Насыг уртасгагч газрын давирхай – Барагшун

117545749_1003228123435168_3737286911077866164_n
Тээр жил арван хоёр гурван насандаа долоо хоногийн сүүлээр хотод ойрхон хөдөө гарч шинээр төрсөн хурга ишигтэй өдөржин ноцолдож билээ. Буцаж хариад хичээлдээ сууж байхад хоёр шанаа дагаад их сонин юм туураад, загатнаад ангийн багш маань (тэнгэрээс шавиа харж суугаадаа) хүртэл хараад гэртээ харь, эмнэлэгт үзүүл гэж билээ. Харих гээд байж байтал ангийн маань хүүхэд (өөрөөс нь зөвшөөрөл аваагүй болохоор нэрийг нь дурдсангүй) “наадах чинь үлд байна, би яаж эдгээхийг мэднэ” гээд хамтдаа гэрт нь очиж, нэгэн сонин эмчилгээ хийж байсан нь саяхан мэт. Сонинг хуйлаад шатаахаар нэг тийм сонин тосорхог шар шингэн утаатай хамт гардаг түүнийг нөгөө туурсан хэсгийг тойрч түрхээд одоо томрохгүй, харин байнга барагшун түрх гээд нэг жаахан чулуу ч юм шиг, хатсан шавар ч юм шиг өгсөн нь ид шидтэй насыг уртасгагч газрын давирхай барагшун байсан юм. Түүнээс хойш барагшун түрхсээр нөгөө туурсан үлд ч алга болсон, харин барагшун гэж юу юм бол, ангийн маань хүүхдийн хэлсэнээр хадны хулганын баас юм болов уу? Баас нь ийм шидтэй юм чинь, хулгана нь өөрөө бүүр ид шидтэй байхдаа гэж хүртэл бодож явж билээ. Саяхан нэг хүндэлж явдаг хүн маань надад “Барагшун бол хулганын баас биш, харин хаданд олон жил хуралдсан, бороо шороонд угаагдсан бодис юм” гэж хэлэхэд л гайхаж сонирхож эхэлсэн нь энэ. Миний барагшунтай танилцаж, сонирхсон түүх энэ. Тэгвэл барагшун гэж юу вэ?
Барагшун гэдэг нь анлиар Shilajit, латинаар mumijo гэгддэг өндөр уулын хаданд байдаг бодис юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр Гималайн уулс, Оросын урд хэсэг, Монгол улсад байдаг (Чили-д байдгийг Андын мумиёо гэдэг) олон зуун жилийн турш олон төрлийн бодисыг өөртөө шингээсэн, хатуу барьцалдсан зүйл юм байна.
Дэлхий ээжийн бидэнд бэлдэж тавьсан олон гайхамшигт бэлгүүдийн нэг нь яах аргагүй барагшун. 3,000 гаруй жилийн түүхтэй, он тооллын хэдэн зуун сурвалж бичигт анагаах, эрүүлжүүлэх чадлаараа дуурсагдан тэмдэглэгдсэн энэхүү бодисын нууц увдис болоод үүсэл гарлыг хүн төрөлхтөн бүрэн нээж амжилгүй өдгөөтэй золгожээ.
Монгол Улсын Төрийн шагналт, эм зүйн ухааны академийн ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, Академич, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц. Хайдав нар “Уламжлалт эмийн түүхий эд ба 12 жил” бүтээлдээ Алтай хангай нурууны өндөр уулсын дунд амьдардаг хадны сээтэн хэмээх мөнгөлөг саарал зүстэй эрүү цагаан хулгана Барагшуныг өндөр уулын хад агуйн гүн хонгилд нөөцлөн хурааж, тэр нь хадны ан цав даган урсдаг тухай дурдсан байлаа. Харин дорно дахины олон улс оронд Барагшуныг хадны давирхай, мумиё зэргээр өөр өөрийн нэршлээр хүндэлсээр иржээ. Латинаар мумиёо гэж нэрлэсэн нь аливаа зүйлийг тэр хэвээр хадгалан үлдэх чадвар буюу бидний танил египетийн муми нэршилтэй холбоотой юм. Барагшун гэдэг нь түвдээр хадны урсмал гэсэн үг бөгөөд хятадад “Таван эрдэнийн тос” оросууд “Уулын тос”, “Мумие”, киргизүүд “Архар-таш”, энэтхэгүүд “Шилажит” зэрэг янз бүрээр нэрлэдэг байна. 1922 онд англид барагшуны ачаар маш сайн хадгалагдсан муми олж байсан тухай хаа нэг газар уншиж байсан санагдана.
БАРАГШУНЫ АЧ ТУС
Химийн шинжлэх ухааны доктор, тэргүүлэх профессор С.Шатар “Эмч судлаачдын нотолсноор барагшуны ханд бодисын солилцоог идэвхжүүлэх, цусны улаан цогцос, гемоглобиныг төлжүүлэх, яс бэхжүүлэх, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, эд эсийг нөхөн төлжүүлэх, шарх үрэвслийг анагаах, хавдар илааршуулах зэрэг олон төрлийн үйлчлэлтэй. Ходоодны шүүс ялгаруулах, гэдэсний хөдөлгөөнийг төгөлдөржүүлэх, төв мэдрэл тэр дундаа захын мэдрэлийг сэргээх, мэдрэлийн сульдаанаас сэргийлэх, ясны бэртлийг төлжүүлэн гагнах ач тустай” гэдгийг дурдсан байна.
Өнөө цагт манай анагаах ухаанд барагшуныг идээт шарх, ходоод, 12 нугалаа гэдэс, буйлны үрэвсэл, яс бэртэх, амьсгалын замын өвчин, элдэв түлэгдэл, радикулит, ясны сүрьеэ, экзем, псориаз, үлд, мэдрэлийн саа, геморой гээд олон өвчнийг анагаахад ашигладаг болсон байна.
Барагшунг 3000 жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж, түүний эмчилгээний гайхамшигт шинж чанар, ур дүнгийн тухай нийтлэл бидний үеийг хүртэл дамжин ирж, эдүгээ судалгааны шинэ мэдээллээр баяжсаар байна.
Мумие гэдэг нь “биеийг хэвээр хадгалагч” гэсэн утгатай араб үг ажээ. Түвд, монгол анагаах ухаанд барагшунг элэг бөөр, ходоодны зэрэг үрэвсэлт өвчнийг эмчлэхэд ашигладаг тухай ЖҮДШИ, ЭМИЙН ДӨРВӨН ҮНДЭС зэрэгт бичсэн байдаг. Араб, турк, хятад, татар, Европын олон хэлэнд барагшунг ходоод, гэдэс, бөөр, уушигны сүрьэ, мэнгэр, нойтон хамуу, саа өвчин болон терөл бүрийн үрэвсэл, зүрх, нүдний евчин, ургамал, амьтан, эрдсийн гаралтай хордлого, чихрийн шижин, хатиг, мундас, ээрүү өвчин зэргийг анагаах, хавдрыг шимэгдүүлэх үйлчлэлтэй тухай бичсэн байдаг байна.
Та бүхэндтсонирхуулахад барагшун ясны бороололтыг 3 дахин богино хугацаанд, янз бүрийн гаралтай түлэнхийг Вишиевскийн түрхлэгээс 2 дахин богино хугацаанд анагаадаг болохыг хуучин ЗХУ-ын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна (Э.Г.Базаров, “Раны и их лечение в тибетской медицине”, 1990).
Барагшунгийн тухай 1992 онд 1500 гаруй нийтлэл, түүнээс 300 гаруй нь шинжлэх ухааны судалгааны үр дүн, 20 гаруй докторын ажил байжээ (М.И.Савиных “Все о мумие”, Новокузнецк, “Сибдальмүмие” 1992)
Стрессийн эсрэг, сонсгол, ой тогтоомж сайжруулах үйлчлэлтэй болохыг Энэтхэгийн Госал, бусад эрдэмтэд 1988 онд судалсан байна.
Киргиз, Узбек, Таджик, ОХУ, Энэтхэг зэрэг улсад барагшунгийн талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний олон байгууллага ажиллаж байна. Энэ мэтээр барагшунгийн судалгаа үргэлжлэн, түүний анагаах гайхамшигтай шинж чанарын талаар шинэ мэдээллээр баяжсаар байна.
Барагшунгийн найрлага:
эрдэс (40-өөд макро-, микро-элемент )
уурагт нэгдлүүд (амин хүчил, уураг ба нүүрс-ус задлагч ферментүүд)
органик хүчлүүд (фульвийн, бензойны, гиппурийн, гуминий зэрэг хүчлүүд
давирхайлаг бодисууд
альбуминоид
Флавоноид
гликозид
Үйлчлэл:
Бие махбодийн дархлалыг сайжруулах
Бодисын солилцоог зохицуулах
Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах
Үрэвслийн эсрэг
Цэр ховхлох
Өвдөлт намжаах
Хор тайлах
Бактерийн эсрэг
Харшлын эсрэг
Цус төлжүүлэх
Антиоксидант буюу хөгшрөлтөөс хамгаалах
Хэрэглэх арга:
Уусмал байдлаар уух, шавших, бигмүүр тавих, хамар, хоолойг зайлах, дусаах;
Нунтаг, капсултай, эсвэл шахмал хэлбэрээр уух;
Тосон түрхлэг
Гоо сайхны бүтээгдэхүүн байдлаар хэрэглэж болох юм байна.
Барагшуныг эмийн бодис, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гээд хэрэглээнд өргөнөөр ашиглаж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нарын зөвлөж буйгаар дархлаагаа сэргээхийн тулд хавар 3-5 дугаар сард, намар 9-11 дүгээр сард хэрэглэх нь тохиромжтой аж. Харин яс бэртсэн, ходоод гэдэсний өвчтэй үед эмчийн заавраар, тодорхой тунгаар хэрэглэх нь зохистой юм.
Нас уртасгагч газрын давирхай Барагшуны тухай ярьсан гол шалтгаан нь энэ гайхамшигт бодисыг бид зөвхөн өөрсдөө хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй, эцсийн бүтээгдэхүүн хийж дэлхий дахинд экспортлох томоохон боломж байгаа гэж харж байгаатай холбоотой юм. Унгарчууд барагшуны талаар тодорхой мэдээлэлтэй, ойлголттой байдаг тул бэлэн бүтээгдэхүүнээ оруулж ирвэл зах зээл бэлэн байгаа тухай өнгөрсөн өвөл Монголд очихдоо “Биоплюс” инновацын компанийнхантай уулзахдаа ярилцаж байсан болно. Мөн та бидний сайн танил Д.Данимаа

DrDamdindorj Danima

эмч маань энэ талаар асар их мэдээлэл өгч, эмчилгээ хийж байгаа болохоор унгар хэл дээр ч материалууд арвин бий. Хамтдаа эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ, эх орныхоо баялгыг дэлхийд гаргаж, зүй зохистой ашиглах хэрэгтэй.

Та бүхэн www.bioplus.mn болон http://www.drdanima.hu/kincses_mumio/a_mumio_hatásai/ сайтуудаас мэдээлэл аваарай.
Хувь хүний эрүүл, зөв дадал хэвшил урт наслахын шидэт увдис билээ. Насыг уртасгагч газрын шидэт давирхай -Барагшуныг хайрлацгаая, зөв зохистой ашиглацгаая.
117742916_1003228113435169_1754768104683743407_n 117755819_1003228156768498_6740456030240814780_n

URL: