Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг авч хэлэлцсэн.

Шалгалтын дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат 1990 онд байгуулагдсан. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх санаачлагууд гарч, хийгдсэн байдаг.  2010, 2011 онд 48 сая доллар, 49 сая долларын хөрөнгө оруулалтыг  “Кью Эс Си” компани хийж, төмрийн хүдрийн баяжмал авах гэрээтэйгээр үйл ажиллагаа явагдсан байна. 2013 оноос концессын гэрээ хийгдэж эхэлсэн. 2015, 2016 онд концессын гэрээндээ өөрчлөлт оруулах процесс эхэлсэн.

2014 онд байгуулагдсан гэрээгээр барих ашиглах шилжүүлэх замаар зургаан төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч 2015 онд концессын гэрээнд барих шилжүүлэх болгон өөрчлөлт оруулсан байна. Улмаар 2015 онд байгуулсан гэрээний дагуу Монголын төрд хоёр төрлийн хэрэгжүүлсэн төслөө хүлээлгэж өгөөд 240 тэрбум төгрөгийг төсвөөс гаргуулж авсан байна. 2018 онд Засгийн газрын тогтоолоор 240 тэрбум төгрөгийг концессын төлбөрт шилжүүлсэн нь хууль гэж дүгнээд төрд төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас концессын гэрээг цуцалж,  санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан.

Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2,6 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна. Засгийн газрын зүгээс хяналт шалгалтын ажлын хэсгээс гарсан дүгнэлт дээр үндэслэл үлдэгдэл хохирлууд дээр гомдол гаргах процессыг эхлүүлсэн.

Санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн, 240 тэрбум төгрөгийн концессын төлбөр өнөөдрийн хүртэл төлөгдөөгүй, 312,4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байна /Энэ нь Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкнаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэрээр зээл авахуулаад ”Кью Эс Си” компани руу шилжүүлсэн төлбөр/, 840,9 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр зарж борлуулсны зөрүү гарч ирж байна. Энэ нь гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Мөн өөрсдийн хамаарал бүхий компаниудад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр гэрээ хэлцэл хийж өгсөн байна” гэлээ.

П.ГОО

http://www.shuud.mn/a/545179


URL: