В.Сумъяасүх: Бид хамгийн анх “иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөрийг боловсруулсан

11-14-6Б.БАТТОГТОХ

Шинэчлэлийн Засгийн газрын үйл хэргийг орон нутагт хэрэгжүүлэгч Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, түүний Тамгын газрынхан 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр нутгийн удирдлагыг авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засаг дарга Г.Зоригт тамгаа гардаж авахдаа “Өнөөдрөөс эхлэн миний бие болоод манай Засаг даргын Тамгын газрынхан Орхон аймгийн иргэн таны төлөө, иргэдийнхээ төлөө ажиллах болно. Нутгийн удирдлагын ордонд ажиллаж байгаа хүн бүхэн Эрдэнэтийн иргэн бүрийн үгийг сонсдог, тэдний төлөө ажилладаг байхыг би Засаг даргын хувиар Тамгын газрын ажилчдаас шаардана. Аймгийн АН орон нутгийн сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд иргэдийнхээ дуу хоолой, үгийг сонсоно” хэмээн хэлж байсан. Үүнээс хойш 10 сар өнгөрчээ. Энэ хугацаанд аймгийн Тамгын газрын зүгээс иргэдийнхээ төлөө ажиллахын тулд олон шинэ ажил санаачлан хийсэн. Түүний нэг нь “Иргэн таныг сонсож байна 70353511” төвийг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ ажлыг санаачлагч, “автор” нь болох аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүхтэй ярилцлаа.

 

-“Иргэн таныг сонсож байна 70353511” төвийг ямар зорилгоор байгуулсан бэ. Эрдэнэтийн 35 жилийн түүхэнд ингэж иргэдээ сонсож ажлаа хийдэг байсан удаагүй. Их сайндаа л өргөдөл, гомдол хариуцсан ажилтантай байсан. Одоо төв байгуулан иргэдээ сонсож байна?

-Зорилго нь тун тодорхой. Ард түмэн иргэдээ сонсох. Иргэдийн амьдралд хаана,  юу нь болж байна, юу нь болохгүй байна, ямар санал хүсэлт, гомдол байгааг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор байгуулсан. Тэгээд ч Тамгын газраас  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөр санаачлан боловсруулж аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Иргэн таныг сонсож байна 70353511” төв ажиллаж байгаа.

-Гэхдээ техникийн дэвшлийг ашиглаад зогсохгүй, эргэх холбоонд оруулсан явдал бусдаас илүү харагдуулаад байгаа юм уу даа?

-Тэр үнэн. Иргэний санал хүсэлт, гомдлыг утсаар аваад, сонсоод орхих биш түүнийг нь бүртгээд авна. Дараа нь түүнийгээ холбогдох албан тушаалтанд хуваарилж байгаа юм. Дарга Батад иргэн Доржийн ирүүлсэн гомдлын дагуу арга хэмжээ авахыг даалгаж байгаа хэрэг л дээ. Бат дарга хуульд заасны дагуу иргэн Доржийн гаргасан гомдолд хариу өгөх учиртай. Хариу буюу гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Бат дарга иргэн Доржид мэдэгдсэнээр эргэх холбоотой болно. Ажил ингэж л явах учиртай. Ийм байлгах үүднээс “Иргэн таныг сонсож байна 70353511” төвийг санаачлан байгуулсан.

-Манай аймгийн 70353511 утас бусдаас ялгарах олон онцлог агуулдаг. Амьдрал баян учраас иргэний хувьд шөнө ч гэсэн дарга нарт гомдол гаргах хэрэг гардаг. Үүнийг бас шийдвэрлэсэн бололтой?

-Тэгэлгүй яахав, Амьдрал 24 цагийн эргэлтэнд өрнөж байдаг. Тиймээс бид 70353511 утсаа ажлын цагаар ажиллуулаад, бусад цагт “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэсэн хариуг иргэнд өгөх учиргүй гэж үзсэн. Тиймээс иргэдийнхээ үгийг 70353511 утас 08.00-20.00 цаг хүртэл авна. 20.00 цагаас 08.00 цаг хүртэл 70351109 дугаарын утсаар авах боломжийг бий болгосон. Одоо ч манай иргэд үүнийг сайн мэддэг болсон. Шөнийн цагаар ирсэн санал хүсэлт, гомдлыг төвийн опператорууд тэр дор нь нэгтгээд өглөө бүр болдог аймгийн ЗДТГ-ын дотоод шуурхай дээр мэдээлдэг. Тэндээс холбогдох албан тушаалтанд иргэдийнхээ санал хүсэлт, гомдлыг хуваарилдаг юм.

-Иргэдийн хувьд бичгээр өргөдөл гаргах нь элбэг байдаг. Холбогдох тушаал журам ч нэр, гарын үсэг бүхий өргөдөл гаргахыг шаарддаг. Энэ асуудлыг та бүхэн саяхан шийдсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Өргөдөл их онцлогтой эд л дээ. Гэхдээ хөгжлийн явцыг дагаад тодорхой хэмжээнд өөрчилсөн байгаа. Өргөдөл, гомдлын программыг аймгийнхаа залуу инженерүүдийн хүчээр зохион бүтээсэн. Одоо түүнийгээ ашигладаг. Өнөөдөр интернэт ашигладаг иргэн онлайнаар өргөдлөө гаргах бүрэн боломжтой. Иргэний өргөдөл цахимаар ирлээ гэхэд Төв дээр бүртгэж аваад хариу өгнө. Тэр хариунд өөрийнх нь өргөдөл хэн гэдэг хүний ширээн дээр байна, ямар шатандаа яваа талаар мэдээлэл авах боломжтой болгох үүднээс тусгай код өгдөг. Үүнийхээ дагуу өргөдлөө цахимаар хянах боломжтой. Мөн аймгийн ЗДТГ-ын зүгээс иргэний өргөдлийг хэн гэдэг дарга шийдвэрлэж байгаа, яагаад удаагаад байгааг хянах боломжтой. Нийгмийн хөгжлийн хэлтсийн Б.Нацагдорж даргын утсанд “иргэний өргөдөл ирлээ” гэсэн мэдээлэл очно. Дарга түүнийг мартвал сануулах боломжтой. Ийм байдлаар өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байгаа. Мэдээж онлайнаар өргөдлөө өгөх боломжгүй иргэд биеэр ирж өгч болно.

-Уг төвийг байгуулахад аймгийн төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ үгийг сонсохын тулд “ямар зардал төлж” байна вэ?

-Овойж оцойсон их хөрөнгө, мөнгө гараагүй. Тэгээд ч аливаа ажлыг хийе, бүтээе гэвэл мөнгө, хөрөнгө тийм гол биш. Хоёр оператор л авсан. Бусдыг нь “гарын доорх материал” ашиглаж, аж ахуйн аргаар хийсэн дээ. Харин орчны тохижилт талаас нь анхаарч Тамгын газрын хаалгыг шилэн хаалгаар сольсон, иргэд нэгдээд асуудлаа шийддэг байх үүднээс “Иргэний танхим”-ыг байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй  иргэнийг төр, засгаар үйлчлүүлэх боломжийг хангах үүднээс орчинг нь бүрдүүллээ, ариун цэврийн өрөө бий болгоход хөрөнгө мөнгө гаргасан.

-Улаанбаатарын 1111 утаснаас ялгаатай гэдгийг иргэд ч хэлдэг. Нөгөөтэйгүүр саяхан хоёр, гурван  ч удаа бусад аймгийнхан Эрдэнэтэд ирсэн. Тэдний нүдэнд хамгийн түрүүнд Нутгийн захиргааны ордны үүд, “Иргэн таныг сонсож байна 70353511 төв”-ийн дүр төрх туссан байх. Зарим нь дуу алдаж байхыг харлаа. Шинэ санаа оллоо гэх ч юм уу үүнийг очоод “копидчихно” гээд зургийг нь дараад зогсож байсан даргатай ч таарсан. Бид бусдаас түрүүлж хийж чадлаа, ачаалал улам нэмэгдэж байх шиг?

-Тэр үнэн, ачаалал харьцангуй нэмэгдсэн. Би таньд хоёр тоо хэлье. Нэгдүгээр улиралд 70353511 утас руу нэгдүгээр улиралд 574 иргэн хандсан байдаг. Хоёрдугаар улиралд 2130 хүн ханджээ. Бараг дөрөв дахин нэмэгдсэн байгаа биз. Үүний хэрээр ачаалал нэмэгдэж байгаа. Гэхдээ бид үүнийг даваж ажиллах ёстой. Төр иргэндээ л үйлчлэх үндсэн үүрэгтэй шүү дээ. Тиймээс ачаалал бол асуудал биш. Улаанбаатарын 1111 төв бол санал хүсэлт гомдлыг бүртгэж авдаг. Манайх иргэнийхээ ирүүлсэн  хүсэлт, өргөдлийг бүртгэж аваад шийдвэрлэдэг. Үүгээрээ ялгаатай. Бусад аймаг, орон нутгийнхан сайшааж, магтаж байхыг сонссон, харсан. Гэхдээ тэр нь гол биш аймаг, орон нутаг, төрийн иргэнийхээ төлөө хийх  ёстой л ажил.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих