Орон сууцны үнэ буурч байна

8547821e89d8127fbigЗасгийн газраас ипотекийн зээлийн ерөнхий журмыг батлаад хэдхэн хонож буй. Харин нарийвчилсан журмыг нь Монголбанкныхан энэ долоо хоногт батлах талаар хэлж байна.

Үүнтэй уялдаад орон сууцны метр квадратын үнэд нэлээд эерэг дүр зураг ажиглагдаж эхлэв бололтой.

Тодруулбал барилгын үнэ өмнөх сарынхаас бараг 1,3 хувиар буурсан гэнэ. “Master properties consulting” хэмээх судалгааны байгууллагаас Улаанбаатар хотод шинээр барьж байгаа болон ашиглалтад орсон орон сууцны барилгуудтай холбоотойгоор судалгаа хийжээ.

Уг судалгаагаар нийслэлд одоогийн байдлаар 215 орон сууцны төсөл хэрэгжиж байгаа аж. Харин эдгээр төслийн 42 хувь нь бүрэн ашиглалтад орсон бол 21 хувь нь хоёрдугаар улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн аж.

Тэгвэл байрны үнийн ерөнхий хандлага нь өмнөх сарынхаас ямар төвшинд байв гэдэг нь анхаарал татаж байна. Тодруулбал талбайн метр квадратын дундаж үнэ нь нэг сая 90 мянган төгрөг байгаа нь өмнөх сарынхаас даруй 1,3 хувиар буурсан үзүүлэлт байна.

Ямартай ч энэ судалгааны хариу орон сууцны үнийг бага ч атугай буурсан гэх эерэг мэдээлэл дуулгалаа. Гэхдээ цаг үргэлж нэмэгдэж байдаг байрны үнэ, ханш яагаад ингэж буурав, юунаас болов гэдэг нь сонирхолтой юм. Мэдээж хэрэг төрлөөр нь авч үзвэл тансаг, дундаж зэрэглэлийн мөн бүрэн цутгамал, блокон, тоосгон зэрэг материал, хийцээс нь хамаарч орон сууцны байруудын үнэ өөр, өөр. Шинээр барьж буй болон ашиглалтад орсон байруудын үнэ буурсан нь иргэдийн хүлээлт, нийлүүлэлт зэргээс зайлшгүй үүдэлтэй болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл жилийн (+-1) найман хувийн хүүтэй зээлийг хүлээсэн иргэд журам нь батлагдаж, санхүүжилтын эх үүсвэрийг нь нээх хүртэл байр авахаасаа татгалзчихсан дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагчид онцолж байна. Иргэд ийн хүлээлтийн байдалд шилжчихсэн болохоор худалдан авагч нь багассан барилгын компаниуд үнээ бууруулахаас өөр аргагүй болж таарна.

Нөгөөтэйгүүр эзнээ олоогүй, ашиглалтад ороод бүтэн жил болчихсон барилгууд үнэ буурахад нөлөөлж буйг барилгын компаниудаас зээлтэй холбоотой тайлбар авч байхад хэлж байв.

Түүнчлэн эдийн засгийн ойлголтоор бол нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихсан олон барилга тал талд сүндэрлэж байгаа нь үнэ буурахад бас нэг том нөлөө үзүүлж буй юм.

“Байранд амьдарчих юмсан” гэх бодол нийслэлд буй гэр хорооллын 185 мянган өрхийн ихэнхид нь төрж байгаа. Даанч тэдний санаа нь байвч сачий нь хүрдэггүй болохоор өмхий жорлон, өмхөрсөн модон хашаан дотроо амьдарч байгаа нь үнэн. Мөн айлын хажуу өрөө түрээсэлж арайхийн олсон хэдэн төгрөгөө хэн нэгэнд зүв зүгээр өгч байхын оронд зээлээр ч гэсэн байртай болохыг хүссэн иргэд олон бий.

Харамсалтай нь бараг эдийн засгийн тооцоо, үндэслэлээ ч хүртэл тааруухан хийдэг барилгын компаниуд ард түмнийхээ өрхийн орлоготой уялдуулахгүйгээр үнэ нэмдгийг хэлэх хэрэгтэй. Нэг талаараа барилгын метр квадратын үнийг өсгөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь газрын наймаа, эрх мэдэлтнүүдийн хүнд суртал, авлига бас шийдэгдээгүй дэд бүтцийн асуудал гэдэг юм билээ.

Түүнчлэн барилгын инженерүүдтэй холбогдож салбарын асуудлаар сэтгэгдлийг нь сонсож байхад компаниуд барьсан барилгынхаа 50 хувийн ашгийг багасгавал үнэ буурч дундаж барилгын талбайн үнэ 1,1 сая төгрөгт ч хүрч болохыг хэлж байлаа.

Ямартай ч үнэ буурч байгаа нь сайхан мэдээлэл. Харин цаашид төрөөс өчнөөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчихаад барилгын компаниуд ширэн нүүрлэж үнээ нэмэх вий гэсэн айдас нийгэмд бас байгааг дурьдая. Гэхдээ энэ жил 19-25 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэсэн тооцоо бий. Үүний худалдан авагч нь төдийлөн бүрэн, гүйцэд тодроогүй байгаа. Харин барилгын импортын бараа материалыг саадгүй нэвтрүүлэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх мөн дотоодын барилгын материал үйлдвэрлэгчид, шинэ барилгын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх үүднээс төв банкнаас олгож буй зээл ч үнийг “хазаарлах” боломж байж болох юм.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих