Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ

088cf678e9004cb87edcbf066c2dbf9dҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.

Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа “УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. Яахав хүн амьтан муу хэлвэл хэлнэ биз. Би 1998 оноос хойш хууль, тэр дундаа шүүхийн шийдвэр гаргах ажиллагааг онол талаас нь уншиж, улмаар Үндсэн хуулийн эрх зүйч болсон юм. Энэ сэдвээрээ ч доктор болсон. Хуульч мэргэжлийн ноён оргил нь шүүгч. Миний хувьд би өөрийгөө Үндсэн хуулийн цэцэд олон жил сойлоо.

Нэр минь УИХ-д оролгүй хэд ч бүдэрлээ, олон ч бүүвэйлэгдлээ. Бүдрэх шалтгаан нь эрх мэдлийн гинжин сүлжээг атгагч дарга нарт таалагддаггүй. Байнга цор цорхийдэг хочтой. Уг нь мань өмгөөлөгч, арбитрч, судлаач, багш, хууль бичээч, ном бичээч, бизнес, компани, хувь хүн, улс төрийн өндөр албаны зөвлөх гээд хуульчийн хийж болох олон ажлыг хийж ирлээ. АНУ, Герман, Австрали гээд улсуудад үндсэн мэргэжлээрээ судлаач, зөвлөхийн ажлыг хийж үзлээ. УИХ-аас томилогдох хоёр орон тоо гарчээ. Яаж нэрээ дэвшүүлэх, ямар журмаар нэр гарах нь огт ойлгомжгүй, эрх баригч намын хоёр гурван дарга хоорондоо яриад УИХ-ын гишүүд рүү нэр шахаж томилж ирсэн түүхтэй мээст юм. Энэ нь ч балаг тарьдаг. Энэ удаад болдог бол бага ард түмэн гэгдэх УИХ-ын 126-аар шүүлгэж, Үндсэн хууль ярьдаг, мэддэг, тэнгэрээр нисдэг, газраар мөлхдөг хэнбэгуайтай нь ч хамаагүй мэтгэлцэж, Үндсэн хуулийн хаанаас нь хамаагүй ярилцаж мэдлэгээ сорьж үзмээр санагдаад байх юм. Амьтны үүд сахиж ажил аваад эхний дохиураар нь түмний нүдэн дээр даалгавар гүйцээгч царайлж, энд тэнд таарахаараа эгц харж чадахгүй явдаг амьтан мэт баймааргүй байна. Мань мэт нь улсын наадамд дөрөв даваад тавын даваанд гаргадаггүй бөх шиг л мэдрэмжтэй явдаг.

Салбар бүрт над шиг мэргэжилтнүүд бий бизээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргах ажиллагаанд санаа оноо хэлж, төгөлдөршүүлж, энэ улсын хамгийн дээд шүүхийн жишгийг гагцхүү Үндсэн хуульд нийцүүлэн гаргамаар байх юм. Зүгээр л бодлоо бичлээ. Даргад дуртай гар вэ? гээд трол нь балбана биз. Үгүй юмаа, бие сэтгэлээ зориулсан миний мэргэжил, миний зарчим, миний л амьдрал юм. Би хувьдаа өөрийгөө энэ салбарт багшийн бэлдсэн цөөхөн хүний нэг гэдгээ мэднэ. Мэдлэг, зиндаагаа ч мэдэрнэ. Тамирчин хүн бэлдэж бэлдчихээд тэмцээнд орж чадахгүй мултарсаар дуусдаг байж таарахгүй. Эвий энэ минь бүр аргаа баржээ, шантарчээ гэж бодох нь бодог. Угаасаа би үүдэнд очин сууж, өвдөг сөгдөн мөргөж чадахгүй. УИХ 126 гишүүнтэй, та бүхэн шийдэж өгөхийг хүсье! Цаг хором алдалгүй Үндсэн хуульт ёсыг сахиулах чинхүү хүсэл байна. Нараа багш Цэцэд нэг дэвшээд унасан байдаг шиг оруулаад унагавал та нарын дур бизээ. Даргын хаалга сахихгүй орж болдоггүй хаалга уу л гэж асуугаад байгаа юм. Шинэ спикер, шинэ үе ах нар шиг нударгандаа арай наймаалцахгүй гэж горьдон, бас жижигхэн чимхэн бичив. Та бүхнийг хүндэтгэсэн, ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ” гэжээ.


URL: