Хойд солонгосчууд гудамжинд жагсан, АНУ-д цөмийн цохилт өгөхийг шаарджээ

anuХойд Солонгосын нийслэлд олон мянган хүн гудамжинд жагсан, АНУ-д цөмийн цохилт өгөхийг уриалжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Солонгосын дайн эхэлсний 73 жилийн ойд зориулсан, зургадугаар сарын 25-ны өдрийн жагсаалд 120 мянга орчим хүн оролцсон байна. Тэд АНУ-ыг устгах зорилгоор “өс хонзонгийн дайн” явуулахыг уриалсан уриа хашгирч байсан гэнэ. Оролцогчид гартаа “АНУ-ын эх газар бүхэлдээ манай буудлагын цар хүрээнд багтана”, “Империалист АНУ энх тайвныг сүйтгэгч” гэсэн лоозон барьсан байжээ.

Мөн энэ өдөр орон нутгийн хэвлэлүүд Хойд Солонгост “АНУ-ын империалистуудыг шийтгэх хамгийн хүчирхэг, төгс зэвсэг бий” гэсэн мэдээллүүдийг нийтлэж байжээ. Үүний зэрэгцээ, Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид мэдэгдэл хийхдээ АНУ цөмийн дайн өдүүлэхээр хичээж байна хэмээн буруутгаж байв.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/550595


URL: