Залилан хийсэн Малайз, Сингапурын иргэдэд 10 жилийн ял оноов

b13bf04dcbb3ea7c78d5db180bd38657_LХуурамч 49 ширхэг төлбөрийн картаар ашиглан залилан хийсэн Малайз, Сингапурын иргэдийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 10 гаран жилийн ял оноов.

 Малайз улсын иргэн Тэ Ю Лин, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нар нь өөрсдийн нэр бүхий олон улсад ашигладаг Master, Visa төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдэн Монгол Улсад оруулж ирж, 2012 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд  нийт 133 сая 64.678 төгрөгийн барааг хуурч мэхлэх аргаар худалдан авсан гэмт хэрэг үйлджээ. Энэ гэмт хэрэгт Тэ Ю Лин нь худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, авсан бараа бүтээгдэхүүнийг хадгалах, хураан авах зэргээр оролцсон байна. Харин үлдсэн гэмт этгээдүүд нь 49 ширхэг хуурамч картаар ХХБ, Голомт, ХААН банкаар дамжуулан гүйлгээ хийж, “Централ тауэр” худалдааны төвд байрлах “Hugo boss”, “Burberry” дэлгүүр болон “Скайтел” ХХК,  “Скай”, “Наран”, “Номин” компанийн зарим салбар дэлгүүрээс гар утас, цүнх, хувцас зэргийг худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд 43 сая 668490, Голомт банкинд 83 сая 198.228, ХААН банкинд 6 сая 197 960 төгрөгийн хохирол тус тус учруулсан болохыг тогтоожээ.

Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Тэ Ю Линд 10 жил 2 сар, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нарт 10 жил 1 сарын хорих ял оноож, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нийслэлийн шүүх уг хэргийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Б.Туул

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих