Точиношин: Яагаад Хакүход ийм хүйтэн, хөндий хандав?

tochi07Ёкозүна Хакүхо буюу Миягино оякатаг Мэргэжлийн Сүмогийн Холбооноос гарсан талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж буйн дотроос Гүржийн сүмоч, озэки Точиношин илүү хурц хэлбэрээр бодлоо хэлжээ. Илүү дутуугүй үг нэмэлгүй түүний бодлыг хүргэе.

“Зүрх минь аймшигтай өвдөж байна. Би та бүхэнд өөрт төрж буй бодол, сэтгэгдлээ хүргэе гэж бодлоо. Ёкозүна Хакүхо буюу Миягино оякатагийн талаар би үгээ хэлэхийг хүсч байна.

Та нарт ямар бодол төрж байна вэ? Хэн хүнээс илүү олон удаа, 45 удаа түрүүлсэн хүн шүү дээ. Мөн хүний хувьд ч гайхалтай сайн залуу. 20 жилийн турш сүмогийн нүүр царай болсон атал Холбоо ийм хүйтэн хөндий хандана гэж төсөөлсөн ч үгүй.

Мөдхөн дэвжээг нь нээчих байх гэж бодож байлаа. Гэтэл үнэндээ хөөчихлөө. Өөрөө өргөдлөө өгсөн л гээд байгаа. Өөрөө тэгж хэлсэн байж болох ч гэлээ үнэндээ өргөдлөө өгөхөөс өөр зам үлдээгээгүй. Ингэж бодохоор л сэтгэл хөндүүрлээд байх юм.

Шинэхэн, залуухан Миягино оякататай болсноор Сүмогийн Холбоо өнгө орж, сайжирна гэж бодсон. Гэтэл яагаад Хакүход ийм хөндий, хүйтэн хандав? Бусад дэвжээнд болж л байдаг, нуугаад л өнгөрдөг явдлыг яагаад Миягино дэвжээн дээр болохоор өндөр авахуулж, өдий хэмжээнд хүргэв? Яагаад ганцхан Миягино оякатад ийм хатуу хандав? Юу л болоод байна даа…

Энд ямар утга учир байгаа юм бэ? гэж Холбооноос би асуумаар байна. Залуу бөхчүүд, залуухан ояката нараа Холбоо хамгаалах гэж ажилладаг бус уу? Тэгсэн хэрнээ яагаад Миягино оякатаг хамгаалах гэсэнгүй вэ? Та нар юу гэж бодож байна? Хачин юм шиг санагдахгүй байна уу? Энэ бол аймшигтай явдал. Итгэмээргүй явдал. Хэнээс ч илүү сүмог судалж, хэнээс ч илүү амжилтад хүрсэн хүнийг, Сүмогийн Холбоог өнгө оруулж явсан хүнийг халчихлаа. Инээдтэй байгаа биз” хэмээн Точиношин өгүүлжээ.


URL: