“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу “Итгэл” төвийн мөнгө угаалт-VI

В, С вирусийн шинжилгээг худлаа хийсэн лабораториуддаа хариуцлага тооцож чаддаггүй юм бол ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ  та ажлаа өгнө үү

unnamed

Монголчуудын 20 хувь нь элэгний В, С, Д вирустэй гэдэг тооцоо, судалгаа бий. Өөрөөр хэлбэл, арван хүний хоёр нь вирустэй гэсэн үг. Энэ нь цаашлаад хорт хавдар, элэгний хатуурал, нас баралтын гол шалтгаан болдог. Тэгвэл ямар ч өвчний эмчилгээний хамгийн эхний алхам бол оношилгоо. Эрүүл мэндийн шинжлэх ухаан бол оношин дээр үндэслэж үйл ажиллагаа явуулдаг салбар. Онош буруу байвал хэчнээн эмчилгээ хийгээд ч нэмэргүй, хий хоосон итгэл, найдвар болж хувирна.

Гэтэл “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 15 нь шаардлага хангахгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон. Эдгээр лабораторид шинжилгээ өгсөн 90 мянган хүний хариунд хяналт, шалгалт хийхээ Эрүүл мэндийн яам манай редакцаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн.
Уг нь лабораториуд стандартын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аппарат, тоног төхөөрөмжтэй, чанарын шаардлага хангасан урвалж оношлууртай байхаас гадна лабораторийн дотоод болон гадаад хяналтад тогтмол хамрагдах үүрэгтэй. Мөн лабораторийн эмч, мэргэжилтнүүд нь дотоод, гадаадын анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр сурч төгссөн, лабораторийн мэргэжил олгох сургалтад сурсан, жил бүр мэргэжил дээшлүүлдэг, тэр дундаа молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байх ёстой гэнэ. Гэтэл “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад энэ 15 лаборатори хэрхэн, яаж тэнцсэн нь тодорхойгүй байгаа юм. Дор хаяж гурван жил үйл ажиллагаа явуулсан, тоног төхөөрөмж, урвалж бодис нь баталгаатай, ажиллах боловсон хүчин, эмч, мэргэжилтнүүд нь мэргэшсэн байх гэх мэт наад захын шалгуурыг тэд хэрхэн алгасав. Хэрэв зохих шаардлагын дагуу лабораториуд тэнцсэн бол өнөөдөр нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч, бид 90 мянган хүний шинжилгээний хариу зөв, буруу гэж мэтгэлцэх шаардлагагүй байлаа. Тухайлбал, “Хаппи веритас” оношилгооны төв АНУ-д үйлдвэрлэсэн Жене-Эксперт гэх аппарат ашиглана хэмээн материал бүрдүүлсэн хэрнээ олон улсад оношилгоонд хэрэглэхийг хориглосон ABI 7000 төхөөрөмж ашиглаж байсан нь шалгалтаар илэрсэн. Редакцын хэлэлцүүлгийн үеэр тус төвийн захирал Ж.Сугарсүрэн “Манай эмнэлэг ABI 7000  төхөөрөмжөөр В, С вирус тоолох зөвшөөрлөө авсан” хэмээсэн. Энэ  зөвшөөрлийг хэн олгосныг асуухад “Би мэргэжлийн хүн биш, хуульч учраас хариулт өгч чадахгүй байна. Манайх ABI 7000-гаар В, С вирус тоолж, ЭМЯ-наас гэрчилгээг нь аваад, үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг олон улсад хориглодог эсэхийг мэдэхгүй” хэмээн булзаж, мөн энэ аппаратаар оношилгоо хийж байснаа хүлээн зөвшөөрсөн. Шалгалтад тэнцээгүй 15 лабораториос ганц “Хаппи веритас” л шалгалтынхныг байрандаа оруулаагүй, мөн сорьцын хариу өгөөгүй байдаг. Мөн тус лаборатори үйлчилгээ явуулж эхэлсэн 2008 оноос хойших хугацаанд Жене-Экспертийн ердөө 99 ширхэг урвалж бодис  худалдаж авсан нь шалгалтаар тогтоогдож, тэдний луйвар ил болсон юм. Өөрөөр хэлбэл, тэд өнөөдрийг хүртэл оношлогоонд ашиглахыг хориглосон ABI 7000 төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж, шинжилгээ өгсөн хүмүүсээс ердөө 99-д нь л Жене-Эксперт аппаратаар шинжилгээ хийсэн байх боломжтой байгаа юм. Иймээс тус оношилгооны төвөөр үйлчлүүлсэн иргэд мөнгөө эргүүлэн авах бүрэн эрхтэй. Учир нь шинжилгээний хариунууд дээр тус аппаратаар оношилсон гэдгийг хараар бичсэн байгаа. Лабораториуд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих болсон 2017 оноос хойш “Хаппи веритас” 22 мянган хүнд шинжилгээ хийж, ЭМДЕГ-аас 2.4 тэрбум төгрөг авчээ.
Үүнээс гадна бид өмнөх цувралдаа лабораторийн мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж, эмчийн хуурамч материал бүрдүүлсэн “Ай Ти” лабораторийн луйврыг илчилсэн. “Ай Ти”-гийнхан III эмнэлгийн эмч нарт цалин олгож байгаа мэт мөнгө тараадаг байсан мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн. Харин энэ удаа “Итгэл” эрүүл мэндийн төвийнхөн үйлдвэрлэгч компанийн төдийгүй оношилгоо, эмчилгээний зааврыг зөрчин хэрхэн үйл ажиллагаа явуулж байсныг дэлгэж байна. Иймээс бид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг эдгээр лабораторидаа хариуцлага тооцож чадахгүй бол ажлаа өгөхийг шаардаж буй.

“ИТГЭЛ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЕСӨН ЛАБОРАТОРИД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖЭЭ

Шалгалтад унасан 15 лабораториос хамгийн асуудалтай нь “Итгэл” эрүүл мэндийн төв гэдгийг шалгалтынхан онцолсон. Учир нь, тэд ДНК технологи компанийн тоног төхөөрөмжөөр В, С вирус тоолох шинжилгээ хийж байжээ. Холбогдох дүрэм, журамд зааснаар В, С вирусийн хэмжээ 20 IU ml-ээс дээш бол эмчилгээ хийлгэх шаардлагатай бол энэ төхөөрөмж нь 200 IU ml-ээс дээшхийг хэмжих чадвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, 200 IU ml-ээс бага хэмжээтэй вирус илэрвэл тухайн хүнийг эрүүл хэмээн оношилно гэсэн үг.
Шалгалтад энэ олон лаборатори унасан шалтгаан ч мөн “Итгэл” эрүүл мэндийн төвтэй холбоотой. Учир нь, тэд есөн лабораторид энэ төхөөрөмжөө 70-100 сая төгрөгөөр нийлүүлсэн байгаа юм. Эдгээр лабораторид улсын гурван эмнэлэг байгаа нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг. Мөн хувийн “Онкоген”, “Гэгээн ар үр”, “Протлаб”, “Евростандарт”, “Мобио”, UB нэгдсэн лаборатори үүнд багтаж буй. Лабораторийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бусдадаа тоног төхөөрөмж нийлүүлэх нь өөрөө хууль бус.
ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний шалгалтын үеэр лабораториудад найман дээж өгч, түүний хариуг хэрхэн гаргаж байгааг шалгасан байна. Энэ найман дээжнээс зургаа нь вирустэй буюу тоологдох боломжтой, хоёр нь эрүүл хүнийх байжээ. Гэтэл “Итгэл” эрүүл мэндийн төв энэ найман дээжний тавд нь алдаа гаргасан байна. Түүнчлэн тэдний аппарат нь copies ml гэдэг нэгжээр хэмждэг тул  энэ нэгжээ IU ml-т шилжүүлэх шаардлагатай. Ингэхдээ тэд анх нэгжийг шилжүүлэхдээ гарсан тоог хоёроор үржүүлнэ гэж тоног төхөөрөмж нийлүүлсэн лабораториуддаа мэдэгдэж. Гэтэл хөндлөнгийн хэд хэдэн шалгалтын дүн зөрж, хариу нь таарахгүй болохоор 4.2-оор үржүүлье, 0.6-г 0.1 болгох санал хүртэл гаргажээ. Хүний эрүүл мэндэд хэрхэн тоглоом мэт хандсан нь үүнээс харагдана. Уг нэгжийг хэрхэн, яаж шилжүүлэхийг заасан стандарт, хэмжээ, дүрэм, журам гэж бий. Гэтэл энэ бүгдийг өөрийн дураар өөрчилж байсны жишээ энэ. Бүхэл бүтэн гурван лабораторитой, өчнөөн лабораторид тоног төхөөрөмж нийлүүлдэг газар ийм зүйл яриад байж байх нь өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар хэрхэн тартагтаа тулж, доройтсоныг илтгэнэ.
Мөн энэ төхөөрөмжийн мэдрэг чанар муу учраас нэг хүнээс хоёр удаа шинжилгээ авч, хоёр хариуг тулгах ёстой байтал тэд нэг л удаа авч, мөнгөө хэмнэж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Эдгээр нь үйлдвэрлэгчийн төдийгүй эмчилгээ, оношилгооны заавар зөрчсөн гэсэн үг. Энэ багажаар нэг хүнд шинжилгээ хийснийхээ төлөө “Итгэл” эрүүл мэндийн төв улсаас 80 мянган төгрөг авдаг. Харин нэг урвалж бодисынх нь үнэ 15 мянган төгрөг гэнэ. Нэг хүнд хоёр бодис хэрэглэх байтал нэгийг л хэрэглэж байсан нь энэ.

Лабораториуд гэр бүлийн бизнес болжээ

“Итгэл” эрүүл мэндийн төвийг Д.Гантулга гэх хүн хариуцан ажиллуулдаг аж. Үүнээс гадна энэ хүний хамааралтай өөр хоёр лаборатори бий. Тодруулбал, шалгалтад тэнцээгүй “Онкогед” лаборатори түүний эхнэрийнх бол “Гэгээн ар” лаборатори хадам эгчийнх нь. Өөрөөр хэлбэл, тэд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахын тулд хэд хэдэн лаборатори байгуулж, тэр байтугай өчнөөн тоног төхөөрөмж бусдад нийлүүлсэн байгаа юм. Мөн Д.Гантулга урьд нь ХӨСҮТ-ийн лабораторид ажилладаг байсан учраас тус төвийнхөн өвчтөнүүдэд “Итгэл”-д шинжилгээ өгөхийг санал болгодог байна. Түүний хамааралтай гурван лаборатори 2017 оноос хойш нийт 20 мянга гаруй хүнээс шинжилгээ авчээ. Түүнчлэн энэ лабораториуд эмч нарт хувь хүртээдэг гэнэ. Тодруулбал, тухайн лабораторид шинжилгээ өгөхийг зөвлөсөн эмчид хүний 20 мянган төгрөг, өрхийн эмнэлэгт 10 хувь олгодог гэсэн мэдээлэл байна. Эмч нарт мөнгийг нь шилжүүлэхдээ “Чихрийн мөнгө” гэж илгээдэг гэнэ.

“Итгэл” эрүүл мэндийн төвд шалгалтаар илэрсэн зарим зөрчил

o    2017-2019 онд тус төвийн худалдан авсан оношлуур, хийсэн шинжилгээг худалдан авсан оношлуурын зарлага, санхүүгийн анхан шатны баримтуудаар шалгахад Эрүүл  мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн үйлчлүүлэгчийн тоо худалдан авсан оношилгооны цомогноос зөрсөн.
o    2017-2019 онд шинжилгээнд хамрагдсан даатгуулагчдаас нийт 50 хүнийг сонгон, шинжилгээ бүрийн цахим мэдээллийг компьютерээс нь шалгахад 14 үйлчлүүлэгчийн мэдээлэл олдоогүй.
o    2017-2019 онд В, С вирусийн ачаалал тоолуулах шинжилгээнд хамрагдсан 38 үйлчлүүлэгчийг сонгон утсаар холбогдон, тандалт хийхэд орон нутгийн иргэд хаана тоолуулснаа мэдэхгүй, шинжилгээний хариугаа аваагүй гэх мэт хариу өгсөн.

Үргэлжлэл бий…

Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих