Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг сэргэжээ

712-1645493370621443a34e0e7ХАНОЙ. /NHK/. Зүүн Өмнөд Азийн Вьетнам, Тайланд тэргүүтэй орнуудад “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авах арга хэмжээнүүдийг сулруулсны дараа 2021 оны сүүлийн улиралд эдийн засаг нь сэргэжээ.

Тодруулбал, Вьетнамын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн 10-12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар өссөнөөр сүүлийн хоёр улиралд анх удаа өссөн дүн үзүүлсэн байна. Үүнд хатуу хөл хорионы арга хэмжээнүүдийг сулруулсан нь аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээж, улмаар хэрэглээ нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Мөн Тайланд, Малайзын эдийн засаг сүүлийн хоёр улиралд анх удаа өсөж, 1.9, 3.6 хувийн өсөлт тус тус үзүүлсэн байна. Тайланд улсын хувьд жуулчдад хилээ нээсэн бөгөөд экспортын хэмжээ нь өсжээ. Түүнчлэн бүс нутагтаа хамгийн томд тооцогддог Индонезийн эдийн засаг 5.0 хувиар тэлсэнээр гурван улирал дараалан өсжээ.
Зүүн Өмнөд Азийн олон орон цаашид эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлж, хилийн хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байгаа ч саяхнаас өвчлөл дахин нэмэгдэх болсон нь нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL: