Хууль зүйн дэд сайдад “усны” Батбаярыг дэвшүүлэхээр зэхэж байна

uls_540d3fce459ed_1Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 дахь хэсэгт зааснаар улс төрийн албан тушаал хаших эрхээ хоёр жилийн хугацаатайгаар хасуулж найман сая 424 мянган төгрөгөөр торгуулахаар болсон. Намын даргаа, дүүтэй нь, экс туслахтай нь аварчих санаатай интерполд бичсэн захианых нь үр дагавар энэ аж. Энэ ч яах вэ, одоо иргэн Э.Эрдэнэжамъяны хэрэг болсон бололтой. Харин түүний оронд хэнийг томилох нь шинэчиллийн Засгийн газрын хэрэг.

Гэтэл сонирхолтой нь АН-ынхан “жинхэнэ” сайдын томилгоонд “анхаарал хандуулахаас” дэд сайдын суудлыг тэгтлээ тоохгүй байгаа бололтой. Харамсалтай нь олон нийтийн “ой санамжид” шинэчиллийн Засгийн газрын түүх мөрөө үлдээхдээ эвссэн эсэх нь чухал биш, өөрөөр хэлбэл “Ардчиллынхан Засгийн эрхийг барьж байхдаа…” хэмээн бичигдэж үлдэнэ. Сонгуулийн үеэр ч ийм л ой санамжид тулгуурлан сонголтоо хийдэг билээ. Тэгэхээр Хууль зүйн сайдын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа энэ цаг үед тус салбарын дэд сайдын асуудлыг “Шударга ёс” эвсэл мэдэг гээд орхиж боломгүй.

Эх сурвалжийн мэдээлснээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны суудлыг Усны хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан эдүгээ МАХН-ын нарийн бичгийн даргын алба хашиж буй З.Батбаярт шилжүүлэх магадлалтай байгаа аж. Андуурсан байлгүй дээ, Байгаль орчны дэд сайдыг “бас” огцруулах гэж байгаа юм уу гэтэл “Үгүй” гэнэ.

Уг нь “хууччуулаас” ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, бас л Монгол төрийн хүндтэй суудлуудад заларч явсан Ц.Шаравдорж нар гээд хуулийн салбарын “Гигант”-ууд хаачив. Ц.Шаравдорж энэ оны эхээр МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэн гэдэг. Гэхдээ л тэднийг эвслийхний намд, эсвэл эрх баригч Ардчилсан намд элсэхгүй байсан ч Хууль зүйн дэд сайдын албан тушаалыг санал болгоход “Монголын төрийн төлөө зүтгэе” л гэнэ. Учир нь тэд төрийг намаас дээгүүр, өөрийн нэр хүндийг нийтийн эрх ашгаас доогуур хараад сурчихсан, тэгж бэлтгэгдсэн хүмүүс.

Заавал нам ярих гээд байгаа бол дээрх хоёр хуульч-улстөрчийн хэн нь ч Н.Энхбаярын талаарх байр сууриа илэрхийлж байсан. Улайм цайм өмөөрөө ч үгүй, “Ч.Улаан гаалийн Х.Баатарыг танихгүй” гэдэг шиг хүн чанараа гээгээ ч үгүй, ердөө л хуулийн дагуу ингэх байсан гэдгийг хэлж байсан нь олон нийтэд таалагдсан. Энд зөвхөн “тааралдсан” жишээ нь дээрх хоёр эрхэм хүн байснаас биш хуулийн салбарын олон мундагчууд буй. Тэднийг олж Хууль зүйн дэд сайдын суудалд “залснаар” ямар нэгэн шинэчлэл нурахгүй, харин ч улс төрийн тэнцвэртэй байдлыг хадгалж төрийн хүнийг төрийн яамны зохих суудалд нь залж яагаад болохгүй гэж. Ингэснээр “Яана даа, энэ хуулийн салбарынхан сайд нь “энэ”, дэд сайд нь “тэр” гэлцээд ээлж дараалан хууль зөрчсөөр Хууль зүйн яамыг “Хууль зөрчигчдийн яам” гэхэд хүрээд байгааг аврах юм биш үү.

Ямартай ч “Усны” З.Батбаяр л лав Хууль зүйн дэд сайд байх ёстой хүн гэдэгтэй санал зөрөх хүн олон гарах вий. Тэрбээр 2012 оны есдүгээр сард буюу Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсны дараахан МАХН-д элссэн. Гэхдээ түүнд амбиц бий. Жишээ нь энэ оны нэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-д 30 гаруй суудалтай АН-д хэдэн хууль ч байдаг вэ, 20 гаруй суудалтай МАН-д хэдэн хуульч байна, 11 гишүүнтэй “Шударга ёс” эвсэлд хэдэн хуульч байна гэдгийг бодоод үзээрэй. Би ч бас хуульч шүү дээ” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ “гавьяат хуульчид”-тай барьцах амбиц уу, үгүй юу гэдгийг одоо л харж байя.

Ж.Мөнхбаяр

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих