Хуулийг хуумгай батлахгүй байх буюу Зөвлөлдөх санал асуулгын боломжууд

Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага, гишүүд иргэдээ төлөөлж улс орны амьдралд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хууль батална…  Сурах бичигт өдийг хүртэл бидэнд ингэж зааж ирсэн. Гэвч өнгөрсөн 30 жилийн туршид хэд хэдэн ноцтой асуулт гарч ирсэн нь:

 

  • Гишүүд ард түмнээ жинхэнээр төлөөлж чадаж байна уу?
  • Гишүүний өргөн барьсан хууль ард түмний эрх ашигт нийцдэг үү?
  • Батлагдсан хууль нь амьдралд эерэг өөрчлөлтийг авчирч байна уу?

 

Эдгээр асуултын хариу нь тогтвортой бус. Тийм гэдэг хариулт улам цөөрсөөр байгаа. Саяхан хуулийг хэрхэн батлахгүй байх мастеркласс хичээлийг залуухан УИХ-ын гишүүн бидэнд үзүүлэв. Түүний үйлдэл бухимдал дагуулахын зэрэгцээ төлөөллийн ардчилалд итгэх итгэлд том цохилт өглөө. Гуравхан хоногийн дотор хэлэлцэгдэж, батлагдсан хууль санаачлах, хэлэлцэх батлах бүх журам, зарчим, хуулийг уландаа гишгэж, ардчилсан Монгол улсын хүн бүрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхүйц үр дүнг дагуулж байна.

 

Хууль тогтоох процесс бол ардчиллын хамгийн үнэт зүйл. Энэ явцад иргэн бүрийн оролцоог хангана, мэдээлэл хүргэнэ гэдэг ч хоосон яриа л үлддэг. Нэгэн гишүүн Икс компаний эрх ашигт нийцүүлж хууль баталлаа л гэнэ, өөр нэгэн гишүүн ажил хийсэн харагдах гэж Икс хэмжээний мөнгө амлаж хуулийн төсөл худалдаж авнаа л гэнэ. Эсвэл бүүр хорлонтой нь нэгэн гишүүн олон нийтэд сайхан харагдахын тулд Икс бараа, үйлчилгээг хорилоо л гэх. Хэдий явган яриа ч, олны үг ортой гээд иргэдийн олонхи итгэнэ, үнэмшинэ.

 

Хувийн эрх ашиг, улстөрийн уянгалсан попролт дунд батлагдах ямар ч хууль, тэр хуулийг баталж буй инститүүцэд итгэх итгэл хэврэг байх нь ойлгомжтой. Жил ирэх тусам сонгуулийн ирц унасаар байгаа нь тод илрэл бишүү.

 

Нийгмийн тогтвортой байдал, сайн сайхны үндэс нь нийгмийн итгэлцэл байдаг. Түмнийг төлөөлж төрийн хэргийг хэлэлцэхээр суугаа хүмүүс иргэдийн итгэлийг алдснаас хууль тогтоох байгуулгад итгэх итгэлд асар том ан цав үүсэж, бүх шйидвэр нь хардлагад өртөж байна. Нийгмийн итгэлцлийг сэргээх нь өнөөгийн улс төрийн үндсэн асуудал мөн.

 

Итгэлийг сэргээхгүйгээр юуг ч шийдэж чадахгүй. Өнөөгийн улс төрийн орчинд дэлхийн хамгийн мундаг суутнуудыг цуглуулаад гаргасан хамгийн шилдэг шийдлүүд ч олны хардлагыг төрүүлнэ. Хэний захиалгаар, яагаад ийм юм ярих болов? Бүр цаашилбал гадаад нөхцөл байдал ийм хүнд үед яагаад тогтолцооны том өөрчлөлтүүдийг, хэний эрх ашигийг хангах гэж хийгээд байна гэх хардлага гарцаагүй төрнө.

 

Ийм нөхцөлд шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах, тэдний саналыг шийдвэрт тусгах аргачлалаа ил тод, ойлгомжтой, оролцоотой байлгах дээр нэгдэх нь чухал болжээ. Өнгөрсөн 31 жилийн туршид дан болохгүй, бүтэхгүй зүйл өрнөж байсан гэвэл хилсдүүлэг болно. Төв азийн орнууд дунд хамгийн идэвхтэй, эрх чөлөөтэй иргэний нийгэм, хагас дутуу ч ажилладаг ардчилсан тогтолцоог монголчууд бүтээсэн. Ардчилал иргэдийн амин хэрэгцээ, амьсгалах агаар болж төлөвшсөн. Үүний хамгийн тод жишээ нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд ашигласан зөвлөлдөх ардчиллын процесс юм.

 

Зөвлөлдөх санал асуулгын энэ зарчмыг бид 2023 онд нийгэм, эдийн засагт тулгарч буй гол асуудлаа шийдэхэд дахин ашиглахаар болж байна. Яаж?

 

Статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдох 1570 хүнд асуумж бөглүүлнэ. Үүний дараа асуумжид оролцогсдоос сонгогдсон хүмүүс Улаанбаатар хотод цугларч, хот хөдөөгийн ялгаа, түгжрэл, шударга ёсны тогтолцоо, засаглал, баялгийн хуваарилалт зэрэг сэдвээр тэнцвэржсэн мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мэдээлэлжсэн иргэд эргэцүүлэн, тунгааж бодсоны үндсэн дээр саналаа нууцаар өгч, санал асуулгаас гарсан дүгнэлтийг Их хурал хүлээн авч, хэлэлцэн батлах болно.

 

Энэхүү үйл явцад хэд хэдэн давуу тал байгааг би олзуурхан онцолж байна:

 

  1. Ямар нэг эрх ашигт үйлчилдэг, тусгайлсан зорилго агуулсан хүмүүс бус санамсаргүй түүврийн аргаар Монголын хүн ам зүйн бодит төлөөллийг бүрдүүлснээр эдгээр бүлэг хүмүүсийн гаргах шийдвэр, дүгнэлт нь үнэхээр нийтийн эрх ашгийг хангаж чадах эсэх асуултын хариу болно;
  2. Аливаа попролт, улс төрийн туйлшралын эсрэг үр дүнтэй вакцин бол мэдлэг, мэдээлэл билээ. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдод тухайн асуудлаар дэмжиж буй болон  сөрөг хандлагатай хоёр талын тайлбар, байр суурийг тэнцвэртэйгээр хүргэдэг. АНУ-д хийгдсэн судалгаагаар хамгийн хатуу байр суурьтай хүн ч бүрэн мэдээлэл авч, нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах үед байр суурь нь зөөлөрсөн, өөрчлөгдсөн явдал ажиглагджээ. Мэдээлэлжсэн иргэд хэзээ ч туйлширдаггүй. Голч хандлагатай болдог.
  3. Монголын улс төрийн соёлд үнэхээр дутагдаж буй зүйл нь асуудлыг наанатай, цаанатай, янз бүрийн өнцгийг тусган, тал бүрээс нь хэлэлцэх чадамж юм. Улс төрийн эрүүл мэтгэлцээний оронд хэн хамгийн чангаар хашгирсан, хэн түрэмгийлж, өрсөж дайран доромжилсон нь ялдаг ч юм шиг гаж соёл тогтсон нь үнэн. Зөвлөлдөх санал асуулгын явцад эсрэг тэсрэг хандлага, байр суурийг сонсож, тунгааж, эрэгцүүлэн бодит баримтад тулгуурлан мэтгэлцэж сурах нь монголын ардчилалд хоногшуулах хамгийн том өв болж мэднэ.

 

Зохион байгуулагчдын зүгээс Зөвлөлдөх санал асуулгын явцыг хамгийн ил тод, шударга, хөндлөнгийн нөлөөгүй зохион байгуулах хүнд сорилтын өмнө ирээд байна. Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулж чадвал Монголын нийгмийн итгэлцэл сэргэх үүд нээгдэж, иргэн төр хоёрын холбоос бэхжих давуу талтай юм.

 

Элит улс төрчид эрх мэдлээ хуваалцаж, жирийн иргэний дуу хоолойг бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтад оролцуулж байгаа энэ ховор завшааныг иргэд бид маш анхааралтай ажиглах, тунгаан бодох л үлдлээ!


URL: