БАЯНХОНГОР АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШИНГЭН СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

       Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад төлөөлөл  Баянхонгор аймагт ажиллаж Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны 1000 тонн зоорины барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна. Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тоннын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах юм.

Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна.

Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ. Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.


URL: