ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АТГ-т өгсөн компаниуд
Эдийн засгийн хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд, өндөр хяналттайгаар гүйцэтгэх үүрэгтэй Хөгжлийн банкнаас өмнөх удирдлагуудтай холбоотой олон тооны зөрчил илэрсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Өмнө нь тус банканд “Евро”, “Чингис”, “Самурай” бонд болон гадаад, дотоодын эх үүсвэртэй асар их хэмжээний мөнгө цутгасан юм.
Зүй нь уг хөрөнгийг анхнаас нь үр өгөөжөө өгөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд зориулж, улмаар төслүүдийн үр шимээр өрөө дарах учиртай. Харин манайд энэ бүхэн эсрэгээр хэрэгжиж байна. Жижиг төслүүдэд өндөр дүнтэй зээл олгосон, хэт өндөр үнэтэй худалдан авалт хийсэн, зээлийн бүтцийг олон дахин өөрчилж, гэрээг хэд дахин сунгасан гэх зэргээр гуйвуулж, гувчуулж болох бүх арга сиймхийг энд ашиглажээ. Тухайлбал, жижиг төслүүдийг арилжааны банк санхүүжүүлэх учиртай.
Харин Хөгжлийн банк зөвхөн эдийн засгийн хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой том төслүүдэд мөнгө хийнэ хэмээн яг таг хуульчилж өгсөн. Гэтэл том төслүүдэд орох ёстой мөнгө 13 жижиг төсөлд орж нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс гадна удирдлагуудын алдаанаас болж банк их хэмжээний хохирол хүлээсэн аж.
Хамгийн ноцтой нь Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжээр жил алгасахгүй шалгарч яваа нэр бүхий компаниуд ноцтой зөрчилтэй зээлдэгчдийн ангилалд орсон байна. Нийт есөн компанийн нэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дуудсан. Тухайлбал, “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд дууссан. Нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна.
Түүнчлэн, “Мак цемент” ХХК 166.5 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлэн төлөөгүй. Зээлээ барагдуулах хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд дууссан. Тус компани нь уул уурхайн салбарт тэргүүлэгч “МАК” компанийн охин компани юм. “МАК” компани хэдхэн хоногийн өмнө “Tоп 100” аж ахуй нэгжийн өргөмжлөлөө гардан авсан билээ.
“Кью Эс Си” ХХК 187.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээс 161.3 тэрбумын үлдэгдэлтэй байгаа юм. Зээлийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд дууссан. Энэ мэтээр ноцтой зээлдэгчийн ангилалд хамаарсан есөн компанийн зөрчил хөвөрч байна.
Эдгээр компани болон бусад зөрчлүүдтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёр өдрийн өмнө АТГ-т шилжүүлэв. Төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар гадаад болон дотоод зах зээлээс “Евро”, “Самуурай”, “Чингис” бонд зэрэг их хэмжээний хөрөнгө мөнгийг татсан. Өнгөрсөн хугацаанд уг бондын эргэн төлөлтийг хийхийн тулд багагүй зүдэрч, хамаг орлогоо хамж шимж байж зарим нэгийг нь далд оруулсан юм. Тухайлбал, “Евро” бондыг 580 сая ам.долларын төлбөрийг 2017 онд барагдуулсан.
Гэхдээ “Хуралдай” хэмээх шинэ бонд гаргаж, уг эх үүсвэрээс “Евро”-гийн өрийг тагласан. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн “Хуралдай” бондын хугацаа долоон жил. Уг цаг 2017 оноос явж эхэлсэн. “Чингис” бондын хувьд 500 сая ам.долларыг нь 2018 онд төлсөн. Үлдсэн нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлнө. Мөн “Самурай” бондын 300 гаруй сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг 2023 онд хийнэ.
Өөрөөр хэлбэл, бондын өр төлбөрийн томоохон давалгаа 2020 оноос эхэлж 2024 он хүртэл эрчимтэй үргэлжлэх юм. Үүнтэй холбоотойгоор хямрал нүүрлэж болзошгүй гэсэн таамгийг эдийн засагчид хийж, анхааруулж буй.
Эх сурвалж: Өдрийн сонин
URL: