Гүйгүүл бэр /Хошин өгүүллэг/

hqdefault

Хүнтэй сууж, айлын бэр боллоо. Би айлын отгон охин, нөхөр маань голомт залгах, хүний бага хүү. Амьдрал үзээгүй бүсгүйн гэнэн, хөнгөн мөрөөдөлтэйгөөр би анх хадмын босгыг алхсан юм.

Хадмууд маань ёс төртэй, настай хүмүүс байлаа. Тэр үед би юу бодож байсан гээч. Тэдэнд таалагдах гэж бөндөгнөж, чичирч жижигрэхгүй.Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Эр нөхөртэйгөө эн тэнцүү байна. Үүний тулд тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгоно. Тэгж байж эмэгтэй хүний эрх чөлөөгөө эдэлнэ. Хэрвээ нөхөр маань надаас өөр эмэгтэйг эгцлэн харах юм бол амьдрал тэгээд л өнгөрөө ухааны юм бөндгөртөө суулгачихсан, толгой сэжсэн сүрхий хүн байлаа.

Эхний үед хоёр гэрийн хооронд ирж очих ч ихэнхдээ манайд байдаг байв. Нэг л өдөр хадмууд хадаг яндар, хамаатан саднаа дагуулан ирээд албан ёсоор гуйж, тусад нь гаргах ямар ч яриагүйгээр гэртээ аваачих нь тэр. Хэдийгээр би айлын эрх танхи охин ч ам руу нь л хийж өгөхгүй бол хоол цайгүй ангайгаад сууж байдаг арчаагүй, ажилгүй хүн биш гэж өөрийгөө боддог байлаа. Хяссан юм шиг л анхны сорилтуудад нь бүдрээд эхэлсэн. Гурил зуурахаараа нялцайлгаад, түүнийгээ хэрчих гээд хооронд нь наалдуулчихна. Буузны мах амтлах гээд элсэн чихэр хийж хаяад, аарц буцалгахдаа гурилыг нь ихдүүлж түлэх гээд миний будилсныг хэлэх үү. Хүний эх яахав, хүүгээ бодоод нэг их юм хэлэхгүй ч арга барагдсан царайгаа нууж чаддаггүй сэн.

Харин хадам аав болохоор урам нь хугарч байгаа ч юм уу, уурлаж байгаа ч юм уу мэдэгдэхгүй “Хм” гээд л болоо. Ам ангайх л юм бол уйлаад гэр рүүгээ гүйхээр бэлдээд л байлаа. Тэр гэрт миний талын ганц хүн нөхөр минь л юм шиг санагдаж, өөрөө мэдэлгүй хаашаа л хөдөлнө дагаастай, ариун цэврийн өрөөнд л дагаж ордоггүй байсан байх. Анхны хүүхэд минь төрөв. Хүүхдээ өлгийдөхөөс эхлээд надад чадах юм даанч байсангүй. Найтаахаар нь ханиад хүрчихлээ, нялх хүүхдийн хэвийн шингэвтэр өтгөнийг нь чацга алдлаа гэж сүржигнэж байгаад хөхнийхөө сүүг татруулчихав. Өглөө эрт босож, хүүхэд салхинд гаргасангүй гэхэд нь нойроо харамлаж, дургүйцээд. Хамтын амьдрал зохиож байхад минь “Цуварч уурлаж, цугтаа инээж яваарай” хэмээн захисан ээжийнхээ үгийн эсрэгээр “Цуг уурлаж, цуварч инээсээр”.

Ингээд нэг өдөр хадамтайгаа, нөхөртэйгөө бүгдтэй нь муудалцав. Муудалцангуутаа л, хамаг хувцас хунараа ганц муу цүнхэндээ чихэж аваад л гэр рүүгээ гүйчихсэн. Нөхөр маань намайг төрсөн гэрийнхээ босгыг давахаас өмнө амжин барьж, буцааж аваачив. Гэвч энэ явдал хэдэнтээ давтагдлаа. Хэл бас Хөлийн хурд хүчээ авч, болж өгвөл муудалцчих гээд, боломж олдвол гүйчих гээд, хоёр гурван удаа нөхөртөө гүйцэгдэлгүй гэртээ орчихсон юм даг.

Намайг төрхөмдөө гүйгээд ирэхэд аав минь “Охин минь ирлээ, ашгүй” гэхийн оронд “Манайд зарчихаар гүйгээд ирдэг нэг морь байсан юм. Энэ охин тэр морь шиг хадамд гарчихаад гүйж ирээд салахгүй нь” гэхийг сонсоод аанай гараад гүйчихмээр байвч өөр очих газаргүй хүн хаашаагаа ч гүйхэв, ээж аавынхаа гэрт хэд хононо. Хадмууд ирж, хариач буцаач гэж гуйна. Гүйж ирээд, гуйлгаж буцаад л нэг хэсэгтээ нэр хүндтэй байнаа. Ингэж нэг гүйж, нэг ирж, нэг буцсаар байтал нэг мэдсэн гурван хүүхэдтэй болжээ.

Ам бүлийн маань тоо нэмэгдэхийн хэрээр авч гүйх ачаа тээш даагдахаа болив. Араас өсгий даран нэхэх нөхрийн хөлийн хурд саарсан уу, гуйж гувших нь холдохын хэрээр, би гүйж харайхаа багасаж, ааш омгоо татлаа. Үнэнээ хэлэхэд гуйхаа болиод ирмэгц нь л гүйхээ больчихсон. Ингээд “гүйгүүл” хочтой бэр би, суугуул болж хувирах нь тэрээ. Суугуул болсноос хойш гэрийн ажил сурч, хадмуудынхаа аяыг ч аялах болсон юм. Эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй өөрийгөө гэхээсээ илүү бусдын сэтгэлд нийцүүлж, хатууг зөөллөж, энхэл донхол амьдралын ивээс чигжээс болж явах учиртай юм билээ. Хадмууд маань юухан дээр ч миний гарыг хардаг болоод зогсохгүй, өөр хүний хоол цай хоолойг нь давахаа байсан. Нэг өдөр байгууллагынхаа зугаалганд явсан нөхөр минь ус буцалгагч, хайрцагтай чихэр барьсаар орж ирлээ. Тэгээд нөхөр минь хэлж байна аа.

-Байгууллагынхаа холын зайн гүйлтийн уралдаанд түрүүллээ. Энэ бол яах аргагүй чиний минь хүртэх ёстой шагнал. Чи минь миний дасгалжуулагч билээ хэмээн намайгаа хөөрхөн явуулаад шагналаа гардуулсан юм даа.

Чойбалсангийн Наранцэцэг


URL: