Шуурхай: Австрали руу анх удаа нислэг үйлдэх гэж байна

357

Улсын онцгой комиссын Шуурхай  штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадад гацсан монголчуудыг авчрах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагаа зогсолтгүй зохион байгуулж байна. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан. Австрали улс руу нислэг хийх боломж гарлаа.  Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийж байгаагүй. Энэхүү нислэгийг зарлахгүйгээр нууцаар хийх гэж байна гэх мэдээлэл байна. Тийм зүйл байхгүй. Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднэйгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна. Австрали улсаас ирэх хүсэлтэй 1000 гаруй хүний өргөдөлийг Шуурхай штаб дээр нэрсийг хүлээн авч баталгаажуулж байна.

Ер нь 45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа ба тухайн улсад нөхцөл байдал ямар байгааг харгалзан цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. АНУ, Хойд Америкт 2000 гаруй, Азид 5500 гаруй, Европод байгаа манай улсын 2600 гаруй хүн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн. Тухайн улсад вирусийн тархалт ямар байгаагаас хамаарч энэ  тоо өөрчлөгдөж байна” гэлээ.


URL: