Оросын халдлагаар Украины 12 уурхайчин амиа алджээ
ОХУ Украины зүүн хэсэгт нисгэгчгүй онгоцоор довтолсны улмаас 12 уурхайчин амиа алдсаныг тус улсын хамгийн том хувийн эрчим хүчний компани мэдээллээ.
Тодруулбал ээлжийн ажлаа дуусгасан ажилчдыг тээвэрлэж явсан автобус цохилтод өртөж, 12 хүн амиа алдсан бөгөөд 15 хүн шархадсан гэв.
Энэ халдлагын өмнөхөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дайныг зогсоох асуудлаар ОХУ, АНУ-тай гурван талын уулзалт хийх болсон талаар мэдээлсэн юм.
Тэрбээр энэ сарын 4-5-ны өдрүүдэд Абу Даби хотноо уулзана гэсэн. Талууд нэгдүгээр сарын сүүлээр анх удаа гурван талын уулзалт хийсэн. Гэхдээ тодорхой шийдэлд хүрээгүй.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Путинээс ид хүйтний үеэр Украин руу довтлохгүй байхыг хүссэн хэмээн мэдээлж байв.
Кремль хоёр хоногийн өмнө Трампын хүсэлтийг хүлээн авсныг мэдэгдээд ням гараг хүртэл Украины эрчим хүчний байгууламжуудад довтлохгүй гэдгээ мэдэгдсэн.
Үүнээс хойш Украины талаас эрчим хүчний байгууламжууд цохилтод өртсөн гэсэн мэдээлэл өгөөгүй байна.
Гэхдээ ерөнхийлөгч Зеленський ням гарагт ОХУ Украины төмөр зам болон бусад логистикийн бүтцүүдэд халдсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL:




