Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

-22082019-1566446917-341357074-erdenes“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нар өнөөдөр /2019.08.22/ Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Д.Сумъяабазарыг компанийнхаа дотоод хэрэгт оролцож байна хэмээн үзэж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаагаа зарлалаа.

“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ энэ талаар тайлбарлахдаа “2015 онд үүссэн нөхцөл байдалтай ижил нөхцөл байдал манай компанид үүсээд байна. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн тодорхой хувийг IPO гаргах, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг судлах үүргийг өгсөн байдаг. Тогтоолын хүрээнд судалж ажилласантай бид танилцсан. Сүүлийн үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тогтоолын агуулгыг мушгиж байна. Ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учраас бид огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм.

Манай компанийн үйл ажиллагаа 2015 онд өр зээлдээ баригдаж, ажилчдын эрх ашгийг хохироож байсан учраас бид тэмцэж байсан. Ажилчдын тэмцлийн үр дүнд өнөөдөр Монголын нэгдүгээр компани болсон. Монгол Улсад өндөр их ашиг өгөх ёстой энэ баялаг ордыг авч үлдсэнээр компани өр зээлгүй, ашигтай ажиллаж, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ компанийн үйл ажиллагааг улам сайжруулах талаар бид Уул уурхайн сайдтай уулзъя гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан боловч тоож үзээгүй. Компанийн бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд ажилчдын төлөөлөлд танилцуулж байх хуультай. Гэтэл манай компанийг “Эрдэнэс Майнинг” гэдэг охин компани болгоод бүтцээ баталсан байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна” гэсэн юм.


ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх Танаа

              2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр                                                       Ил захидал

            Эрхэм Ерөнхий Сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Улс орноо эрчтэй хөгжүүлэх, мафижсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж байгаа Таны ажил үйлсэд дахин амжилт хүсье.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилчин, албан хаагч, ажилчид бид Таны эх оронч сэтгэл, тууштай зүтгэлийг талархан дэмжиж байдаг төдийгүй өөрсдийн хувь нэмрээ хүлээсэн үүргийнхээ хүрээнд улам ихээр оруулахыг хичээж ажиллаж байгааг манай компанийн нэр хүнд, улсын төсөвт оруулсан ашиг орлогоороо илтгэж байгаа гэж итгэж байна. Манай хамт олон энэ байдлаа улам тогтвортойгоор нэмэгдүүлж хичээнгүйлэн ажиллах итгэл сэтгэл дүүрэн нэгэн хамт олон болон төлөвшиж байгаа билээ.

Манай компанийн улс их орондоо олон сайн жишиг /стандарт/-ийг бий болгосон олон жилийн зүтгэлийг Таны удирдаж байгаа Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь өөрийн эрх мэдэлд дулдуйдан, сайдын эрх мэдлээ ашиглаж хувийн сонирхлоороо хандаж дураараа аашлан тооцоо судалгаагүй, бүдүүлэг үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэх шаардлага тулгарсанд харамсаж байна.

Та үүссэн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлагатай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Сайд Д.Сумъабазарыг УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ажил  үүргээ умартаж засаглалын эрх мэдэлдээ илүү анхаарч хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж өнөөдөр манай улс орны өнгө үлгэр дуурайлал болж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалзан орж байгааг анзаарч хараад ажилчид бид гайхаж байна.

Саяхан Засгийн газраас гаргасан 296 дугаар тогтоолыг шууд хэрэгжүүлж эхэлснийг хувийн үйл ажиллагаагаа, санаа сонирхолоо илтгэсэн үйлдэл гэж харж байна.

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК, БНХАУ-ын иргэн Чэн овогтой Юнфейнийг хөрөнгө оруулалтай гэгдэх болсон “Ти Ти Жи Си Өү” ХХК-тай байгуулсан “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний эхний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан боловч Сайд Д.Сумъяабазар өөрийн шийдвэр удирдамжаар гэрээг дүгнэж үр дүнг хэлэлцүүлэлгүй, хууль бус аргаар, эрх мэдлээ хэтрүүлж хүчирхийлэх замаар үргэлжлүүлэн манай уурхай болон монголын ард түмний үндэсний эрх ашигт эдийн засгийн хохирол учируулсаар байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үл тоож эрх зүйт төрийн тогтоодог хууль ёсны дэг журмыг ноцтойгоор зөрчин хийж байгаа үйлдлийг цэргийн алба хаасан, жирийн иргэний үүргээ үргэлж насан туршдаа хүндэтгэн дээдэлдэг миний хувьд эх орноосоо урвасан, бусдын нөлөөнд автаж хар амиа бодсон арчаагүй амьтны амь тавьсан байдал гэж үзэж байна.

            Эрхэм Ерөнхий Сайд аа, би дээрх байдалд  хувийн  сонирхолоороо хандаагүй гэдгээ онцлон хэлэх хэрэгтэй юм. 2015 онд манай компанийн ажилчид өр зээлтэй, ямар ч ирээдүйгүй дүр зурагтай байхад эх орон ард түмнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдлэн үр хүүхэд хойч үеийнхээ төлөө тэмцэж өдий зэрэгтэй олон хүний шүлс гоожуулсан ашиг орлоготой  компани болгожээ. 2015 оны тэр байдал Сайд Д.Сумъяабазараар улбаалан дахин сэргэж байгаад харамсаж байна. Манай улсын өнгөрүүлсэн цаг хугацааны улс төр, эдийн засаг нийгмийн түүх ийм нөхцөл байдалд оновчтой шийдвэр, гарц гаргалгааг олох  сургамж сургаалыг  үлдээсэн гэж найдаж байна.

            Манай компанийн хамт олон, нийт уурхайчид бид нийгмийг эрүүлжүүлэх их үйлсэд тэргүүлэн манлайлж ард түмэндээ хандахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

            Таныг гүнээ хүндэтгэсэн

Монгол Улсын иргэн

“ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” Үйлдвэрчний эвлэлийн Тэргүүн,

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний Үйлдвэрчний эвлэлийн Дарга                                    ЭРДЭНЭ. С


URL:

Сэтгэгдэл бичих