Европ Гринландын талд зогсож, Трампын сүрдүүлгийн эсрэг хариу арга хэмжээ авна
Европын холбооны элчин сайд нар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг ятган сэнхрүүлж, гишүүн орнуудад нь татвар ногдуулах шийдвэрээ татахыг уриалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрсэн. Хэрэв татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхэлбэл хамтран хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ тэд илэрхийлжээ.
Трамп бямба гарагт /2026.01.17/ мэдэгдэл хийхдээ, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Дани, Швед, Франц, Герман, Нидерланд, Финланд болон Их Британи, Норвегид оногдуулах гаалийн татвараа арван хувиар нэмэгдүүлнэ гэсэн. АНУ-д Гринландыг худалдаж авахыг зөвшөөрөх хүртэл энэ татвар хэрэгжинэ. Зургаадугаар сарын нэгнээс эхлэн татварын нэмэгдлийг 25 хувь болгож өсгөнө. Европын томоохон орнууд үүнийг дарамт шахалт гэж үзэж шүүмжилжээ.
Гаалийн татвараар Европын найман орныг сүрдүүлэн нь дэлхийн зах зээлийг тогтворгүй болгож, евро болон фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг сулрахад хүргээд байгаа юм.
Европын холбооны удирдагчид пүрэв гарагт /2025.01.22/ Брюссельд яаралтай дээд хэмжээний зарласан байна. Уулзалтаар Гринландын асуудалд авч болох хариу арга хэмжээнүүдийг авч хэлэлцэнэ. Нэг хувилбар нь АНУ-аас импортолж буй 107.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах явдал.
Нөгөө нэг хувилбар нь өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй албадлагын эсрэг хэрэгсэл буюу “ACI” юм. Үүнийг ашигласнаар АНУ-ын компаниуд төрийн тендерт өрсөлдөх, хөрөнгө оруулах, банкны үйл ажиллагаанд оролцоход хязгаарлалт тогтоож болно. Мөн цахим үйлчилгээ зэрэг худалдааны салбарт хориг тавих боломжтой.

Европын холбооны нэгэн эх сурвалж хэлэхдээ, эхний ээлжид гаалийн татвар оноохыг олон орон дэмжиж байна гэжээ. Харин албадлагын эсрэг хэрэгслийг ашиглах талаарх улс орнуудын байр суурь одоогоор холимог байна гэж тэр эх сурвалж нэмж хэлсэн юм.
Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлэлцэнэ
Европын холбоо Гринландын асуудлаар барих дипломат стратеги Швейцарын Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн чуулганы гол сэдвүүдийн нэг болох төлөвтэй байна. Трамп лхагва гарагт /2026.01.21/ тэнд үг хэлнэ. Тэрбээр сүүлийн зургаан жилд анх удаа тус чуулганд оролцох гэж байгаа юм.
Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста мэдэгдэл гаргахдаа, Дани болон Гринландыг дэмжиж аливаа дарамт шахалтаас хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Данийн Гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен Осло хотод Норвегийн гадаад хэргийн сайдтай уулзахдаа дипломат аргаар асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулсаар байх болно гэсэн юм. АНУ-ын нийгэмд ерөнхийлөгчийн шийдвэрийг тэнцвэржүүлж, хянадаг хүчнүүд байдгийг Расмуссен онцолсон байна.
Европын холбооны дипломат төлөвлөж буй хариу арга хэмжээний талаар ярихдаа “Хариу арга хэмжээ болгон авч болох бүх сонголтуудыг авч үзэж байгаа. АНУ-тай Давост хэлэлцээ хийж, дараа нь Европын удирдагчид хуралдана” гэжээ.
Трамп нэмэлт татвар онооно гэсэн найман орон Гринланд руу цөөн тооны цэрэг илгээсэн байгаа. Тэдгээр орнууд “Татвараар сүрдүүлэх нь Атлантын далай давсан харилцааг сулруулж, аюултай нөхцөл байдалд хүргэж байна” гэж анхааруулсан байна.Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Европын орнууд дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлж, Европ дарамт шахалтад бөхийхгүй гэжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон албадлагын эсрэг арга хэмжээг (ACI) идэвхжүүлэхийг уриалж байгаа гэж түүний ойрын эх сурвалж хэлсэн байна. Харин Ирландын Ерөнхий сайд Микал Мартин ийм арга хэмжээ авахад арай эрт байна гэж үзэж байгаа юм.
Трамптай арай ойрын харилцаатай Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони түүнтэй устаар ярьж, татвараар сүрдүүлэх нь алдаа гэж хэлжээ. Их Британийн Соёлын сайд Лиза Нэнди Гринландын асуудлаар холбоотнууд хамтарч ажиллан, АНУ-тай хэлэлцээ хийх ёстой хэмээсэн байна.
Трамп тариф нэмнэ гэж мэдэгдсэн нь АНУ-ын Их Британи болон Европын холбоотой өмнө нь байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийг эргэлзээтэй болголоо.
Европын парламент АНУ-тай хийх худалдааны хэлэлцээрийг зогсоож магадгүй байна. Нэгдүгээр сарын 26-27-нд парламент АНУ-Европын холбооны худалдааны гэрээ дээр санал хураах байсан юм. Одоогоор тус гэрээг батлах боломжгүй гэж Европын Ардын намын тэргүүн Манфред Вебер мэдэгдлээ. Германы хууль тогтоогч Юрген Хардт Трампыг Гринландын асуудал дээр ухаан оруулах эцсийн арга байгаа гэжээ. Энэ нь АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг бойкотлох аж.
АНУ-ын бараанд тариф оноох, албадлагын эсрэг хэрэгслийг ашиглах, ДАШТ-ийг бойкотлох гэх мэт байдлаар Европын албан тушаалтнууд Трампыг сөрөхөөр авч үзэж байна.
Эх сурвалж: Reuters
URL:




