“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал, реалити шоу 650 км зам туулан амжилттай өндөрлөлөө.


“Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” реалити шоу өнгөрөгч аравдугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхлүүлсэн бол арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элснээ өндөрлөсөн юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй уг аялалд салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 10 оролцогч оролцож Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт байрлах үзэсгэлэнт Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Гилбэнт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 хоногийн турш тэмээтэй аялжээ.

“Gobi challenge-2020” реалити шоуны хүрээнд ирэх 2021 оны эхээр буюу цагаан сарын өмнө “ТВ8” телевизээр 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ Монголын говийн үзэсгэлэнт байгаль, өвлийн тэмээн аяллын тухай баримтат кино, гэрэл зургийн цомог, аян замын тэмдэглэл бүхий ном бүтээх юм. 

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “Gobi challenge-2020” реалити шоуг  “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр санаачилж, тэмээн аяллыг “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаатай хамтран зохион байгуулсан юм. Төслийн санаачлагч, “Эрхэт Монгол” медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Gobi challenge” төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж, амжилттай өндөрлөлөө. Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Хэрэв Н.Байгалмаа гэдэг монгол бүсгүй олон улсаар 7300 км замыг туулан тэмээтэй аялаагүй бол төслийг хэрэгжүүлэх санаа төрөхгүй байсан. Тиймээс энэ төслийн үндэс суурийг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа тавьсан гэж ойлгож болно. Н.Байгалмаа олон өдрийн тэмээн аяллаар телевизийн реалити шоу хийх, баримтат кино, ном бүтээх саналыг талархан хүлээн авсанд баярлаж байна. Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн аялал дэлхий даяар “ковид 19” цар тахал тархсантай холбоотой түр завсарлаад байгаа ч бид хамтдаа Монголынхоо говийг, тэмээн соёлоо дэлхий дахинд дэлгэн харуулах ажлыг хийж чадлаа. Тэгэхээр энэ аялал бол тэмээгээр аялагч Н.Байгалмаагийн дэлхийд хийж байгаа аяллынх нь нэг хэсэг гэж үзэж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг ялж, бүх зүйл сайхан болсон үед Н.Байгалмаа маань аяллаа амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. “Эрхэт Монгол” медиа групп Н.Байгалмаагийн дэлхийд хийх тэмээтэй аяллыг боломжит хэмжээгээрээ дэмжиж ажиллахаа илэрхийлье.

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болсон алдарт Хонгорын элснээ өндөрлөж байна. Цаашид энэ аяллыг олон улсын хэмжээний томоохон төсөл болгож, олон улсын телекомпаниуд, медиа группүүдтэй хамтарч контент хийх, олон улсын аялагчдыг оролцуулан өргөжүүлэхээр төлөвлөсөн. Бидний ажлыг дэмжиж, ихээхэн туслалцаа үзүүлсэн Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье. Мөн “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон сэтгэл зүрхээрээ дэмжсэн нутгийн иргэддээ баярлалаа. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах гарц болсныг бидний контент харуулахыг зорилоо. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд байгааг нотлон харуулахад “Gobi challenge” төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад агуу өв соёлоо ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл томоохон хувь нэмэр оруулах юм. Монголын говийг дэлхийд сурталчлах үйл хэргийг дэмжиж, халуун дотноор угтан авсан говь нутгийн зон олондоо болон аяллыг ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч бүх байгууллагадаа баярлалаа” хэмээсэн юм.

“Gobi challenge-2020” шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, ивээн тэтгэгчээр “Энержи ресурс”, “Ард” санхүүгийн нэгдэл, “Мандар” групп, “Эрдэнэт” ТӨҮГ, “Эм Си Эс Кока кола” ХХК, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” нэгдэл ажилласан ба үндэсний үйлдвэрлэгч “Бодиос”, “Отог” брэнд, “Shijir shine”, “Хүннү фэйшн”, “Дархан нэхий”, Тод оймс”, “Тнгри инвест”, “Техник импорт”, “Гор газ”, Бэст бэйкери , “Алтан тариа”, “Морьт хангай” групп зэрэг олон байгууллага хамтран ажилласан байна.


URL: