Талибуудаас зугтаж чадсан афган хүү Польшид хортой мөөг идэж нас баржээ

b04ba9c9cec7e5ebecd4eaa5d277e8889a59ae6eТалибуудад эзлэгдсэн нийслэл Кабул хотоос дүрвэн Польшид ирсэн афган гэр бүлийн таван настай хүү хортой мөөг идсэний улмаас нас баржээ. Эмч нарын хэлснээр, хүүгийн ах, мөөг хамт идсэн  зургаан настай хүүд элэг шилжүүлэн суулгасан ч биеийн байдал нь тогтворгүй байгаа аж. Хөвгүүд гэр бүлийн хамт өнгөрсөн сарын 23-ны өдөр Польшид ирж, Варшаваас холгүй байрлаж байжээ. Тэд хортой мөөг идсэнээсээ хойш нэг хоногийн дараа эмнэлэгт ирсэн тул эмчлэхэд хүндрэлтэй байсан гэнэ. Өчигдөр таван настай хүүг нас барсны дараа “Харамсалтай нь бид хөвгүүдэд тусалж чадсангүй” гэж эмчлэгч эмч Марек Мигдал нь хэлжээ. Хүүгийн тархи үхэжсэний дээр ах шигээ элэг шилжүүлэн суулгах боломжгүй байсан гэж Марек Мигдал ярьсан байна.

Дүрвэгчдийн байрлаж байсан газарт байсан 17 настай нэг афган охин хортой мөөгнөөс идсэн ч хордлого бага байсан тул эмчлэгдээд эмнэлгээс гарчээ.  Энэ хэргийг хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж. Польшийн хэвлэлүүдэд бичсэнээр, хүүгийн гэр бүлийнхэн ойгоос мөөг түүн шөл буцалгаж уужээ. Дээрх нийтлэлүүдэд эрх баригчдыг дүрвэгсдэд хангалттай хоол унд өгсөнгүй гэж буруутгасан агуулга байгаа юм. Харин эрх баригчид нь энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ажээ.

Польшийн Гадаадын иргэдийн асуудал хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Якуб Дудзяк дүрвэгсдийг өдөрт гурван удаа хооллож байгаа гэж мэдэгджээ.


URL: