Монголын цахим спортын дайчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө

Польш улсын Катовиц хотноо явагдсан Катовиц 2016 дэлхийн томоохон тэмцээнүүдийн нэгт Монгол Улсын “Монголз” баг тивээ төлөөлөн оролцлоо.

Өнгөрсөн шөнө Эй хэсгийн тоглолтуудаа дуусгасан Катовиц 2016-д манай улсаас гадна дэлхийн шилдэг 11 баг оролцож хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. “Монголз”-ын хувьд өнгөрсөн сарын 1-ны өдөр эхлэсэн Интел Экстрем Мастерсийн Ази дахь шалгаруулалт тэмцээн болох Тайваньд Австралийн хүчтэй баг Ренегадес-ыг буулган авч түрүүлснээр Катовиц-ын эрхийг авсан юм. Тайваньд тэргүүлж 30 мянган долларын шагналыг өөрийн болгосон ч Польш-ийг зорих зам дардан байгаагүй. АНУ-д зорчих виз нь гараагүй, мөн Европийн оронд зорчих виз авахад ч хүндрэлтэй байсан юм.

Юутай ч Катовиц-д тэд энэ сарын 1-ны өдөр газардсанаар дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх нь маргаангүй болсон бөгөөд эхний тоглолтоо Германы Моусспортс-ын эсрэг хийлээ. 2002 онд байгуулагдсан 14 жилийн түүхтэй тус багийн эсрэг дэлхийн анхны том тэмцээндээ оролцсон манай залуус 7 үеийг өөрийн болгож чадсан. Гэсэн ч Германы багийн ахлагч Нико болон КрисЖей гэх шилдгүүд энэ тоглолтыг 23 раундад дуусгасан юм. Харин дараагийн тоглолтоо Шведийн НИП-тэй хийж ердөө 5 үед илүүрхжээ. Эцэст манай залуусын хүсэн хүлээсэн мөч болох Фнатик-тай хийх тоглолт тулж ирсэн юм. Дэлхийн чансааг тэргүүлэгчдийн эсрэг Монгол З, 4 үеийг өөрийн болгож тоглолтыг 20 үед шийдсэн юм. Хэдийн хийсэн таван тоглолтдоо ялагдал хүлээсэн ч Австралийн Ренегадес баг тус тэмцээнд шалгарсан бол ижил амжилт үзүүлнэ гэсэн мэргэжилтнүүдийн таамаг байсан юм.

Мөн өрсөлдөгч багуудын “Монголз”-ын талаарх сэтгэгдэл өндөр үлдсэн бөгөөд 2-3 жилийн дараа энэ бүрэлдэхүүнээрээ байж чадвал Ази-д тэргүүлж дэлхийг цочроосон баг болно гэдгийг хэлж байсан юм. Юутай ч Зилкенберг буюу Тэмүүлэн, Цог, Отгонжаргал, Нөү күүл буюу Болд, Машинган хочтой Энхтайван гэх энэ 5 залуу Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, асар их туршлага хуримтлуулан дараа дараагийнхаа амжилтын эхллийг тавьлаа.

Э.Отгонпүрэв


URL:

Сэтгэгдэл бичих