“УХААЛАГ ЦАГДАА” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран “Ухаалаг цагдаа” төслийг 9-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл хоёр үе шаттай хэрэгжих юм.
Эхнийх нь энэ онд Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбоно. Мөн гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын системийг суулгах юм.
2017 онд уг төслийн хоёрдугаар үе шат эхэлнэ. Энэ онд мэдээлэл дамжуулах цогц програм хангамжийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн төслийн дагуу “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмжийг хэсгүүдэд суурилуулна. Ингэснээр цагдаагийн байгууллагын мэдээллийн үйл ажиллагаа ухаалаг системд шилжих юм. Дүн шинжилгээний системийг суурилуулах болно.
“Ухаалаг цагдаа” төсөл цагдаагийн байгууллагын хэсгийн байр, дэд хэсгийг интернэтийн сүлжээнд холбож улмаар гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгийг тодорхойлон үнэлэлт, дүгнэлт өгч урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилготой аж. Мөн бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх, иргэн жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бүртгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх юм байна.
Ц.Соёл-Эрдэнэ Bolod.mn
URL: