Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
Палестины ХАМАС бүлэглэл Израил руу довтолсноос хойш хоёр жил гаруйн дараа тус бүлэглэлд барьцаалагдсан амьд байгаа бүх хүмүүсийг болон нас барсан хүмүүсийн цогцсуудыг Израилын талд хүлээлгэн өгөх ажиллагаа бүрэн дуусжээ.
Хамгийн сүүлд 24 настай цагдаагийн албан хаагч Ран Гвилигийн цогцсыг хүлээлгэн өгсөн тухай Израилын Батлан хамгаалах арми өчигдөр мэдэгдлээ.
Тэрбээр 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл довтлох үед Израилын цагдаагийн ЯСАМ гэдэг тусгай хүчний ангид алба хааж байжээ. Гэмтэл авсны учир Мейтар тосгон дахь гэртээ байсан Гвили террористууд халдсаныг мэдэнгүүтээ анги руугаа явсан бөгөөд замдаа Алумим тосгоны орчимд ХАМАС-ынхантай тулгарч, бүх сумаа дуустал тулалдаад амь үрэгджээ. Террористууд түүний цогцсыг Газын зурвас руу авч явсан байна.
Гвилигийн цогцсыг буцаан авчирсантай холбогдуулан Ерөнхий сайд Б.Нетаньяху хэлэхдээ, барьцаанд байсан амьд болон амь үрэгдсэн бүх хүнийг эргүүлэн авчирсан нь Израилын хувьд агуу том ололт мөн гэлээ.
Мөн ХАМАС мэдэгдэхдээ, барьцаанд байсан сүүлчийн хүнийг Израилд буцаан өгсөн нь гал зогсоох гэрээний заалтуудыг бид сахин биелүүлж буйг харуулж байна гэжээ. Тус бүлэглэл нийт 250 орчим хүнийг барьцаалан Газын зурвас руу авч явсан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санал болгосон энхийн төлөвлөгөөг Израил ба ХАМАС бүлэглэл хүлээн зөвшөөрснөөр гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Тохиролцооны эхний үе шатанд ХАМАС бүлэглэл амьд байгаа барьцааны бүх хүнийг Израилд хүлээлгэн өгсний хариуд Израилын шоронгуудад хоригдож байсан палестинчуудыг суллажээ.
Б.Адъяахүү
URL:





