Бельгийн гадаад хэргийн сайд өвчтэй нөхрөө асрах зорилгоор урт хугацааны чөлөө авчээ

зураг

Тархины хорт хавдартай нь оношлогдсон нөхрөө асарч халамжлах зорилгоор албан тушаалаа түр хугацаагаар орхиж байгааг Бельги улсын гадаад хэргийн сайд Софи Вильмес өчигдөр зарлажээ.

Одоо 47 настай Вильмес 2020 оны аравдугаар сараас хойш гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа юм.

Үүнээс өмнө тэр нэг жил орчим хугацаанд Бельгийн ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

Тэрбээр гэр бүлд нь гэнэтийн зовлон тохиолдсон хүнд хэцүү цаг үед нөхөр, гурван хүүхдэдээ цаг зав гаргах шаардлагатай байгааг сошиал хуудсандаа бичсэн байна.

Вильмесийн нөхөр Кристофер Стоун одоо 63 настай, Австралийн бизнесмэн юм. Тэр бас 1978-1981 оны хооронд Австралийн хөл бөмбөгийн клубт тамирчин байжээ.

Вильмесийн эзгүй үед ерөнхий сайд Александр Де Кро гадаад хэргийн сайдын албыг давхар хашихаар болсон байна.

Де Кро өчигдөр Вильмес засгийн газрынх нь танхимын гишүүн хэвээр үлдэх тухай мэдэгджээ.

Ингэснээр ерөнхий сайд Де Кро улс орноо Европын Холбоо, НАТО-гийн бүх арга хэмжээнүүдэд төлөөлөхөөр болж байна.

Оросын цэрэг Украинд халдан довтолсон энэ цаг үед гадаад хэргийн сайдын гүйцэтгэх үүрэг Бельги улсын хувьд чухал ач холбогдолтой болоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP


URL: