Д.Болд: Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн
Монголоос орж ирж байгаа төмөр замын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэгт тээврээр авна гэсэн шийдвэрийг Эрээн хотын Ардын засгийн ордон, Ковидтой тэмцэх шуурхай штабаас нь гаргасан байна. Энэ талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тодорхой мэдээллийг өглөө.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцсан байгаа юм.
Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тодруулахад Элчин сайд Чай Вэньруй энэ талаар албан ёсоор мэдээлэл аваагүй байна гээд, төвийн болон орон нутгийн байгууллагуудаасаа мэдээлэл авч шуурхай хариу өгөхөө илэрхийлжээ.
Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны Манжуур хотод ковид 19-ийн тохиолдол олноор бүртгэгдсэн, дэлхийн зарим улсад вирусын шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг сайжруулах арга хэмжээ авч буйг Элчин сайд тэмдэглэсэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Замын-Үүд-Эрээн боомт хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах хоёр талын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тээвэрлэлтийг аль болох эрт эхлүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлжээ.
URL: