайлах төлөвлөгөөг үзвэл,
“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулахад 62.5 тэрбум төгрөг зарцуулна, үүнээс:
2017 онд шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг, бог малын мялзан төст өвчнөөр тайван статусыг хадгалж, нийт 5.4 сая төл малыг, хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 7.0 сая малыг тус тус дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 12.0 тэрбум төгрөг,
2018 онд шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 10.0 сая малыг, бог малын мялзан төст өвчнөөр тайван статусыг хадгалж, нийт 6.2 сая төл малыг, хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг тус тус дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 15.3 тэрбум төгрөг,
2019 онд шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 10.0 сая малыг, бог малын мялзан төст өвчнөөр тайван статусыг хадгалж, нийт 6.2 сая төл малыг, хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг тус тус дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтооход 16.0 тэрбум төгрөг,
2020 онд шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 10.0 сая малыг, бог малын мялзан төст өвчнөөр тайван статусыг хадгалж, нийт 7.0 сая төл малыг, хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг тус тус дархлаажуулалтад хамруулан, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтоох 18.8 тэрбум төгрөг зарцуулна” гэжээ.
Шүлхий, мялзан, цэцэгийн вирусын халдлагад гарцаагүй өртөх амьтдыг вакцинжуулж өвчлөхөөс хамгаалж, үхлээс авардаг.
Вакцин бол амьтныг өвчлөх, үхэхээс аврах хэрэгсэл. Дөрвөн жил дараалаад, жил бүр 8.0 – 10.0 сая мал шүлхийрч, 5.4 – 7.0 сая мал мялзантаж, 7.0 – 8.0 сая мал цэцэгтэж үхнэ гэж төлөгджээ. Ийм олон сая мал жил дараалан вирусын халдварт өртөх, өвчлөх, үхэх эрсдэл байгаагүй, байхгүй. Вакцины үнэ, мал тарих зардлыг улсын төсвөөс төлөх шаардлага огт байхгүй. Вакцины хэрэгцээ маш бага, огт хэрэглэхгүй байх бүрэн боломжтой.
Вакцин шахаач – төсвийн хулгайч нар, малын тоогоор вакцины мөнгө саагч нарын шахалт, дарамтаар татвар төлөгчдөд тохсон энэ зардлыг малчид төлөх боломжтой, нэг малыг вакцинжуулах зардал 500 төгрөгөөс хэтрэхгүй.
Сум бүр, аймаг бүр мал сүргээ вирусээс бус, олон янзын вакцинаас эрүүлжүүлэх маш хүнд, шүлхий, цэцэг, мялзангаас ч хэцүү сорилттой тулгарлаа. Буруу хэрэглэсэн вакцины бузар шүлхий, цэцэг, мялзангийн вирусээс ч илүү хорлонтой.
Дөрвөн жил дараалаад, жил бүр 20.4–25.0 сая мал вирусын халдварт өртөж үхнэ гэж төлөгддөг Агентлагийг нэн даруй, 2021–2024 оны хулгайн төлөвлөгөөгөө батлуулахаас өмнө татан буулгах хэрэгтэй, ийм агентлаг байснаас байхгүй нь хавьгүй дээр.
О. УЛАМБАЯР 
Sonin.mn

URL: