Нийслэлд гарсан гал түймрүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

gal-tuimer-810x500Өчигдөр буюу хоёрдугаар сарын 01-ний өдөр нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ.

Тодруулбал, 16:30 цагт Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 8х8 метрийн хэмжээтэй байшинд дугуй засварын компрессор шатаж байсныг шуурхай унтраасан байна.

Мөн энэ өдөр 16:24 цагт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлага бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байсан бөгөөд галыг бүрэн унтраан, тархалтыг зогсоожээ.

Үүнээс гадна 18:44 цагт Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Гүнтийн даваа орчимд автомашин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчид очиход Фургон загварын автомашин шатаж байсныг унтраан, аюулгүй болгожээ.

Гал түймрийн шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд иргэдийг галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.


URL: