Тайванийн шинэ ерөнхийлөгч Лай Чин Тэ тангаргаа өргөлөө

Screenshot 2024-05-21 132903

БНХАУ Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг боловч тайваньчууд тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зүтгэсээр байгаа онцлог бүс нутаг юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 67 настай хатагтай Цай Ин Вэн Тайванийг удирдсан бол нэгдүгээр сард явуулсан сонгуулиар шинэ удирдагч сонгогдсон.

Тайванийг ирэх дөрвөн жилийн хугацаанд удирдахаар сонгогдсон 64 настай Уильям Лай буюу Лай Чин Тэ өнөөдөр тангаргаа өргөлөө. Тайвань дотооддоо ардчилсан сонгууль явуулж засгийн эрхээ өөрөө удирдаж байгаа нь Бээжингийн хувьд тун эмзэг, адармаатай асуудал юм. Гэвч АНУ зэрэг өрнөдийн орнууд Тайванийг дэмжиж ирсэн учраас энэ удаад шинэ удирдагчийн тангараг өргөх ёслолд ихээхэн ач холбогдол өгч мэдээлж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон сонгуулиар Япон улсад төрж, АНУ-д өссөн Шиао Би Хим дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Шинэ удирдагчдын тангараг өргөх ёслолын өмнө Хятадын армийн хэдэн арван онгоц, хөлөг онгоц Тайванийн ойролцоо эргэлдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын армийн байлдааны зориулалттай 13 онгоц, 14 усан онгоц Тайванийн агаарын болон далайн орон зайд нэвтэрсэн гэж Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Энэ нь Бээжин Тайванийн шинэ удирдагчдын тангараг өргөх арга хэмжээнд дургүйцлээ илэрхийлж буй явдал юм. Одоогоор БНХАУ-ын Засгийн газар Уильям Лайн тангараг өргөж буй ажиллагаатай холбоотой байр сууриа шууд илэрхийлээгүй ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд нийтлэл гарсан байна. Тус нийтлэлд Лайг Бээжинтэй нэмж сөргөлдөхгүй байхыг уриалжээ. Мөн Лондон дахь Хятадын элчин сайдын яам өнөөдрийн ёслол арга хэмжээнд албан элч төлөөлөгчөө илгээхгүй байхыг хүссэн байна.

Тайваньтай ойр холбоотой хэд хэдэн улсын албан бус төлөөлөгчид шинэ удирдагч Уильям Лайн тангараг өргөх ёслолд иржээ. Тухайлбал АНУ албан бус төлөөлөгчөө илгээсэн бол Япон, Австрали, Канад, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Тайпейд ирлээ. Мөн Парагвай, Палау, Сэнт Лусиа, Эсватини зэрэг Тайваньтай дипломат харилцаа тогтоосон улс орон, тусгай бүс нутгийн төлөөлөгчид зочилжээ. Тайвань нь НҮБ-ын гишүүн 10, гишүүн бус 2 оронтой дипломат харилцаатай байдаг юм. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд нийт найман орны төр засгийн тэргүүн, олон улсын 51 төлөөлөгч ирсэн байна. Өнөөдөр орой хүндэтгэлийн хүлээн авалтад дотоодын болон гадаадын нийт 1,000 зочин уригджээ.

Хятад Тайванийн нутаг руу хүч хэрэглэн халдаж болзошгүй гэсэн тун эгзэгтэй цаг үед Тайванийн шинэ Ерөнхийлөгчийн байр суурь дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа юм. Уильям Лайг Тайванийн тусгаар тогтнолын төлөө прагматик замаар тэмцэгч хэмээн тодорхойлж байсан удаатай.

Уильям Лай тангараг өргөснийхөө дараа Ерөнхийлөгчийн хувиар үг хэлэхдээ “ардчилал” гэдэг үгийг 31 удаа хэлсэн байна. Тэрээр Хятадын авторитар дэглэмийн улс төрчид өөрийгөө удирдах засаглалтай Тайвань руу хүч түрэмгийлж коммунист дэглэм тогтоох санаархалтай байгааг хэлжээ. Мөн Тайванийн ирээдүй зөвхөн энд амьдардаг хүмүүсийн бус харин дэлхийн ирээдүй гэж үзэж буйгаа тэрээр онцолсон байна.

Түүнчлэн Хятадыг Тайванийн эсрэг улс төр, цэрэг армийн заналхийллээ зогсоохыг уриалжээ. Мөн Бээжин Тайванийн оршин тогтнол, тайваньчуудын сонголтыг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Тайванийг хамгийн их нээлттэй дэмждэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Лайд баяр хүргэж, энх тайван тогтвортой байдлын төлөө холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхээ хэлсэн байна. Лай ч мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлж, зэвсгийн гол ханган нийлүүлэгч, түнш АНУ-тай ойр дотно харилцаагаа хадгалах төлөвтэй байгаа юм.

Энэ хооронд Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй Вейбо цахим сүлжээнд Уильям Лайн нэрээр хаштаг ашиглахыг хориглосон байна. Мөн Хятадын Засгийн газар Тайваньд зэвсэг худалдсан АНУ-ын батлан хамгаалах салбарын гурван компанийн эсрэг хориг тавьсныг зарлаад байгаа юм.


URL: