Бээжин хотын хамгийн сонирхолтой газрууд

Бээжин хотоор аялах хүсэлтэй ч тодорхой мэдээлэлгүй, хаагуур, хэрхэн аялахаа мэдэхгүй, эсвэл юу үзэхээ шийдээгүй байна уу? Тэгвэл энд танд хэрэгтэй бүх мэдээлэл бий.

1610789528_ao_hero_image_m01_countries_asia_pacific_beijing

Бээжин хот нь БНХАУ-ын нийслэл бөгөөд ойролцоогоор 22 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн томоохон төлөөлөгч хотын нэг юм.  Цаг уурын хувьд хуурай уур амьсгалтай. Хаврын улиралд салхи шуурга ихтэй, намарт сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн байдаг бол зуны улиралд маш халуун бөгөөд удаан үргэлжилдэг аж. Хамгийн хүйтэндээ 1 сарын дундаж температур -20°C байдаг бол 7, 8 дугаар саруудад хамгийн халуун буюу +40°C хүрдэг байна.Тус хот нь маш эртний түүхэн дурсгалт газруудтайгаас гадна, дэлхийн гайхамшигт архитектурын бүтээлүүдийг нэг дороос харах боломжтой. Түүнчлэн дэлхийн брэнд дэлгүүрүүд, томоохон худалдааны төв, “SILK STREET” буюу Гонконг зах, томоохон захуудаар орж худалдаа хийж болох юм.
Та Бээжин хотод очвол дараах газруудаар заавал зочлоорой. Танд мартагдашгүй дурсамжийг үлдээх биз ээ.
Цагаан хэрэм
1610790270_longwall

Цагаан хэрмийг НЭӨ V зуунаас НЭ XVI зууны хооронд барьжээ. Ингэхдээ Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчдийн халдлагаас хамгаалах зорилгоор шавар, чулуугаар барьсан гэдэг. Хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж үздэг бөгөөд дэлхийн хамгийн том оршуулгын газар гэгдэх нь бий. Википедиад уг хэрмийн уртыг 8851.8 км, үүнээс 6259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2232.5 км нь уул, гол гэж тэмдэглэсэн байдаг. Харин хятадын хайлтын “Байду” сайтад нийт уртыг 21196.18 км урт гэж тэмдэглэжээ.

Тяньанмэний талбай 

1610789876_things-to-do-in-beijing-china-9

Бээжин хотын төв талбай юм. Тус талбайн өмнө талд нь Хааны ордны музей, Мао тэргүүлэгчийн дурсгалын танхим, Ардын их хурлын танхим, Үндэсний музей байрладаг. БНХАУ байгуулагдсаны дараа уг талбайг 440 мянган квадрат метр буюу зүүнээс баруун тийшээ 500 метр өргөн, урдаасаа хойшоо 880 метр урт болгон өргөтгөжээ. Талбайн шалыг тусгай технологиор хийгдсэн цайвар өнгийн боржин чулуугаар дэвссэн аж. Тяньанмэний талбайд гадаад пасспортоо үзүүлэн нэвтэрч, үнэгүй үзэх боломжтой.

Хориотой хот

1610789960_zapretnyy-gorod-v-pekine-e1539669865798

Хориотой хот буюу хааны ордон нь Хятад улс социалист дэглэмтэй болсноор музей болжээ. Бээжин хотын төвд, Тяньанмэний талбайн эсрэг талд байрладаг. 1420–1912 онуудын хооронд буюу 500-гаад жилийн турш эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр орон болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв. 1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 залгаа өрөөнүүдтэй, нийт 980 барилгаас бүрддэг, 961 метр урт, 753 метр өргөн юм. Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг аж. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитектурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна.

Шувууны үүр

1610790043_catravel_1576643938

Шувууны үүр мэт харагдах цэнгэлдэх хүрээлэнг 2008 оны Бээжингийн зуны олимп болон паралимпийн наадамд зориулан бүтээсэн. Архитектураа онцгой болгохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг. Тус цэнгэлдэх хүрээлэн нь хоёр гол байгууламжаас бүрдэх бөгөөд 20.4 га талбайтай, 91 мянган хүний суудалтай. Гадна талаас нь үзэхэд үнэ төлбөргүй. Дотор талд гэрлийн үзүүлбэр гэх мэт жуулчдад зориулсан тоглолт байнга зохиогддог.

Амьтны хүрээлэн

1610790014_unnamed-1

1906 онд байгуулагдсан Хятадын хамгийн анхны, хамгийн олон амьтантай зоо парк. Өдгөө хуурай газрын 500 гаруй төрлийн 5000 амьтан, далайн 500 төрлийн 10.000 гаруй амьтантай аж. Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анаашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой. Мөн Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон ховор амьтад амьдардаг. Жилд дотоод, гадаадын 6 сая гаруй жуулчид хүлээн авдаг.Хуурай газарт оршдог дэлхийн хамгийн том аквариумтай. Дэлхийд алдартай 10 амьтны хүрээлэнд зүй ёсоор багтдаг аж.

Урлагийн гудамж 798 

1610790098_27-art_zone_798_798_art_zone

Урлагийн бүс 798 буюу монголчууд “Урлагийн гудамж” гэж нэрлэдэг энэ газар нийт 600 мянган ам метр талбайг хамардаг. Олон арван уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэсэн байхаас гадна жирийн нэг гудамжийг хэрхэн урлаг болгон тохижуулсныг та харах боломжтой. 1990-ээд оны үеэс төрийн өмчит үйлдвэр байсан газрыг уран бүтээлчид өөрсдийн сэтгэлгээ илэрхийлэх бай болгосон юм.

Лааны тосон музей

1610790070_ab375f49e34baaeforiginal

Мадам Тюссогийн музей нь дэлхийд алдартай лааны тосон баримлын музей юм. Ийм музей дэлхийд 15 байдаг. Бээжингийн Мадам Тюссогийн музей нь Шанхай, Хонконг, Үханий дараа орох Хятадын дөрөв дэх музей. Бээжингийн жуулчдад зориулсан гудамж болох Чяньмэньд байрладаг. Мадам Тюссогийн сонгодог үзмэрүүдээс гадна Хятадын улс төр, нийгэм соёлын салбарын алдартай хүмүүсийг ч урлан бүтээсэн үзмэрүүдтэй.

Сувдан театр 

1610790130_2019010814220511256

Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр” урлагийн ертөнцөд алдартай. Тус театр нь Тяньаньмэний талбайн баруун талд нэг км хүрэхгүй газарт байрладаг, эргэн тойрондоо усаар хүрээлэгдсэн. Шөнөд өнгө өнгөөр гэрэлтэн харагддаг. Сувд шиг хэлбэртэй тул ийн нэрлэжээ. 50 гаруй жилийн түүхтэй бөгөөд гурван удаагийн тендер, хоёр удаагийн засварын үр дүнд өнөөгийн дүр төрхөө олж, 2007 оны есдүгээр сард засвар нь дуусаж, арван хоёрдугаар сард хөшгөө нээжээ.

Хятадын үндэсний музей  

1610790128_-muzey-kitaya-

Хятадын үндэсний музей Тяньанмэний талбайн зүүн хэсэгт байрладаг бөгөөд 1912 оны долдугаар сард байгуулагджээ. 2007 оны гуравдугаар сараас тус музейд өргөтгөл хийж, 2011 онд нээлтээ хийсэн байна. Ингэснээр тус музей 200 мянган ам метр талбайтай болж, урьдынхаасаа дөрөв дахин томорч, дэлхийн хамгийн том талбайтай музей болжээ. Үзэсгэлэнгийн 48 танхимтай тус музейд нэг сая гаруй соёлын өв хадгалагдаж буй аж. Музейг үнэгүй үзэх боломжтой бөгөөд даваа гаригт амардаг. Өнөөг хүртэл тус музейд айлчилсан хүний тоо 30 саяыг давжээ.

Хаппи Валлей 

1610790171_dcndylsu0aarnn7

2006 онд ашиглалтад орсон Хаппи Валлей цэцэрлэгт хүрээлэн нь Чаоян дүүрэгт байрладаг бөгөөд 1.000.000 ам метр талбайг хамардаг. Нийт 120 гаруй үзмэртэй. Үүнээс 40 гаруй нь тоглоом, 50 гаруй нь хүний экологийн үзмэрүүд. Мөн 10 гаруй нэр төрлийн урлагийн тоглолт болж байдаг. Хүүхэд, залуучууд, настайчууд гээд бүх насныханд зориулагдсанаараа онцлогтой.

Илүү ихийг доорх холбоосоор ороод үзээрэй.

URL: