Өвчнөө ялсан хүн өөрийгөө ялж чадна

1770252152d83fe1136227423797c82cfcd4e445e8Өвчин бол үйлийн үр хэмээн буддын сударт бичжээ. Энэхүү үйлийн үр болсон өвчнөө хүмүүс ялж чадаж байна уу. Өвчин яагаад хүмүүсийг сүүдэр шиг дагадаг юм бэ?

Нэг үе хүмүүс өвчнийг би бус эмч эдгээдэг хэмээн эндүүрдэг байсан. Эмч л тариа хийж эм өгч биднийг эмчилж эдгээдэг хэмээн ойлгодог байлаа. Зарим хүнээс “Чи эмнэлэгт хэвтсэн гэсэн, яасан бэ” гэхэд “Эмнэлэгт хэд хоног хэвтлээ. Элэг муу болсон гэнээ. Бөөр муу болсон гэнээ” хэмээн өөрийн элэг, бөөрөө хүний юм шиг ярьдаг байсан. Гэтэл үнэн хэрэгтээ миний бүх эрхтэн бол миний хамгийн чухал зүйл шүү гэдгээ мэддэггүй байсан. Чиний биеийг чи өөрөө л сайн мэдэх ёстой шүү дээ. Дараа нь хүмүүс овоо дээрдсэн. Эмчтэй хамтарч би өвчнөө эдгээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Өвчин яагаад тусав гэдгээ ер ойлгодоггүй байсан. Зүв зүгээр байж байгаад гэв гэнэт өвчин туссан хэмээн ярьдаг байсан.

Олон нийтийн газраар яваа л өвчин туссан, архи тамхи хэрэглээд л өвчин туссан хэмээн ярьдаг байсан. Ялангуяа эрчүүд өвчинг ер тоодоггүй. Эрчүүд явсаар байгаад гүрийсээр байгаад л нэг мэдэхэд нуран унадаг. Зарим нь залуугаараа зарим нь хөгшрөөд нурдаг.

Зарим нь дөнгөж саяхан би эв эрүүл зүв зүгээр байсан даа, гэтэл яагаад гэнэт өвчин хүрчихэв хэмээн гайхаад байдаг. Гэтэл тухайн хүн өчнөөн жил ямар нэгэн сэтгэлийн шаналал, гомдол, гутрал, харамсалтай явсаар байгаад өвчин олсноо ер мэддэггүй. Тэгээд эмч эмнэлэг л намайг эдгээх байлгүй гээд ер өөрийгөө анхаардаггүй. Архичин хүнийг архины эмчилгээ хийлгээд эмнэлгээс гаргасны дараа харахад хэд хоносны дараа нөгөөх чинь дахиад л архиа уучихсан явж байдаг. Тамхичин хүн овоо хэд хоног тамхи татахгүй байснаа дахиад л гар нь халаас руугаа явж тамхиа гаргаж ирээд шуналтай нь аргагүй сороод л тамхиа татаж байдаг. Энэ бүхэн сэтгэлийн өвчин юм.Энэ бүхэн бие сэтгэлээ эдгээж чадаагүйтэй холбоотой юм. Эрүүл амьдралын нэг чухал зүйл бол эрүүл сэтгэл зүй юм. Хорьдугаар зууны Монголчууд бол 70 жилийн турш буруу номтон улаантнуудын дарангуйлалд өртөж, уламжлалт анагаах ухаан, уламжлалт ёс зүй, уламжлалт Монгол хоол, бурханы шашин, Монгол соёлоо устгаснаас болж Монгол хүний онцлогтой эрүүл сэтгэл зүй, эрүүл хоол зүй нь эрүүл бус болсон юм. Нийгэм нь харгис дарангуйлалд орчихсон, хүмүүс нь шунал, уур бухимдал, гомдол тэмцэл, хараал хэрүүлд живчихсэн, буян, нүглээ ч ялгахаа байчихсан учраас нийгмээрээ элдэв өвчинд баригдчихсан байлаа. Одоо ч хэвээрээ.

Эдүгээ Монголын нийгэмд хэрүүл тэмцэл, хулгай дээрэм, гэмт хэрэг ихэссэн болохоос буураагүй. Эртний буддын сударт “Хэрүүл бол ханиад өвчин гарахын үндэс, өвчин бол үйлийн үр, өвчин бол буруу бодлын үр дүн” хэмээн бичсэн байдаг.

Хорьдугаар зууны Монголчууд азийн Монголд огт хамаагүй, хаа холын харийн улаан хувьсгал, коммунизм, социализм, орос эмнэлэгт итгээд түвд Монголын эмнэлэг, буддын ухаан, Монгол ёс, Монгол эм дом зэрэг олон мянган жилийн уламжлалт соёлдоо итгэхээ больсон, өөртөө бол бүр итгэхээ больсон байлаа. Гэвч өвчин зовлонг нам засаг эдгээдэг ч юм биш, гартаа ганц шприц барьсан эмч эдгээдэг ч юм биш. Монгол оронд хэдэн зууны турш өвчтэй хүнийг оточ маарамба үзээд биеийг нь цогцоор нь эдгээх аргыг хэрэглэж ургамлын эм тан өгч, залбирч хэлэх тарнийг нь хамт хэлээд тухайн хүнийг цоо эрүүл болгодог байлаа. Орчин үеийн европ эмнэлэг бол сайны хувьд сайн л даа, гэхдээ зөвхөн тухайн хүний бие дээр төвлөрч тэрхүү бие дээр гарсан өвчнийг устгана гээд элдэв тариа, химийн эмүүдээр бөмбөгдөөд эцэст нь өвчилсөн зүйлийг нь мэс заслалаар тайраад авчихдаг.Хорт хавдар, чихрийн шижин гэх мэтийн өвчнүүдийг “эдгэшгүй өвчин” гээд зарлачихсан. Гэтэл уламжлалт анагаах ухаан болон бясалгалын аргаар тэдгээр өвчнүүдийг эдгээсэн тохиолдол олон байдаг ажээ. Эрт дээр үед Хималайн нуруунд өндөр газар цастай агуйд бясалгал хийдэг лам нар нимгэн орхимжтой ч гэсэн эсхүл норчихсон хувцас орхимжоо биедээ наалдуулж биеийнхээ дулааныг нэмэгдүүлж хувцсаа хатааж, хүйтний эсрэг бясалгал хийж, нимгэн огт даардаггүй байжээ. Гэтэл энгийн хүн чонон дахтай мөртлөө даараад байдаг. Тэдгээр лам нар бясалгалын аргаар өвчнийг эдгээдэг байжээ. Иймд эсийн түвшинд бясалгал хийж, эд эсээ эрүүл болгодог эртний энэтхэгийн анагаах ухааны аргуудыг орчин үед өргөнөөр ашиглах нь зүйтэй юм. Далай ламын аравнайлсан үрэл залгиад зөвхөн залбирал хийж мөргөл үйлдээд элдэв өвчнөөс, бүр хорт хавдраас хүртэл салсан хүмүүс байдаг ажээ. Зопа римбүүчийн “Зовлонг амар амгаланд урвуулахуй” гэдэг нэг сайн ном байдаг.Тэрхүү номонд буддын бясалгал, тарни, нүннай сахих, мацаг барих аргаар элдэв өвчин, хорт хавдраас хүртэл эдгэсэн хүмүүсийн тухай, жаргалын дор ч гэсэн зовлон нуугдаж байдаг тухай өгүүлдэг.

Жишээлвэл хүн намайг харааж доромжлоод байвал тэр хүнийг энэ хүн миний тэвчээрийг шалгаж байгаа багш байна хэмээн бодоод уураа энэрэлд урвуулдаг арга байдаг юм. Орчин үед хүмүүс гар утас, компьютерийн дэлгэцийг олон цагаар хараад хөдөлгөөнгүй суудаг.

Тэгээд сайн мэдээ үзэхгүй, муу мэдээ үзээд байдаг. Учир иймд муу зүйл үзэх биш, сайн эерэг зүйл үзээд хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хүн ер нь энэтхэгийн иог, хятадын ушу зэрэг биеийг сайжруулдаг хөдөлгөөний урлагийг сурах нь их чухал даа. Орчин үеийн хүн эрүүл мэндээ өдөр тутам өөрөө хянах хэрэгтэй. Хүмүүс гэртээ даралтны аппарат, сахар хэмжигч, хөдөлгөөн дасгалын хэрэгслэлээ бэлэн байлган ашиглаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.Эдгээр багаж хэрэгслэл эмнэлэг бүрт бэлэн байдаггүй эсхүл эвдэрсэн, эсхүл ажиллахгүй болсон тохиолдол байж л байдаг. Будда нирваанд орохын өмнө шавь нартаа хандаж “Сэтгэлээ жолоодож сур, биеэ хянаж сур, сэтгэлийнхээ эзэн нь бол. Бясалгал сайн хийж, дотоод ухамсраа сэрээ. Амьд яваадаа таларх. Байгаль дэлхий, ус агаар, хөрс ургамал, ой мод, аав ээж, ах дүү, анд нөхөддөө болон хүрээлэн буй хүмүүст таларх. Өөрөө өөртөө гэрэл болцгоо” хэмээн сүүлчийн айлдвараа хэлсэн байдаг. Тэгэхлээр хүмүүн бүр Боди сэтгэлийг олох хэрэгтэй. Боди сэтгэл гэдэг нь тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл дээр тогтдог ажээ. Хүмүүн бүхэн Боди сэтгэл, Хоосон чанарыг бясалгах хэрэгтэй. Хүмүүн бүхэн муу бодлоос чөлөөлөгдөх хэрэгтэй. Муу бодлын боол болвол хэцүү дээ. Хүмүүсийн уур, атаа, хорсол, шунал, хэрүүл, гомдол, гутрал, цөхрөл, шаналал бүхэн эцэстээ өвчинд хүргэдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн өвчин биеийн өвчин болохдоо тун амархан. Сэтгэлийн өвчин гэдэг нь уур, шунал, гомдол,тунирхал, атаа хорсол, үзэн ядалт , архи, тамхи, хар тамхи, мансууруулагч бодис, хэт их идэлт, тоглоом, дэлгэцийн дондолт зэргийг хэлээд байгаа юм. Орчин үеийн хүмүүс эрүүл сэтгэлгээтэй болохын тулд зөв бясалгал хийх хэрэгтэй. Дэлхийд олон бясалгал байдаг.Хамгийн зөв бясалгал бол Буддагийн 2500 жилийн өмнө нээсэн Vipassana буюу Үлэмж үзэхүйн бясалгал юм. Монголд үлэмж үзэхүйн бясалгалыг Д.Ширэндэв багш дэг жаягийнх нь дагуу ард түмэндээ зааж, үйлийн үрийг зогсоож, сэтгэлийн гэм хирээ ариусгах боломжийг олгож байна.

Далай лам багш “Орчин үеийн хүмүүс мөнх юм шиг амьдрах юм. Тэгсэн мөртлөө амьдраагүй юм шиг үхэх юм. Хүмүүс хамаг амьдралаа мөнгө олоход зориулж ажиллаад эцэст нь олсон мөнгөө орчин үеийн элдэв өвчнөөс салахад зориулж дуусгах юм даа.

Миний хувьд өдөр бүр боди сэтгэл, хоосон чанарыг бясалгадаг. Боди сэтгэл бол орчлонгийн далайгаас гарах тулгуур мод болно. Боди сэтгэл бол хилэнцийг арилгаж буяныг хураах гайхамшигт арга. Боди сэтгэл бол өвчнийг арилгаж бусдын тусыг бүтээх эм болой.” гэсэн айлдварыг Монголчууд бид сайтар санах хэрэгтэй.

Саяхан миний амьдардаг Багануур хотод Жаргаа багшийн хөтөлбөртэй эдгэрэлийн бясалгал болж амжилттай болж өнгөрлөө. Эдгэрэлийн дээрхи аргыг судалж эдгэрэлийн сургалтад ороод хорт хавдараа эдгээсэн хүмүүс Монголд олон байдаг юм байна. Бид Монголын ТВ-ээр Эдгэрэлийн баярыг үзэж Жаргаа багшийн аргаар бясалгаж өвчнөөсөө эдгэсэн үй түмэн хүмүүс ямар их баяртай байгааг олж үзсэн. Сэтгэлийн зовлонгоо ялсан хүн эдгэдэг гэдгийг мэдсэн. Жаргаа багшийн 5 хоногийн эдгэрэлийн сургалтыг манай Багануурын багш бүсгүйчүүд маань санаачилж Багануурын Хүний хөгжлийн ордонд анх удаа иргэдийн дунд үнэгүй явууллаа. Энэхүү сургалтад маш олон бүсгүйчүүд идэвхтэй сайн оролцож байлаа. Бүсгүйчүүд маань аюулт өвчнийг хэрхэн ялсан тухайгаа ярьж байлаа. Бүсгүйчүүд маань манай нийгмийн тэргүүлэх авангард хүчин юм даа. Ганзагын наймаанд бүсгүйчүүд маань л манлайлж байлаа, гачаал зовлонг бүсгүйчүүд маань л даван туулж байлаа. Монголын бүсгүйчүүд сэтгэлийн хаттай юм, итгэлийн галтай юм.

Бүсгүйчүүд маань байгалиас өгөгдсөн энэрэнгүй сэтгэлтэй байдаг. Бүсгүй хүн хамаг амьтныг өөрийн ганц үр шигээ хайрладаг бол яг л Дарь эх болно гэсэн үг. Энэхүү сургалтад манай ангид 20 хүн сурснаас хоёр нь л эрчүүд байв. Эрчүүд маань яагаад цөөхөн байна вэ. Эрчүүд маань яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг юм бэ.

Хамаг л хүнд хүчир ажлыг хөвгүүд л хийдэг байв. Хэнтийн Өндөрхааны сургуульд сурч байхад сургуулийн хөвгүүд биднийг Өндөрхааны гурилын үйлдвэр дээр үйлдвэрлэсэн шууудайтай гурилыг агуулах руу зөөх ажил хийлгэдэг байж билээ. Бяцхан хөвгүүд бид нуруун дээрээ 70 кг-ын шуудай гурил үүрээд явах ч чанга ажил байсан шүү. Сургууль төгсөж ирээд байгууллагын мод бэлтгэх ажлыг хөвчид очиж хийж билээ. Хаврын хунгарласан цасан дунд ой модон дотор тэнгэр баганадсан том том бүдүүн ургаа модыг хөрөөдөж унагаагаад мөчирлөөд унагасан том моднуудаа гараараа хөшүүрэгдэн өргөж тракторын чиргүүл дээр зөөж ачих ч бас л чанга ажил байсан шүү. Эрчүүд учраас бид л хийх ёстой хэмээн боддог байж билээ. Сургуульд байхад хөвгүүд цугларахаараа юу ярьдаг гээч. Би тэр хөвгүүнийг нам цохиж унагасан, би тэр хөвгүүнийг гөлөг болгосон, тэр охин надад сайн, би олон охидод захиа өгсөн, охидууд надад талтай, би тэр охиныг хаяад өөр илүү хөөрхөн охинтой найз болсон гэх мэтээр ярьдаг байлаа. Хөвгүүд биеийн хүчтэй, бяртай залуусыг биширдэг байж билээ. Харин тэдний хэд нь сэтгэлийн бяртай хөвгүүд байсан юм бол доо. Ихэнхи эрчүүд дотоод сэтгэлийн сөрөг байдал, сэтгэлийн гомдол шаналлаа дотроо нууж явсаар байгаад тэр нь олон жилийн дараа өвчин болж нэг л өдөр унаад ойчдог. Ийм л учраас Монгол эрчүүдийн дундаж наслалт 65, Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77 болоод байгаа юм. Японд эр эмгүй л дундаж наслалт нь 87, Окинава арлынханы дундаж наслалт 100 байдаг юм. Булчин шөрмөс нь зангирсан булиа эрчүүдийн сэтгэл нь яг л хүүхэд шиг цайлган байдаг. Эрчүүдийг энэрэл хайранд умбуулвал яг л хүүхэд шиг цагаан цайлган болдог. Эрчүүдийг хүчирхийлэл, архидалтын замд оруулвал мангас болдог. Гэгээрэл энэрлийн замд орсон эрчүүд эмэгтэйлэг болдог. Тийм эрчүүд бүхнийг энэрэл хайрын харцаар харж эмэгтэй хүн шиг өрөвч зөөлөн сэтгэлтэй болдог. Эрчүүд минь энэрэл гэгээрлийн замд орцгооё. Багануурын эдгэрэлийн багш нар бидэнд Жаргаа багшийн “Сэтгэлийн хүчээ мэдэр” хэмээх хөтөлбөрийн хүрээнд

  1. Эдгэрэлд хүрэх аргууд,
  2. Өвчнөө хайрлахуй,
  3. Эрчимтэй эдгэрэлт,
  4. Гомдол баяртай,
  5. Итгэл үнэмшлийн хүч гэсэн сэдвээр таван өдөр хичээл заав.

Энэ үеэр Бясалгал, Дуун бясалгал, Эрчимтэй эдгэрэлийн Мантра, Эдгэрэлийн бясалгал, түүх, Харилцан яриа зэрэг аргуудыг зааж хүмүүс айдас, гомдол, харамсал гэх зэрэг сэтгэлийн түгээмэл сөрөг хөдлөлийг хэрхэн даван туулах талаар хичээл сонсож сэтгэлийн дотоод хүч, ухамсраа сэргээн сайжруулав. Дуун бясалгал дээр аав ээжийн тухай дууны үг дэлгэц дээр гарч аялгуу эгшиглэж гурвантаа давтаж даган дуулахад аав ээжээ өөрийн эрхгүй дурсаж нулимс асгарах юм. Нулимс олон янз байдаг. Баярын нулимс, гомдлын нулимс, харуусал гашуудлын нулимс гэх мэт. Зарим хүн “Эрчүүд бусдад нулимсаа үзүүлж болохгүй. Нулимсаа үзүүлвэл дорой амьтан гэдгээ харуулж байгаа юм” гэдэг. Үгүй шүү. Нулимс бол өрөвч зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн байдаг л зүйл.

Чулуун зүрхтэй хүнээс л нулимс гардаггүй байх. Жаргаа багшийн эдгэрэлийн сургалтад хүмүүс олноор хамрагдаж хорт хавдарыг анагааж чадсан хүмүүс ч олон байлаа.Танхимын сургалт бол маш үр дүнтэй сайн сургалт юм байна. Дэлгэцээр харьцах бус, хүмүүс хоорондоо амьд харьцах нь чухал ажээ.

Жаргаа багш бол Өвөр Монголын Нагунбилиг эмч болон Оросын академич, иогч, сэтгэл судлалын эрдэмтэн, эмч, зохиолч Валерий Синельниковын арга зөвлөлгөөг судалж дээр нь монгол хүнд тохирох аргыг олж нэмээд өвчнөөс салах сэтгэл зүйн гайхалтай үр дүнтэй аргачлалыг боловсруулжээ. Ялангуяа монгол дууны бясалгал, монгол хүний Мантра бясалгал нь гайхамшигтай. Жаргаа багшийн номыг өнгөрсөн оны хаврын номын баярын үед ганц хоёр хоногт хүмүүс багшралдаад хурдан аваад дуусгаж байсан даа. Би ч гэсэн амжиж Жаргаа багшийн 2 номыг авсан. Оросын эрдэмтэн эмч В.Синельниковын “Өвчнөө хайрла” хэмээх 2 боть ном хэвлэгдэн гарсныг би нийслэлийн “Интерном” дэлгүүрээс олж авлаа. В.Синельников нь энэ номондоо хүн аливаа гэнэтийн сэтгэл зүйн цочролоос гаралгүй удвал хүний тархинд маш хүчтэй гэмтлийн голомт үүсэж тархины тухайн хэсэгт харьяалагдах бай эрхтэнд өөрчлөлт орж өвчин буй болдог, тухайн үед үүссэн сөрөг сэтгэл хөдлөлдөө хариуцлага хүлээж асуудлын шийдлийг өөрт ашигтай байдлаар эргүүлж эрүүл болж болно, хүн өөрийн далд ухамсарт буй мэдээллээ зөв ашиглаж сэтгэлийн эерэг төлөвт орж чадвал аливаа өвчнөөс салж эрүүлжиж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Бусдыг хүндлэх, уучлахын ач тус, гомдол харууслыг сэтгэлээсээ олж илрүүлээд эерэг зан төлөвт оруулах зэрэг аргуудыг өгүүлжээ. Сэтгэл зүйн асуудлаас болж хорт хавдар туссан маш олон хүнийг хэрхэн эмчилсэн тухай өгүүлжээ. Хүн хүүхэд насандаа ч юм уу, өсвөр насандаа ч юм уу, ямар нэгэн таагүй юмнаас болж айж цочих, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх, аборт хийлгэх, эсхүл ажил дээрээ дарга нарын бэлгийн дарамтанд орох, хулгай дээрэмд өртөж өмч хөрөнгөө алдах, үр хүүхдээ алдах, нөхөр нь архичин болж гэр бүлээ зодож хүчирхийлэх зэрэг өч төчнөөн сөрөг үйлдлээс болж өвчин үүсдэг ажээ. Энэ бүгдийн учрыг олж сөрөг зан төлөвөө эерэг зан төлөвт урвуулан сэтгэлийн шаналалаасаа салж эдгэрэх аргыг тэрхүү номонд өгүүлжээ. Эдгээр номыг уншихад бүх өвчнийг анагааж байгаа арга нь буддизмын сургаалтай яв цав тохирч байгаа нь гайхалтай байлаа. Буддын судруудад ууртай, шуналтай, тачаалтай хүн ямар өвчин тусдаг вэ, өвчнөөс хэрхэн ангижрах вэ, сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох вэ гэдгийг биччихсэн байдаг. Хүмүүс аз жаргалыг гаднаас хайгаад байдаг. Хүмүүс дайсныг гаднаас эрээд байдаг. Аз жаргал бидний дотор байдаг.

Бидний дайсан бол бидний дотор бугшсан нисваанис юм. Буддын сударт хүний сэтгэлд бугшсан уур, шунал, мунхаглал хэмээх 3 үндсэн нисваанис дээр суурилсан сэтгэлийн 81 000 нисваанисийг хэрхэн дарах тухай өгүүлсэн байдаг.

Нисваанисийг танин барьж дар хэмээн сургасан байдаг. Нисваанис гэдэг нь сэтгэлийн гэм гэсэн утгатай санскрит үг юм. Нисваанисийг анир чимээгүй орчинд суугаад бясалгал хийж дардаг. Уураа гаргаж байна гээд гадаа хээр очиж мянгантаа хашгираад нэмэргүй. Зовлон надад тохиолоо гээд мянгантаа уйлаад нэмэргүй. Гагцхүү сэтгэлээ номхруулж байж, нисваанисаа дарж байж сэтгэлээ гэгээрүүлж байж л тэрхүү зовлонгоос ангижирна. Боди сэтгэлийг олж байж л гэгээрнэ. Хүмүүс юунаас болж зовдог вэ. Нисваанисаас болж зовдог. Уур, шунал, мунхаглалалаасаа болж зовдог. Будддизмд мэдрэмжийн тухай өгүүлсэн байдаг. Хүнд 2 төрлийн мэдрэмж байдаг. Энэ нь таатай болон таагүй мэдрэмж юм. Хүмүүс таагүй мэдрэмжийг төрүүлээд байх юм бол сэтгэлийн өвчтэй болж болно. Хүмүүс хэт их таатай мэдрэмжийн хойноос хөөцөлдөөд байвал сэтгэлийн амар амгалан алга болдог. Иймд энэ хоёр зүйлд хэт автахгүй байх нь зөв. Их идээд байвал өвчин болно. Их дургуйцэж зэвүүцээд байвал сэтгэл хямарна. Дургүйцэл нь зэвүүцэл болдог. Зэвүүцэл нь үзэн ядалт болдог. Үзэн ядалт нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг. Бурханы ёсонд бие, сэтгэлээ ариусгах хэрэгтэй хэмээн заадаг. Сэтгэл эрүүл бол бие эрүүл байдаг. Сэтгэл амгалан бол бол бие амгалан байдаг. Ахмад үе маань бидэнд “Үг дааж сур” гэдэг. Энэ нь ямар ч муу үг, ямар ч муу доромжлол шүүмжлэлийг дааж сур, хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хая гэсэн үг л дээ. Гэтэл хүмүүс биднийг муу үгээр дайрсан, шүүмжилсэн хүнд тун дургүй байдаг. Заримдаа тэдний үгэнд их гомддог. Тэрхүү гомдол нь нэг жил,10 жил, заримдаа бүх насаараа гомддог. Зарим хүн гомдлоос болж нойргүй хонодог гэсэн. Гэтэл нөгөө чамайг гомдоосон хүн чамайг гомдоосноо таг мартаад явж байдаг. Гэтэл гомдсон хүн тэрхүү гомдлоо бүх насаараа сэтгэлдээ тээсэн явдал ч буй. Гомдлоос болж сэтгэлийн шаналалд унаж бие, сэтгэл хохирдог юм байна, өвчтэй болдог юм байна гэдгийг бид мэдэх хэрэгтэй.

Би хуульч мэргэжилтэй бөгөөд төрийн байгууллагад олон жил ажилласан. Нэгэн удаа над дээр нэгэн ахмад хүн ирж хуулийн зөвлөлгөө авна гэлээ. Нөгөө хүн маань надад “Та надад өргөдөл бичиж өгнө үү. Учир нь миний хүү надаас 5 сая төгрөг зээлсэн юм. Гэтэл хүү минь надад тэр мөнгийг минь буцааж өгөхгүй 5 жил боллоо.

Би шүүхэд нэхэмжлэл бичиж мөнгөө хүүгээсээ авмаар байна” гэдэг байгаа. Хүүдээ их л гомдсон бололтой юм. Би түүнээс “Та тэр хүүгийн төрсөн эцэг нь юм уу, эсхүл хойд эцэг нь юм уу” гэхэд “Би төрсөн эцэг нь” гэлээ. Би тэр ахмадад “Та хүүгээ шүүхэд өгнө гэж яараад хэрэггүй. Би төрсөн эцэг, хүү хоёр бие биенээ шүүхэд өгсөн явдал огт харж байгаагүй. Та аав хүн тул хүүгээ яагаад мөнгийг чинь төлж чадахгүй байна вэ гэдэг шалтгааныг ол. Тэгээд хүүдээ тусал. Хүүгээсээ заавал мөнгө нэхэх шаардлага байгаа юм уу. Эцэг хүн хүүдээ тусалж байдаг болохоос бус, хүүгээ шүүхэд өгч шоронд хийнэ гэдэг эцэг хүн энэ ертөнцөд байдаггүй юм шүү” гэлээ. Тэр хүний царай нь час улайгаад юу ч дуугаралгүй яваад өгч билээ.Тэр хүний хүүдээ гомдсон өчүүхэн гомдол барагдсан болов уу.

Хүмүүс бид сэтгэлд бугшсан айдас, гомдол, харамсалыг таягдан хаях хэрэгтэй. Харуусал бол их түгээмэл үзэгдэл. Бид хулгайд юм аа алдаад, өмч хөрөнгөө алдаад эрүүл мэндээ алдаад ихэд харамсдаг. Энэ хорвоод би л ганцаараа зовж байгаа мэт аягладаг. Харамсал бол сэтгэлийн том зовлон юм.

Хүн ер нь харамсахгүй л амьдрах хэрэгтэй. Би тэгдэг байж, ингэдэг байж гэж ирээд л харамсаад байдаг. Хийхийн өмнө бодохгүй яасан юм. Үйлдэхийн өмнө сэтгэхгүй яасан юм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэж манайхан ярьдаг даа. Амьд байхад нь аав ээж, ах дүү, анд нөхдөө хүндэлж туслаагүй байж өнгөрсөн хойно нь харамсаад яах юм. Хүмүүс ээжийн тухай, аавын тухай дуу сонсоод “Би аав, ээждээ ачлал үзүүлээгүй ямар тэнэг хүн бэ” гэж ирээд л нулимс дуслуулж харамсаад л байдаг. Амьд байхад нь ачлахгүй яасан юм. Одоо харамсаад яах юм. Буддын сударт “Хүнд үхэх шалтгаан үй түм байна. Амьд үлдэх шалтгаан маш цөөн байна” хэмээн заасан байдаг. Богд лам “Үхэл мөнх бусыг ширгэтэл бясалга” хэмээн айлдсан. Буддын сургаалд “Магад гарахуй сэтгэлийн бясалга” гэдэг. Тэр нь мөнх бусын ахуй ертөнцөөс уйд гэсэн утгатай үг. Ертөнцийг огоорч магад гарахуй сэтгэл төрвөл номын аньс нээгдэнэ ч гэдэг. Будда бол анхандаа жирийн нэгэн хан хүү байсан. Сиддарт хан хүү 29 насандаа хааны ордон, хайртай хатан, хүү хоёроо орхиж, 6 жил аглаг газар бясалгасны дараа гэгээрэлд хүрсэн. Будда буюу түвдээр “Санжэй” гэдэг нь “Сэрж гэгээрсэн” гэсэн утгатай үг. Юунаас сэрсэн бэ гэхлээр нисваанисаас сэрсэн, дотоод ухамсараа сэргээсэн. Тэгээд гэгээрсэн гэсэн үг. Нэгэн хүн Буддатай таарч “Будда таныг хүмүүс гэгээрсэн хүн гэлцэх юм. Та ер нь юү олсон хүн юм бэ” хэмээн асуужээ.

Будда: Би юү ч олоогүй. Харин би уур, шунал, мунхаглал, гомдол, харамсал, айдас, доромжлол, хараал хэрүүл, үзэн ядалт, бүх муу зүйлээ хаясан” гэжээ.  Энэ хорвоо бол үйлийн үрийн хорвоо. Өвчин бол үйлийн үр. Анагаах ухаан улам хөгжөөд л байдаг, өвчин улам нарийсаад л дэлгэрээд байдаг. Бидний нэрийг нь мэдэхгүй өчнөөн өвчин буй болжээ.Өвчин бол сэтгэлийн шаналалаас үүсдэг ажээ. Эдгэрэлийн тухай ном уншаад би ийнхүү бодлоо. Хүн өвчнөө ялаад би эрүүл боллоо гээд л зогсох юм уу. Үгүй. Өвчнөө ялсан хүн өөрийгөө ч ялж чадна. Өөрийгөө ялсан хүн гэгээрч чадна. Хамаг муугаасаа хагацсан хүн гэгээрнэ. Орчин үеийн анагаах ухаан хийгээд эртний Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан,Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд би итгэдэг. Эртний уламжлалт анагаах ухаан өвчнийг цогц үндсээр нь эдгээж, эмийн ургамалын танг хэрхэн уухыг унших тарнитай нь заагаад өгдөг юм.

Монголын уламжлалт анагаах ухааны сударт өвчнийг үүсгэдэг “хий, шар, бадгана” өвчнийг “идээ, үйл явдал, эм, засал” гэсэн дөрвөн аргаар эмчлэх тухай бичсэн ажээ. Тачаалаас хий, уураас шар, мунхаг, хөдөлгөөнгүй байдлаас бадгана хямарна гэж үздэг.

Шар нь гал шиг дээш бадарч байхад, Бадгана нь хөрч бөглөрч доош уруудан хүйтэн төлөвийн шинж тэмдэгийг үзүүлнэ. Хий нь энэ хоёрыг аль болохоор зохицуулахаар хооронд гүйж байдаг гэсэн бүдүүвч ойлголт нь тус бүрдээ ихдэх, багадах шинж тэмгээр бие махбодид илэрдэг шинжээр нь 20 бэлэг чанар болгон тухайн хүний биеийн байр байцыг шинжилдэг. Цаад утгаараа нүүрс ус, өөх тос, эдийн шингэний зохицоог л илэрхийлэх гэсэн эртний уламжлалт логик сэтгэлгээг биед илрэх шинж тэмдгээр мэдрэх хамгийн энгийн мөртлөө үнэнхүү олон мэдээлэлийг тусган хэлж, өвчин болж бүтцийн өөрчлөлт болохоос нь өмнө болгоомжтой байхыг хүн тус бүрийн онцлогт нь уялдуулаад шинжиж, шинж тэмдгүүдийн системийн анализ хийгээд өгдөг аж. Анагаах ухааны эртний энэтхэгийн Аюурвед судар, Монгол, Түвдийн “Дөрвөн үндэс” хэмээх судар хүний 404 үндсэн өвчнийг хэрхэн анагаах талаар тодорхой өгүүлсэн байдаг ажээ.

Монгол сударт: “Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой” хэмээн онцлон тэмдэглэжээ. Орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулдаг асуудал бол сэтгэлийн шаналалд унахаас гадна хэт таргалалт юм. Монголчууд “Тарган мал тал бүрийн ашигтай. Тарган хүн төрөл бүрийн өвчтэй” хэмээн ярьдаг даа. Орчин үед төрөл бүрийн амттан кекс, торт бялуу, еэвэн, печень, вафли, шоколад, зайрмаг, хиам, пицца, чихэрлэг ундаа, кола, пепси, элдэв гурилан бүтээгдэхүүн мантуу, талх, нарийн боов , гоймон, KFC, Macdonalds гээд төрөл бүрийн шарсан тахианы мах Монголоор дүүрэн ярайж байна.Тараг, байцааны салатанд хүртэл чихэр хийдэг болжээ. Энэ бүгдийг хүмүүс таашаалтай нь аргагүй хэт ихээр зооглож байна. Би хүнсний том дэлгүүрт орж чихэргүй бүтээгдэхүүн эрдэг боловч олдоггүй юм даа. Уламжлалт монгол малын мах, цагаан идээнээсээ татгалзаж эдгээр орчин үеийн олон хүнсний бүтээгдэхүүнийг их идээд байвал жин нэмэгдэж элдэв өвчин тусах нь мэдээж. Харин монгол малын мах бол хүнд маш ашигтай бөөн витамин болсон эко бүтээгдэхүүн юм.

Нэгэнт илүүдэл жинтэй болж таргалсан хүн чихрийн шижин өвчтэй болж, артерийн судасны нарийсалт болж, цусны даралт нь ихсэж, багтраа, бүдүүн гэдэсний хорт хавдар, нойр булчирхайн өвчлөл, цөсний чулуутай болж, үе мөчний үрэвсэл, элэг, бөөрний өвчтэй болдог ажээ.

Би ч гэсэн хэт таргалалтад өртсөн. Миний биеийн жин 95 кг хүрчихсэн байсан.Би эмч нарын зөвлөлгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн. Миний биеийн өндөр 166 см тул жин нь 66 кг байх ёстой байсан. Эмч нарынхаа зааврыг хэрэгжүүлсний дүнд миний жин гучаад кг- аар хасагдаж эдүгээ 67 кг болсон. Үр дүнд нь миний холестрин болон сахарын хэмжээ буурч хэвийн хэмжээнд хүрсэн. Бие, сэтгэл хөнгөрөөд л сайхан болсон. Хүн өөрөө эрүүл мэндээ хамгаалж идэвхтэй үр дүнтэй ажиллахгүй бол бүх зүйл талаар өнгөрөх нь мэдээж. Хүмүүс залуу наснаасаа эхлэн элдэв өвчин тусах, архи тамхи хэрэглэх, хугацаанаасаа өмнө өөд болох, өвчнөөс салахгүй элдэв эм, тарианы боол болох уу, эсхүл сэтгэл санааны элдэв зовиур, дарамт, гомдол, тунирхал, айдас, цөхрөл гутралыг үгүй болгож, санаа сэтгэл амар амгалан, баяр баясгалантай, сэтгэл дүүрэн эрүүл саруул амьдрах уу гэдгээ өөрөө сонгох хэрэгтэй. Монголчууд “Эзэн хичээвэл Заяа хичээнэ, Сэжгээр өвдөж, Сүжгээр эдгэдэг, Өвчингүй бол жаргал, Өргүй бол баян” хэмээх мэргэн үгийг хэлдэг дээ. Хамаг амьтан өвчин зовлонгүй, амар амгалан болтугай. Саяхан би эдгэрэлийн сургалтад орсны дараа нэгэн шүлэг бичсэн бөгөөд тэрхүү шүлгээрээ энэ нийтлэлээ өндөрлөе.

АСРАЛ ЭНЭРЛЭЭР ДҮҮРЭХ БОЛТУГАЙ

Айдас надад байсаан

Алагчлал надад байсаан

Харамсал надад байсаан

Хардалт надад байсаан

Дургүйцэл надад байсаан

Дурлал надад байсаан

Омог надад байсаан

Бардамнал надад байсаан

Гомдол надад байсаан

Горьдолт надад байсаан

Сэжиг надад байсаан

Сонжилт надад байсаан

Эндүүрэл надад байсаан

Эргэлзээ надад байсаан

Үзэн ядалт надад байсаан

Үлгэрийн мөрөөдөл надад байсаан

Энэ бүгдээс би салсаан

Энэрэл хайраар би дүүрсээн

Бачуурсан сэтгэлээс би салсаан

Баяр баясгалангаар би дүүрсээн

Тэнэг мунхаглалаас би салсаан

Тэгш сэтгэлээр би дүүрсээн

Сэтгэлийн өвчнөөс би салсаан

Итгэлийн далайгаар би дүүрсээн

Төөрөгдлөөс би салсаан

Түмэн олныг би боддог болсоон

Харамлах сэтгэлээс би салсаан

Хамаг олныг би боддог болсоон

Бохир сэтгэлээс би салсаан

Боди сэтгэлийг би шүтсээн

Амьтан бүхний сэтгэл ариусаж

Асрал энэрлээр дүүрэх болтугай.

Доржийн СҮХБААТАР ,  Багануур, 2026.01.25


URL: