БУЯНТ-УХААГИЙН ЗАХИАЛАГЧИД НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ ГЭНЭ

БАЙР“Буянт Ухаа 1″ хорооллын захиалагчдад арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээл олгохгүй байгаа мэдээлэл цацагдаад удаж байна. Энэ асуудлаар Монголын ипотекийн корпораци Төрийн орон сууцны корпорацитай зөвшилцөж байгаа гэсэн ч мэдээлэл цацагдаад удаж байна. Өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрсэн эсэх нь тодорхойгүй. Нэг үгээр сураггүй байна.
Захиалгын гэрээгээ эрт хийсэн зарим иргэний гэрээний хугацаа дуусч байгаа. Тиймээс зээлд хамрагдах 60 хоногийн хугацааг Улсын комиссын акт гарсан өдрөөс эхлэн тооцохоор болсон билээ. Тэгвэл тус хорооллын 28 байшинд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж дууссан бөгеөд байруудад акт, дүгнэлт гаргаад эхэлжээ. Гэхдээ актыг иргэдийн гар дээр өгөлгүй арилжааны банкуудад албан тоотоор шууд хүргүүлэх аж.

Энэ мэтчилэн ТОСК асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа хэдий ч байраа зуун хувь баталгаажуулж өөрийн болгосон хүн одоог хүртэл цөөн байна.

Иймээс иргэдэд тулгарч байгаа хүндрэлийн талаар сурвалжлахаар ТОСК-ийг зорилоо. Очиход дугаарласан олон хүн байгаагүй ч дөнгөж захиалгын гэрээгээ хийхээр ирсэн хүнээс эхлээд байрандаа орох нааштай мэдээ горилсон хүмүүс хэд гурваараа орж гарсан байдалтай байв. Тэдгээр иргэнээс ямар асуудлаар ирсэн болон ТОСК-аас хэрхэн шийдэж байгааг нь сонирхлоо.

Захиалагч Х.Саруулзаяа: Бүх банкаар орлоо. Найман хувийн зээлд “Буянт-Ухаа” хорооллыг хамруулахгүй гэж байна. Жилийн 19,2 хувийн хүүтэй зээл олгоно гэнэ. Ингэвэл сард төлөх төлбөрийн хэмжээ өсч найман хувийн зээлд хамрагдсан хотын төвийн сууцнаас үнэтэй болж байна шүү дээ.

Захиалагч Ө.Мөнгөнцэцэг: Би банкнаас зээл олгох асуудал шийдэгдсэн үгүйг мэдэх гэж ирсэн. Асуутал та Засгийн газрын 36 дугаар тогтоолыг уншиж мэдээлэл авах ёстой гаж хариуллаа. Тэр тогтоол дээр нь юу гэсэн байгаа вэ гэхээр орон сууцанд орох хүмүүс банкны асуудлаа өөрөө хариуцах ёстой гэсэн заалт байгаа гэж байна. Би одоо 54 настай. Тэтгэвэрт гарахад нэг жил дутуу учраас төрийн албан хаагчийн байр захиалсан. Тэтгэвэрт орсон ч, ороогүй ч миний байдал банкны шаардлагыг хангаж чадахгүй юм билээ. Би гурав, дөрвөн банкаар орсон. “Голомт” банк гэхэд та сарын 900 мянган төгрөгний цалинтай байж бид танд зээл олгох боломжтой гэсэн. Ганцаараа ажил хийдэг, дээрээс нь миний цалин үүний 50 хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр би 900 мянган төгрөгний цалинтай болж чадахгүй нь ойлгомжтой учраас байраа алдахад хүрч байна. Ийм сайхан боломжийн үзүүрээс атгачихаад үүнийгээ тийм амархан тавьчихмааргүй байна. Ер нь би гэлтгүй ТОСК дээр таарсан хүмүүс бүгд л банкин дээр гацчихаад байна гэж ярьж байгаа.

Захиалагч залуу гэр бүл: Зуун хувь төлбөрөө төлчихсөн зургаан хүн байна гэсэн. Бидний хувьд одоо найман хувийн зээлээ хөөцөлдөх л ажил үлдсэн. Банкуудаар явж үзээгүй л байна. Ямар ч байсан ХААН банкны орон сууцны зээлийн төв “Буянт-Ухаа 1″-ийн захиалагчдын өргөдлийг огт авахгүй байгаа гэсэн.

Захиалагч Л.Мандах: Улсын комиссын дүгнэлт ирлээ гээд банкны шаардлагыг хангахгүй хүмүүс зөндөө бүртгүүлчихсэн байна гэсэн. Анхнаасаа үндсэн шаардлагуудын талаар бодитой мэдээлэл өгөх ёстой байсан. Гэтэл одоо иргэд бараг дайраад бүртгүүлчихсэн ухааны юм ярьж байна. Арай ч бас тэгээгүй байлтай. Бүртгүүлэхэд мэдээлэл тараагаагүй шүү дээ.

Үүнээс гадна иргэд арилжааны банкууд МИК-ийн хариуг хүлээж байгаа. Гэтэл ТОСК-ийн журамд байгаа 15 жилийн хугацаанд байраа зарж борлуулахгүй, түрээслэж хувийн ашиг олохгүй гэсэн заалтууд нь МИК-ийн журамтай зөрчилдөж байгаа учраас МИК нааштай шийдвэр гаргахгүй байгаа гэнэ. Энэ хоёр байгууллага уялдаа холбоо муутай ажиллаж байгаагаас иргэдэд чирэгдэл учирч байна гэх зэргээр ярьж байв.

 

 

М.ЯНЖИНДУЛАМ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих