БНХАУ алтны нөөцөө 2262 тонн болгож, түүхэн дээд хэмжээнд хүрчээ

53697-1000-600.2Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд Бээжин эдийн засгаа бэлдэж байна гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Хятадын Ардын банк (PBOC) оны эхний гурван сард 27 тонн алт худалдан авч, нөөцөө 2262 тонн болгож, түүхэн дээд хэмжээндээ хүргэсэн талаар Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээллээ. Хятад улс 2022 оны аравдугаар сараас хойш тасралтгүй алт худалдан авч байгаа аж. Одоогоор алтны үнэ унц нь 2,343 ам.долларт хүрч дээд амжилт тогтоогоод байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад улс ийнхүү алт нөөцөлж байгаа нь Тайванийн асуудлаар мөргөлдөөн гарах үед эдийн засгаа барууны хориг арга хэмжээнээс хамгаалах гэсэн оролдлого байж магадгүй гэнэ. Хатан хааны хүрээлэнгийн (RUSI) захирал Жонатан Эйал “Мэдээж энэ нь Тайванийг  довтлох төлөвлөгөөтэй холбоотой” гэжээ. Тайвань бол АНУ-ын эртний холбоотон бөгөөд Ерөнхийлөгч Жо Байден Бээжин тус бүс нутаг руу халдсан тохиолдолд АНУ-ын цэргийг илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Барууны орнууд Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлсний хариу болгож, Оросын валютын нөөцийг царцаасны дараахан Хятадын төв банк алт худалдан авч эхэлсэн. Хэрвээ барууны орнуудтай томоохон сөргөлдөөнд орох юм бол Хятад улс ам.долларын хориг арга хэмжээ авахаас хамгаалахын тулд алтны нөөцөө бүрдүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр, Хятад улс 2022 оны аравдугаар сараас хойш нийт санхүүгийн нөөцдөө эзлэх алтны хэмжээг 3.2 хувиас 4.6 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Ши дарга алт нөөцлөхийн зэрэгцээ Хятадад хөдөө аж ахуйг бие даан хөгжүүлэх кампанит ажил өрнүүлжээ. Эйал “Хамгийн чухал зүйл бол АНУ-тай удаан хугацааны сөргөлдөөнийг тэсвэрлэхийн тулд хоол хүнс, санхүүгийн хувьд бие даан ажиллах  юм” гэв. Америкийн цэргийн албаныхан Хятад улс 2027 он гэхэд Тайванийг довтлох цэргийн хүчин чадалтай болохыг зорьж байна гэж анхааруулсан. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр, дэлхийн хэмжээнд Төв банкууд 2024 оны эхний улиралд бусад оны эхэн үеийнхээс илүү их алт худалдан авсан байна. https://www.yahoo.com/finance/news/china-launches-record-gold-buying-060000862.html


URL: