Тойм: Зуны паралимпын наадмын эргэн тойронд

image-fe1cfdcc-c9d3-4423-aff3-b976b01835c2Зуны паралимпын XVII наадам хөшгөө нээлээ. Энэ удаагийн наадамд 168 орны 4400 тамирчид спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөнө. Манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцох бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа барин баг тамирчдаа манлайлан жагслаа. Энэ удаагийн паралимпэд Эритрей, Кирибати, Косово улсаас анх удаа оролцоно. Харин Бангладеш 2008, Соломоны арлууд, Вануату 2012, Зүүн Тимор, Макао, Мьянмар, Тонга, Тринидад ба Тобаго, Туркменистан улс 2016 оны наадмыг өнжсөний эцэст эргэн ирлээ. Тэгвэл манай улс 2000 оноос хойш паралимпын наадамд оролцсон түүхтэй. Парист хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болсон юм. Тодруулбал байт харваа, хөнгөн атлетик, жүдо, пауэрлифтинг, усанд сэлэлт, таеквондогийн төрлөөр эрхээ авсан билээ. Нээлтийн ёслолыг 50 мянга орчим хүн үзэж сонирхсон байна. Паралимпын наадмыг нээж төрөхдөө зүүн гараа алдсан Францын дуучин Лаки Лов тэргэнцэртэй бүжигчдийн хамтаар үзүүлбэр толилуулав. Бразил улсаас хамгийн олон буюу 250 гаруй тамирчин оролцож байгаа бол хамгийн цөөн нь Мьянмар улсыг төлөөлж гурван тамирчин оролцож байна. Энэхүү наадамд эмэгтэй нь эрэгтэй тамирчдаасаа олон 35 орон байгаагийн нэг нь Монгол юм. Тэгвэл 200-гаас дээш тамирчнаа илгээсэн ердөө тавхан орон байна. Харин энэхүү наадамд 4500 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна.
undefined

Байтынхан рекувр төрлийн нээлттэй ангилалд өрсөлдөнө
1960 онд Ромд болсон анхдугаар паралимпын наадмаас хойш пара байт харваа нь паралимпын спортын хөтөлбөрт багтаж ирсэн. Гэсэн ч уг спортын түүх нь бүр эртнээс эхлэлтэй. Паралимпын наадмыг үүсгэн байгуулагч гэгддэг доктор Людвиг Гуттман анх 1940 онд Их Британийн Сток Мандевилл эмнэлэгт шархадсан ахмад дайчдыг нөхөн сэргээж эмчлэхийн тулд байт харвааг ашиглажээ. Тэрбээр 1948 онд Их Британийн Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдын багахан хэмжээний цугларалт зохиож спортын байт харвааны нөхөрсөг тоглолт хийж уг спортын эхлэлийг тавьсан байна.
Нөхөрсөг тоглолтоос цар хүрээгээ тэлэн паралимпын наадмын спортын нэг төрөл болсноор тус төрлөөр хичээллэх хүмүүс ч нэмэгдэж тамирчдын оролцоо ч өссөн байна. 1960 онд Ромд болсон анхны паралимпын байт харвааны төрөлд найман орны 19 тамирчин өрсөлдөж байсан. Тэгвэл “Токио 2020” наадамд 42 орны 139 тамирчин оролцсон нь эл төрөл улам өргөжиж буйн илрэл юм. Паралимпын наадамд харваачид биеийн гэмтлээсээ хамааран нээлттэй болон W1 ангилалд хуваагдан рекурв, компаунд гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө. Рекурв нум сум нь уламжлалт нумуудын орчин үеийн хувьсал гэж хэлж болох ба 122 см-ийн байг 70 метрийн зайд харвадаг. Харин компаунд нум сум нь механик дамар, дуран харагдац, тайлах туслах илүү нарийвчилсан хэрэгслүүдтэй, 50 метрийн зайд 80 см-ийн байг харвадаг ажээ.
Монгол Улсаас байт харвааны нээлттэй ангилалд Рекувр төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгэ нар цэц сорино. Эмэгтэйчүүдийн чансаа тогтоох харваа Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхлэх хуваарьтай байна.
undefined

Өнөөдөр манай дөрвөн тамирчин тэмцээнээ эхлүүлнэ
Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 16:00 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай бөгөөд “Ханжоу-2023” Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн урьдчилсан гараа 15:30 цагт эхэлнэ. Тус төрөлд манай улсаас залуу мастер Х.Номуун өрсөлдөх юм. Түүний хувьд анх удаа паралимпын наадамд өрсөлдөж байгаа бөгөөд финалд шалгарч чадвал 23:30 цагт уралдана. Түүнчлэн дээр дурдсанчлан байтыхан чансаа тогтоох харваатай.
Монголын багийн гол найдвар Э.Содномпилжээ
undefined

Парист эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын тамирчдаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ анхаарлын төвд буй. Тэрбээр анх “Рио-2016” наадмаас хүрэл медаль хүртсэн бол “Токио-2020” наадамд 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоон түрүүлсэн билээ. Харин энэ удаа гурав дахь медалиа авахаар Парист өрсөлдөхөд бэлэн болжээ. Өмнөх наадамд манай тамирчин түүртэлгүй түрүүлсэн бол энэ удаа нэгэн хүчтэй өрсөлдөгчийг давж гарах ёстой. Тэр нь Ираны Алиакбар Гарибшахи юм. Сүүлийн жилүүдэд огцом сайжирсан. “Ханжоу-2022” паралимпын наадамд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн ч иран тамирчин 251 кг-ыг өргөн түрүүлсэн билээ. Өмнөх жилийнх нь ДАШТ-д тэрбээр 254 кг-ыг өргөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байв. Түүнээс гадна “Токио-2020” паралимпын мөнгөн медальт Малайзын Жон Юү Ки, 2017 оны дэлхийн аварга Мексикийн Хосе Жесус Кастилло нар медалийн төлөө өрсөлдөх магадлал өндөр. Тус жингийнхний өрсөлдөөн наадмын сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 8-ны 15:00 цагт (Улаанбаатарын цагаар) эхлэх болно.
undefined

ЮНЕСКО-гийн “Fit for Life” хөтөлбөртэй хамтрахыг боломжтойгоо илэрхийлжээ
 “Парис 2024” зуны паралимпын наадмыг тохиолдуулан ЮНЕСКО болон Олон улсын паралимпын хорооноос хамтран Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулсан “Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, ашиг тусыг хүртэх нь” сэдэвт бага хурал боллоо. Уг хуралд 30 гаруй улсын холбогдох яамдын сайд нар, паралимпын тамирчид, спортын салбарын төлөөлөл оролцож, тусгай хэрэгцээт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцсэн байна. Монгол Улсын тухайд Засгийн газраас пара спортоор хичээллэх тамирчдад тусгай бэлтгэл хийх, спортын олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж буй нь ЮНЕСКО-гийн “Fit for Life” хөтөлбөртэй уялдаж байгааг онцлон цаашид хамтран ажиллах боломжтойг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин онцолжээ.

URL: